Р.Оюун

Монголын иогчдын холбооноос жилд нэг удаа зохион байгуулдаг "Монголын иогийн фестиваль" зургаа дахь удаагаа энэ сарын 16, 17-нд болох гэж байна. Энэ наадам нь дотоод амар амгалан, бие сэтгэлийн тэнцвэрийг дэмжих, амьдралын зөв дадал олгох зорилготой олон улсын арга хэмжээ аж. Хоёр өдрийн турш Монголын болон гадаадын шилдэг багш нар 30 гаруй төрлийн иог, бясалгалын хичээл заана. Монголын иогчдын холбооны хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн Auysh яамны зочин багш Вивек Кумар, орчин үеийн Аштанга иогийн нэрт багш К.Патхаби Жойсийн дэг сургалтаар түүний охин Сарасвати Жойс, түүний зээ хүү Шарат Жойс нараар заалгаж суралцсан олон улсад сургалт явуулсан туршлагатай Англи улсын иргэн Марк Флинт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа, гавж Д.Нямсамбуу, хүний гавьяат эмч Г.Одонцэцэг, клиникийн профессор, сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар гэсэн туршлагатай багш нар урилгаар оролцоно. Мөн Монголын иогийн шилдэг багш нар оролцож иог сонирхогчид төдийгүй бие сэтгэлийн эрүүл мэндийг эрхэмлэгчдэд уламжлалт болон шинэ урсгалын олон төрлийн иог бясалгалын хичээлийг хүргэх юм байна.  

Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогтойгоор иогийн наадмыг зохион байгуулдаг. Монголын иогийн наадамд Монголын биет бус соёлын өв болох бий биелгээг иогтой хослуулсан шинэ сонирхолтой хичээл болон уламжлал болсон морин хуурын аялгуунд нарны мөргөл дасгал, бясалгалыг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэдэг уламжлалтай. Энэ жил Чойжин ламын музейн гадна талбайд энэ сарын 16-нд 07:00-08:00 цагийн хооронд олон түмэнд үнэ төлбөргүй хүргэх ажээ. Наадмын үеэр иог бясалгал, эрүүл мэндтэй холбоотой ном, бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ ажиллана. 

Эх сурвалж www.zms.mn