П.АМГАЛАН

УБТЗ-аар дамжуулан Европын зах зээлд хятадын барааг гаргах Улаанцавын төмөр замын логистикийн төвтэй танилцлаа. БНХАУ-ын төрийн бодлогоор 2016 оноос эхлэн зэрэглэлээ нэмэгдүүлж, 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанцавын Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв болон өргөжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй га талбайд тус логистикийн төв ажиллаж байна. Энд төмөр замын ачаа тээвэр, авто замын ачаа тээврийг нэгтгэж, мөн үйлдвэрлэлийн бүс байгуулан цогцоор нь ажиллаж байгаа аж. Тус төмөр замын логистикийн төвд ӨМӨЗО-ны хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах, мөн орос, европоос оруулж ирэх уул уурхай, мод зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан хятадын дотоод зах зээлд нийлүүлэх тээвэрлэлт, үйлдвэрлэлийн цогцолбор юм. Хятад-Европын төмөр замын тээвэрлэлтийн хүрээнд жилд 1086 удаагийн галт тэрэгний цувааг гаргадаг байна. Хүнс, тоног төхөөрөмж, авто машин зэргийг төмөр замаар голлон тээвэрлэдэг. Тухайлбал,биднийг очиход ӨМӨЗО-ны Баяннуурт ургуулж хураасан наранцэцэгийн хар самрыг европын зах зээлд гаргахаар ачиж байв. Энэ талаар тус төвийн эдийн засгийн хөгжил хариуцсан Жон Дун Ён " Хойд бүс нутаг болон Бээжингийн тойргийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европт гаргах, Таньжин усан боомтын ачаа тээврийг хойд бүс нутаг болон Монгол, Орос руу тээвэрлэх гол цэг болж байна. Энэ төв нь Хятадын барааг экспортлох, мөн зарим улсын бүтээгдэхүүнийг импортлодог. Манай энд зарим аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг савлах, багцлах зэрэг үйлдвэрлэлийн ажил явагддаг. Тухайлбал манай логистикийн төвөөр дамжуулан 30 мянган тонн самрын үрийг Европ руу гаргаж байна"гэлээ. Тус парк нь “Боомтын гаалийн баталгаат үйлчилгээ, орчин үеийн логистик, олон улсын худалдаа, боловсруулалт, үйлдвэрлэлийг хослуулсан ажиллаж 2024 оны байдлаар тус паркт 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт үйлдвэрлэлийн өртөг нь 2.51 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тэдгээрийн дотор аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өртөг 2.28 тэрбум юань буюу өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн бөгөөд тогтоосон хэмжээнээс дээш аж ахуйн нэгжүүдийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг 2.1 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Мөн тээвэрлэлт, агуулахын орлого 220 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн байна. Нийт татварын орлого 44.54 сая юаньд хүрчээ. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Монгол улстай хамтран Европт гаргах ачаа тээврийг нэмэгдүүлэх бодлого барьж цувааны хүлээгдлийг бууруулах дээр талууд ажиллах шаардлагатай байгаа. Учир нь Европ руу явж буй Казхастанаар явдаг төмөр замын тээврээс 2800км товч зам нь Улаанцав-Эрээн-Монгол-Оросоор дамжин 30 гаруй хотоор өнгөрч европт хүрдэг төмөр зам аж.