П.АМГАЛАН
Өнгөрсөн цаг хугацаагаар аялуулах мэт орчин угтсан нь Эрээн хотын музей байв. Үүдээр нь ороход л хэдэн арван сая жилийн өмнөх дэлхий ертөнц гайхамшгийг харах мэт сонирхолтой байлаа. Эрээн хот нь үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ дэлхийд алдартай. Эрээн хотын оршин тогтсон түүх нь 65 сая жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд өвс ургамал элбэг, дулаан уур амьсгалтай учраас үлэг гүрвэл амьдрахад нэн таатай орчин бүрэлдсэн байсан аж.
Эрээн хот нь үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг бүтнээр нь хадгалж үлдсэн цөөн газрын нэг гэдгээрээ онцлогтой. Тус музейд Эрээн хотын нутгаас олдсон олон төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдвор, яс, өндөг хадгалагдаж байв. Мөн тус музейн барилга нь 33 метр өндөр бөгөөд тухайн үеийн үлэг гүрвэлийн амьдарч буй орчинг бүрдүүлэхийг зорьсон аж.
Музейн хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг нь 11 метр өндөр, 11 тонн жинтэй аварга үлэг гүрвэлийн чулуужмал байв.Одоогоор 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн чулуужмал энэ нутгаас олдсон бөгөөд хотын эргэн тойронд одоо ч бүрэн судлагдаагүй олдворууд байгааг гэдгийг тус музейн тайлбарлагч Янян хэлж байлаа. Тэрээр "Эрээн хотыг үлэг гүрвэл бий болсон, мөн устаж үгүй болсон газрын нэг гэж хэлж болно. Үлэг гүрвэл устаж үгүй болсон нь уур амьсгалын өөрчлөлт болон өвс ургамал ховордсонтой холбоотой” гэлээ.
Мөн тус музейд Хятадад гурван газар хадгалагддаг түүхийн үнэт ховор олдвор болох цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн чулуужмал ч байв.
Түүнчлэн байгалийн төрөл бүрийн ховор чулуунуудыг байгалиас олдсон хэвээр нь хадгалж байгаа гэсэн юм.





