Сэтгүүлч Б.Энхцэцэг “Таны зогссон жигүүр ялах болов уу?” гэсэн асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараахь хариултыг өгчээ. Тэрээр “Төрд итгэх итгэлийг сэргээхгүйгээр ямар ч ялалт жинхэнэ ялалт биш. Намын дотоод өрсөлдөөнд хэн нэг нь дийлж болно, ялагдаж болно. Харин энэ бүхний дараа ард түмний дунд төрийн нэр хүнд, итгэл өссөн үү, буурсан уу гэдэг л эцсийн шалгуур. Улстөрч хүний хувьд би аливаа зөрчлийг энэ л хэмжүүрээр хардаг. Намын эрх ашиг түр зуурынх байж болох ч төрийн нэр хүнд харин урт настай байх ёстой. Улс орны хувь заяа мэдээж түүнээс ч урт. Ийм учраас өнөөдөр нам дотор бий болсон үзэгдлийг би юу юугүй сүйрэл гэж харахгүй байгаа юм. Монголын улс төр өөрийгөө ёс суртахууны хувьд дахин тодорхойлох мөч гэж харж байна. Хэрэв бид энэ сорилтыг давж чадвал нам ч цэвэршинэ, төр ч бэхжинэ, ард түмний итгэл ч сэргэнэ. Харин буруу эргэвэл нэг нам биш, Монголын төр, монголчууд хохирно.
Энэ ялдамд сонирхуулахад, би Монгол Улсын ирээдүйн хувь заяаг өөрийн өнцгөөс илэрхийлсэн ном бичиж байгаа. “Монголын зүг” гэдэг нэртэй. Монгол төрийн суурь, ёс зүй, аюулгүй байдал, хөгжлийн үзэл баримтлалын талаар гэх үү дээ. Манай нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа олон зүйл зөвхөн бодлогын алдаа биш, хамтын ухамсар, хамтын хариуцлага, хамтын ёс суртахууны асуудал юм байна гэдгийг тодруулахыг зорьж байгаа юм. Өнөөдрийн нөхцөл байдал нэг талаас сэтгэл зовмоор, нөгөө талаас боломж болгож ашигламаар үе. Санаа зовох учир нь итгэл маш эмзэг нарийн эд. Амархан алдагддаг, удаан сэргэдэг. Боломж нь гэвэл чухам ийм л үе улс төрөөс, улстөрчөөс жинхэнэ мөн чанар, үнэнийг нэхдэг, нээж харуулдаг. Хэн нь эрх мэдлийг хувийнхаа ашиг сонирхолтой хольж, андуурч байна, хэн нь албан тушаалыг үүрэг хариуцлага гэж ойлгож байна, хэн нь намыг улс орноос дээгүүр тавьж, хэн нь улсаа намынхаа дээр харж байна гэдгийг ийм үе ил гаргаж өгдөг” гэж хариулсан байна.
Ярилцлагын дэлгэрэнгүйг:Duuren.Life - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг