-Таныг улс төрд “Ерөнхийлөгчийн хүн” гэдэг. Энэ бол та одоогоос 30 шахам жилийн өмнө намын дэргэдэх залуучуудын байгууллагад элсэн орсноос эхтэй, урт түүх яригдаж таарна. МАСЗХ бэхжиж хүчирхэгжсэн, намын шинэчлэлд идэвхийлэн оролцсон тэр 2000-аад он бол жишээ нь Таны л гэхэд залуу нас, улс төрийн дээд лигт үе солигдоход 30 эргэм настнууд өөрийгөө бэлдэж байсан он жилүүд шүү дээ?. Энэ  бол Гадаад хэргийн сайдаас сэтгүүлч Б.Энхцэцэгийн асуусан асуулт. Хариулт нь энд байна.

Б.Батцэцэг: 

-Манай улс төрд хүнийг заавал хэн нэгнийх болгох гэдэг хялбаршуулсан зуршил бий. Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, тэр даргын хүн гэх нь улс төрийн хүрээнд хэн нэгнийг дөвийлгөх, эсвэл “үнэгүйдүүлэх” нэрийтгэл. Хүний улс төрийн замнал, төлөвшил, үзэл баримтлал, дотоод итгэл үнэмшлийг ийм ганц үгээр тодорхойлох боломжгүй. Миний хувьд намын дэргэдэх залуучуудын байгууллагаас эхлэн улс төрд хөл тавьсан. Тэр үе өнөөдрийн залууст бараг өөр ертөнц шиг санагдах байх. 2000-аад он бол нэг талаас шинэхэн ардчиллын халуун илч төөнөсөн үе, нөгөө талаас нийгмийн өөрчлөлт, улс төрийн жинхэнэ өрсөлдөөн, намын шинэчлэл, үе солигдох зэрэг олон үйл явц өрнөсөн идэвхтэй үе юм.

   МАСЗХ тухайн үед залуучууд цуглаад хийсвэр онол, хоосон уриа хэлдэг орчин байсан юм биш. Улс төр ахимаг настнуудын дархлагдсан талбар байхаа больж, улс орныг ирээдүйд хөтлөх шинэ үе өөрсдийгөө бэлдэх ёстой гэсэн ухамсар тэнд хүчтэй бүрэлдэж байлаа. Үнэхээр л 2000-аад оны 20-30 настнууд автоматаар албан тушаалд очно гэж мөрөөдөхөөсөө нийгэм, улс төрд байр сууриа олж, үзэл санаа, дуу хоолойгоо хүргэхэд бэлдэж байсан үе. Тэр цагийн нэг сайхан чанар нь улс төрийг одоогийнхоос арай романтик, хавьгүй өндөр босготойгоор төсөөлдөг байсан. Нам дотор яриа өрнөнө. Маргаан болно. Үе солигдох тухай ярилцана. Улс төрд шинэ залуус, шинэ өнгө хэрэгтэй гэж итгэнэ. Тэр итгэл зарим талаар гэнэн ч байсан. Гэнэн байлаа гээд муу байсан гэж би боддоггүй. Харин ч улс төрийг наймаа, тооцоо, бүлэглэлийн хуйвалдаан бус өөрчлөлт шинэчлэл, хийж бүтээх ирээдүйтэй холбож хардаг, зүтгэдэг, өөрийгөө бэлддэг байсан нь тэр үеийнхний давуу тал. Улс төрийг хувь хүний карьер биш, үе үеэрээ үүрч залгамжилдаг төрийн хариуцлагатай ачаа гэж ойлгож эхэлсэн цаг үе байсан. Тийм ч учраас цаг нь ирэхэд дуудагдах нэгэн үеийнхэн сэтгэл санаа, сахилга бат, үзэл бодлоороо бэлтгэгдэж байсан үе гэж хардаг. Мэдээж дэргэдээс сургаж нөлөөлсөн хүмүүс, туршлагатай ахмад үе, манлайлал үзүүлж, бусдыгаа үлгэрлэсэн залуу улстөрчид ч байсан. Тэдний тоонд өнөөгийн Ерөнхийлөгч зүй ёсоор багтана. Тэднээс суралцсан зүйл их бий. Улс төрийн урт замд хүн хэн нэгний дэргэд явсан байж болно, суралцсан байж болно, хэн нэгэнтэй үеийнх байж болно. Зориг, хатуужил, алсыг харах чадвар сурна. Гэтэл зарим хүнээс харин эсрэгээрээ юу хийж болохгүй вэ гэдгийг ч сурна. Улс төрд хүнийг зөвхөн бахархаж дагах хүмүүс төдийгүй, болгоомжилмоор, жигшмээр хүмүүс ч бас төлөвшүүлдэг шүү дээ” гэж хариулсан байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйг:Duuren.Life - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг