П.АМГАЛАН
Эрээн хотын "Хао Ган" ногоо, жимс гурил будаа хүнсний тосны импорт, экспортын паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус агуулахаас Монгол руу өдөр бүр нэг нь 25 тонн даацтай 30 орчим авто машинаар жимс ногоог тээвэрлэн 24 цаг дотор Улаанбаатар хотод хүргэдэг байна. Жимс ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүнийг Монголын стандартад нийцүүлэн боловсруулж, савладаг гэдгийг Эрээн хотын "Хао Ган" жимс ногооны агуулахын дэд захирал Жон Юй Чэн хэлж байлаа. Тус парк нь 2007 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд хүнсний ногоо экспортлох, бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт /хөлдөөсөн жимс ногооны үйлдвэрлэл, жимс ногооны хатаамал, хөлдөөж, хатаах үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт/, амуу будаа, хүнсний тосны импорт экспорт, логистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж. Паркийн нийт талбай нь 80 мянган м.кв бөгөөд 25.мянган м.кв талбайтай тогтмол температур бүхий 13 агуулахтай байна. Мөн 10 мянган м.кв талбай бүхий хяналт шалгалтын талбай, 3700 м.кв талбай бүхий хамтарсан шалгалтын нэгдсэн албаны байранд үйл ажиллагаа явуулж байна. Мөн паркийн дотор болон гадна орчин 24 цагийн цахим хяналтын камерын системтэй, мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс ногооны аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангадаг байна. Жимс, ногоон Хятадын бүх муж хотуудаас авчирсан. Мөн жимс ногоог үйлдвэрлэснээс хойш хоёр жилийн хугацаанд хадгалах боломжтой байна. Манай улс руу хэрчсэн нарийн сонгино болон тоор, гүзээлзгэний компотны нийлүүлэлт өндөр байдаг аж. Жолооч Т.Гүнжаргалын хувьд найм дахь жилдээ тээвэрт явж байгаа гэлээ. Тэрээр "Эрээнээс гараад Улаанбаатар хүртэл 10 цаг явдаг. Энд хятадын гааль шалгалтаа явуулж, Монголын хил дээр гаальд шалгуулаад шууд Улаанбаатарт ачаагаа хүргэдэг. Эрээн хотын Хао Ган жимс ногооны агуулах нь цэвэрхэн, стандарт нормтой учраас жимс, ногооны чанар бол маш сайн байдаг. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачиж тээвэрлэдэг"гэсэн юм.
Эх суралж: zms.mn