Т.САЙХАН
Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжуудыг бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Иймээс технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 8-40 насны 659 тамирчин таван ангилалд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

“DRONECON 2026” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар ИНЕГ, БХЯ,ЗХЖШ ажиллав.
“DRONECON 2026” тэмцээний Дрон хөлбөмбөг (Drone Soccer) 41 баг өрсөлдөж, шилдэг 11 баг шалгарлаа. НОБГ-1, НОБГ-2, ХХЕГ-1 ОЧ, Дархан-Уул-2, ХХЕГ-2, ЗХЖШ-1, NEMA 3, ЗХЖШ-3, ТЕГ-1, Poenex-1 багууд шалгарлаа. Сонирхогчийн дроны уралдаан (Commercial Drone Racing) төрөлд нийт 155 тамирчин өрсөлдсөнөөс шилдэг 20 тамирчин шалгарлаа. ЗХЖШ-8, ТЕГ-2, ХХЕГ-6, ОБЕГ-2, Дархан-Уул аймаг Хурдан Клуб-1, ҮБХИС-1 тамирчид шалгарсан.
“DRONECON 2026” тэмцээний ерөнхий ангилал (” Open Class)-д нийт 84 тамирчин хурд, ур чадвар, нарийвчлалаараа өрсөлдсөнөөс дараагийн шатанд шилдэг 16 тамирчин шалгарлаа. Б.Нүүдэл, Х.Отгон, А.Амин-Эрдэнэ, О.Эрдэмтулга, С.Очирсүм, Б.Алтантүрүү, А.Дөлгөөн, Ш.Золбоо, Т.Түвшинбаяр, С.Улсболд, И.Наранбаатар, Т.Төрмөнх, Р.Дашдаваа, Н.Сондор, Ц.Хас-Очир, Н.Мишээл нарын тамирчид шилдэг болов.
Жижиг дрон (Tiny Whoop) төрөлд нийт 144 тамирчин хурд, ур чадвар, нарийвчлалаараа өрсөлдсөнөөс дараагийн шатанд өрсөлдөх шилдэг 16 шалгарлаа. О.Эрдэмтулга, А.Баянмөнх, С.Улсболд, Э.Цэцэнзаяа, Т.Эрболд, Ш.Энхзолбоо, С.Очирсүм, Н.Сондор, Т.Түвшинбаяр, Т.Төрмөнх, М.Эрдэмсүрэн, Р.Дашдаваа, Ц.Хас-Очир, О.Амин-Эрдэнэ, Б.Төрмөнх, А.Очир-Эрдэнэ нар шалгарлаа. Энэ жилийн тэмцээнд Дрон кодчилол, Хиймэл оюун ухааны ангилал нэмэгдсэн нь залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновац, цахим ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Үүний зэрэгцээ ирээдүйн инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, “DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ болж байна. Манай улс тавдугаар сарын 30, 31-нд Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээнийг анх удаа зохион байгуулах бөгөөд энэ үеэр DRONE, AIR SHOW зэрэг арга хэмжээ болох юм.
ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр: 10 гаруй орны тамирчин оролцох мэдүүлгээ ирүүлсэн
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “DroneCon 2026” олон улсын тэмцээн 2026 оны тавдугаар сарын 30-31-ний өдөр Монгол Улсад болно. Тус тэмцээнд дэлхийн 10 гаруй орны 70 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Тэмцээний хүрээнд дроны салбарын олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсад дроны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, олон улсын үйлдвэрлэгчид, технологийн компаниуд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ шийдлүүдээ танилцуулна. Мөн энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчин-ий Нисэх хүчний 101 жилийн ойд зориулсан Air Show арга хэмжээ давхар зохион байгуулагдахаар төлөвлөж байна. Энэхүү тэмцээн Монгол Улсад олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй нь дроны салбарын хөгжилд шинэ шат нээж, цаашид дроны хэрэглээ, технологи, тэр дундаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох суурь нөхцөл бүрдүүлж байна гэж үзэж болно.
Монголын Дрон нисгэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга И.Наранбаатар: Олон улсын дроны спортын гайхамшигт өрсөлдөөнийг үзэхийг урьж байна
-Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй нь дроны спорт сонирхдог хүүхэд, залуус болон иргэдэд тэмцээнийг ойроос үзэх боломж олгож байгаа нь энэ спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой байна. Мөн тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд олон улсын чанартай тэмцээнийг Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү тэмцээнээр гаднын баг, тамирчдаас туршлага судлах, өөрсдийн ур чадвар, бэлтгэлийн түвшин олон улсын хэмжээнд үнэлүүлэх чухал боломж бүрдэх юм. Иймд үзэгчид та бүхнийг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд хүрэлцэн ирж, олон улсын дроны спортын гайхамшигт өрсөлдөөнийг үзэхийг урьж байна.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, доктор, хурандаа Б.Энхзоргол: -Тэмцээний хамгийн том онцлог нь анх удаа олон улсын түвшинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах олон улсын тэмцээн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа нь төр засгийн түвшинд энэ салбарыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйн илрэл юм. Энэ бол Монгол Улс технологи, инноваци, дроны спортоороо олон улсад байр сууриа илэрхийлж буй том алхам. . Дэлхийн туршлагаас харахад технологийн салбарыг богино хугацаанд хурдацтай хөгжүүлэх хамгийн үр дүнтэй механизмын нэг нь өрсөлдөөнт тэмцээн, инновацын орчин байдаг. Тэмцээн нь авьяас чадварыг нээж, мэдлэгийг бодит хэрэглээтэй холбож, шинэ санааг бүтээгдэхүүн болгох хүчтэй хөшүүрэг болдог. Ийм төрлийн тэмцээнүүд тогтмол, өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсанаар манай улсад хэд хэдэн бодит үр дүн гарна. Үүнд шинэ үеийн инженерүүд, зохион бүтээгчид олноор төрнө, программ хангамж, хиймэл оюун ухааны хөгжүүлэгчид нэмэгдэнэ, дотоодын угсралт, үйлдвэрлэл, засвар үйлчилгээний суурь бий болно, судалгаа, туршилт, инновацийн соёл төлөвшинө, гарааны бизнес, технологийн стартапууд нэмэгдэнэ, олон улсын түвшинд өрсөлдөх тамирчид, багууд бэлтгэгдэнэ, их сургууль, хувийн хэвшил, төрийн байгууллагын хамтын ажиллагаа өргөжинө гэх мэт бодит үр дүн гарах юм.




ДРОНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮХ
1849 он Австрийн арми агаарын бөмбөлгөөр Венец хот руу довтолсон нь “алсаас удирдах технологи”-ийн эхлэл болов.
1930–1940 он “Drone” гэх нэршил Их Британид үүсэж, АНУ-д Radioplane OQ-2 загварыг сургалтын зориулалтаар ашиглаж эхэлжээ.
1947–1991 он Хүйтэн дайн Дронууд тагнуул, тандалт, цэргийн ажиллагаанд ашиглаж эхлэв.
1990-ээд он- MQ-1 Predator хөгжсөнөөр бодит цагийн дүрстэй мэдээлэл дамжуулах шинэ үе эхэлсэн.
2000 оноос хойш -Дронууд зураг авалт, хөдөө аж ахуй, хяналт, тандалт зэрэг өргөн хэрэглээнд нэвтрэв.
2010 оноос хойш -Хөлийн зайны мэдрэгч, хиймэл оюун ухааны технологид суурилсан ухаалаг дронууд өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn