Д.БАЯР
Монгол Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Францад суралцаж байсан монголчуудын тухай үзэсгэлэн 2025 онд гарч байсан. Энэ жил монгол сурагч, оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойтой холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос санаачлан төрийн бусад байгууллага, судлаачидтай хамтран "Алс газар сурахаар одогсод: 100" үзэсгэлэнг өнгөрсөн сард "Монголын үндэсний музей"-д гаргасан. Үзэсгэлэнгийн үеэр өрнө дахинд анх суралцсан хүмүүсийн үр сад уулзан өвөг дээдсийнхээ дурсамжийг хуваалцаж, дурсгалын зураг авахуулсан.
1926-1930 оны хооронд Франц улсын Парис хотын Michelet de Vanves лицей сургуульд суралцаж байсан анхны дөрвөн монгол сурагчийн нэг Т.Аюурзанын (1910-1972) зээ хүү Э.Амарыг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа урьж ярилцлаа.
-Таны өвөөгийн тухай энд хүмүүсийн ярих нь домог шиг л сонсогдох юм. Та өвөөгийнхөө намтрыг товч танилцуулна уу?
-Миний өвөө Түндэвийн Аюурзана 1910 оны хоёрдугаар сард Наймаа хотод төрсөн. Аав Түндэв нь 1875 онд Амгаланбаатар хотод төрсөн, 1930 оны хавар хүүгээ Францаас ирэхээс өмнө нас барсан. Ээж нь Буяндэлгэр нь Жанжин клубыг байгуулахад оролцож байсан шударга хөгжим тоглодог, алдарт хөгжимчин Б.Дашдэлэг гуайн багш нь байсан гэдэг юм.
Миний өвөө Түндэвийн Аюурзана төдийгүй ах Т.Дамдинсүрэн, дүү Т.Хандсүрэн, Т.Шагдарсүрэн нар ХХ зууны Монгол Улсын сайн сайхны төлөө зүтгэж, алдар нэрээ цуурайтуулсан гэр бүлийнхэн байснаар нь үр ач болсон бид бахархдаг.
Аюурзана өвөө маань 1918 онд Наймаа хотод байгуулагдсан анхны бага сургуульд орсон. Тухай үед язгууртнуудын хүүхдүүдэд зориулсан сургуулийг Богд хааны зарлигаар байгуулсан гэдэг. Өвөөгийн өөрийн бичсэн намтраас үзвэл 1921-1923 Улаанбаатарын дунд сургуульд буюу одоогийн нийслэлийн III сургуульд суралцсан боловч төгсөлгүй тэндээсээ 1923 онд байгуулагдсан анхны дунд сургууль уруу шилжсэн гэсэн байдаг. Шилжсэн шалтгаан нь шинэ тутам байгуулагдсан сургууль хүүхэд цөөтэй байсантай холбоотой байсан гэдэг. Гэвч тэр сургуулиа төгсөөгүй, нэг жилийн дараа 14 настайдаа гадаадад суралцахаар явсан.
-Ямар сургуульд?
-Ардын хувьсгал ялаад удаагүй, анхны бага сургуулиуд байгуулагдахад багш хэрэгтэй болсон. Багш бэлтгэх зорилгоор Улаан-Үдийн техникумд 1924 онд анх таван хүүхэд явуулж сургасан байдаг. Ийшээ явах хүүхдүүдийг түүний сурч байсан сургуулиас сонгосны нэг нь Т.Аюурзана байсан. Анхны таван сурагчтай хамт Б.Ринчен, Ардын багш Батсүх нарын сурагчид нэмэгдсэн байдаг. Ээж нь хүүхдүүдийг Орост явуулж сургах гэж байгааг дуулсан. Бас хүүхдээ явуулах дургүй байсан. Энэ тухай багшид нь хэлнэ гэж ярихыг өвөө сэм сонсоод түрүүлж багштайгаа уулзаж, би заавал явна шүү гэж гуйсан гэдэг. Ингэснээр ээжийг нь очиход учрыг аль хэдийнээ мэдсэн багш нь ятгаж зөвшөөрүүлснээр арваадхан насандаа харь газар сурахаар явсан түүхтэй. Эндээс харахад өвөө маань багаасаа ном эрдэм сурах боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн байжээ.
Бичиг баримтууд болон боловсролын түүхтэй холбогдох зарим номд Багшийн техникумд таван жилийн хугацаатай суралцуулахаар явуулсан гэсэн байдаг. Харин Т.Аюурзана өвөө хоёр жил суралцаад тэндээсээ шууд өрнө дахиныг зорьсон.
Т.Аюурзана өвөө, Ц.Цэрэнжид эмээ маань Оюун, Юра, Ариунболд, Эрдэнэчимэг, Түмэнбаяр, Оюунчимэг гэсэн 6 хүүхэдтэй билээ. Дээрх зураг 1950-иад оны үед.
-Улаан-Үдээс шууд цаашаагаа явсан гэсэн үг үү?
-Герман улсад суралцах хүүхдүүд багш нарын хамт Хүрээнээс гарч, Улаан-Үдэд 1926 оны дөрөвдүгээр сард очиход Аюурзана өвөө маань Д.Санжаа, Батсүх нарын хамт тэдэнтэй нийлж, цаашаа галт тэргээр явсан. Нийтээр мэдэх баримтуудаар гадаадад суралцахаар явсан анхны монгол сурагчдын олонх нь 1921-1923 онд хүрээний дунд сургуульд сурсан хүүхдүүд байсан. Тодруулбал, анхнаасаа бичиг үсэг суралцсан боловсролтой тэр хэсэг нь байсан гэсэн үг. Эдгээр хүүхдүүд Оросын Санкт-Петрбургээр дамжин усан онгоцоор Германд хүрсэн. Хүүхдүүд хэрхэн, яаж урт замыг туулсан тухай дурсамж, тэмдэглэл цөөнгүй байдаг.
-Яагаад зөвхөн дөрвөн сурагч Францад сургахаар сонгосон бэ гэдэг дээр баримт мэдээлэл байдаг уу?
-Германд хоёр сар хэлний бэлтгэлд суралцсан хүүхдүүдээс дөрвийг ямар шалгуур шаардлагаар сонгосон гэдгийг мэдэхгүй. Ямартай ч Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны долдугаар сараас Франц улсад суралцаж эхэлсэн. Тэднийг Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр Парис хотноо хүргэж өгсөн гэдэг баримт байдаг.
Өвөө намтартаа “1926 оны зургаадугаар сард Франц улсад хэсэг сурагчдыг явуулахад миний бие Францын Лицейд 1930 он хүртэл суралцаж байгаад эх нутагтаа буцаж ирсэн” гэж бичсэн байдаг. “Хүүхдүүдийг зуны амралтаараа Монголдоо ирээд амарч байгаад буцаагаад явуулна гэж хуураад авчирсан” гэж ээж маань хэлдэг байсан. Харамсалтай нь, хамт сурч байсан Уртнасан гуай залуудаа өвчний улмаас нас барсан, харин Намсрайг хилс хэргээр цаазлуулсан. Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн хоёр хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тэсч үлдэж, хожмоо нэг нь Төрийн шагналт, гавьяат зоотехникч болсон бол нөгөө нь газар зүй, эрдэс судлалын шинжлэх ухааны анхны доктор болсон. Хэлмэгдүүлэлтэд өртөөгүй бол өрнө дахинд сурсан тэр сайхан залуус улс орондоо хэрэгтэй тустай ямар их юм хийж бүтээх байсан бол гэхээр харамсал төрдөг.
-Т.Аюурзана гуайн “нэрийн хуудас” бол нарийн ноост “Орхон” хонь. Энэ бол түүний алс газраас тээж ирсэн санаа байсан гэж та түрүүн хэлж байсан?
-Тиймээ, Орхон хонь бий болгох анхны санаа 1927 онд Францад төрсөн юм билээ. Тэнд очоод жил гаруй болсны дараа францын зарим газраар экскурсээр явсан. Тэр үеэрээ мерино гэдэг хонийг анх хараад монгол хүүхдүүд уг хонины талаар сонирхож асуухад багш нь “Энэ хонины ноосоор та нарын өмсөж байгаа наад костюмыг чинь хийдэг юм” гэж тайлбарлаж өгчээ. Багшийн энэ тайлбар европ хувцас өмсөх туйлын дуртай байсан өвөөд маань гүн сэтгэгдэл үлдээж. Өвөө энэ тухайгаа миний ээжид “27 онд францад анх харсан мэрнуусан хоньтой болох юмсан, ноосоор нь костюм, хавар намрын пальто хийх юмсан гэсэн бодол төрж, мөрөөдөл минь болсон” гэж ярьсан байдаг.
Тэгээд 16 жилийн дараа 1943 онд хонь бий болгох ажлаа эхлүүлэх боломж гарсан. Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байхад дарга нь Францад хамт сурч байсан Дүгэрсүрэн гуай байжээ. Мал ба тариалангийн яамнаас ирсэн хүсэлтийн дагуу хонины үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр хийх ажлыг түүнд хариуцуулснаар 1927 онд Францад төрсөн санаагаа ажил хэрэг болгох боломж гарч ирсэн гэсэн үг.
Мах-ноосны чиглэлийн хагас нарийн ноост шинэ үүлдрийн хонь бий болгохын төлөө өвөө маань үндсэндээ ухамсарт амьдралаа тэр чигээр нь зориулж, хөдөлмөрлөсөн хүн. “Орхон” үүлдрийн хонь 1961 онд батлагдсан. “Орхон” хонийг бий болгоход судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаас малчин хүртэл 60 гаруй хүн байнга оролцсон байдаг. Энэ дундаас энэ ажлыг хамгийн олон жил буюу 16 жил хариуцаж ажилласан, үржлийн ажлыг удирдсан гэдэг утгаараа төрийн шагнал хүртсэн багт багтаж, гавьяат зоотехник цол тэмдгээр шагнуулсан.
1957 оноос монгол хонь шиг өөхөн сүүлтэй, тэгээд нарийн ноостой хонины үүлдэр бий болгохоор ажиллаж, цөм сүрэгтэй болоод явж байсан. Гэхдээ өөрөө ажлаа бүрэн дуусгаж чадаагүй 1972 онд нас барсан. Энэхүү “Жаргалант” үүлдрийн хонь 1991 онд батлагдсан байдаг. “Жаргалант” үүлдэр бол монгол хонь шиг өөхөн сүүлтэй, “Oрхон” хонь шиг нарийвтар ноостой. Товчхондоо бол сайн чанарын ноостой, бас Цагаан сараар ууц тавьж болдог гэсэн үг. Энэ үүлдрийн хонь одоо ямар байдалтай байна вэ гэдэгтэй хөөцөлдөөд сарын өмнө Төв аймгийн Жаргалант суманд очлоо. “Жаргалант” үүлдрийн хонь бүгд устсан байна. Нэг толгой эм хонь үлдэж. Сум орон нутаг ч анхаарал тавьсангүй, мал ах ахуйн хүрээлэн ч анхаарсангүй, бид ч бас хөөцөлдсөнгүй ийм байдалд хүрсэн байна.
-Анхлан гадаад улсад явж суралцсан монголчуудын тухай сонсож байхад тэд жинхэнэ утгаараа хүний нутгаас эрдэм өвөрлөж ирсэн улс байдаг. Маш олон шинэ зүйлийг сурч мэдэж эх орондоо нутагшуулсан. Т.Аюурзана гуайн тухайд...?
-Манай өвөө олон зүйлийн анхдагч байжээ. Францад суралцаж байхдаа боксоор хичээллэж, тэмцээнд оролцож байсан. Дурсгалын дэвтэрт түүний боксын тэмцээнд оролцож байгааг зурсан хөгжилтэй тайлбартай зураг байдаг. 2008 оны олимпоос боксоор алтан медаль авахад “Олимпын өвөө” гэгддэг Ш.Магван гуай “...анх 1920-оод онд Аюурзана гуай бокс тоглоод амжилт гаргаж байсан. 90 жилийн дараа Монгол хүн анх удаа Олимпоос алтан медаль авлаа” гэж зурагтаар ярихыг ээж бид хоёр үзээд уйлж байлаа.
Рэгби гэдэг спортоор хичээллэсэн анхны монгол тамирчин. Францад сурч байхдаа Францын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Зүгээр нэг сургуулийн тэмцээн биш гэхээр энэ спортоор амжилттай хичээллэж байсныг харуулна. Хамт сурч байсан франц найз нь “Амралтын өдрүүдээр рэгби тоглодог байснаа мартахгүй гэж найдаж байна” гэж бичсэн байдаг.
Парист гимнастикаар хичээллэж байсан баримт сүүлд гарч ирсэн. Энэ бол “1930 оны долоодугаар дугаар сарын 12-ны өдөр Michelet de Vanves лицейн Монголын сурагч Т.Аюурзана гимнастикийн төрлөөр “Гран-При” шагнал авсны дараа өдөр буюу долоодугаар сарын 13-нд Монгол руугаа буцсан” гэж тус лицей сургуулийн 1930 оны жилийн тайланд бичсэн байсныг 1996 онд Парис дахь Монголын элчин сайдын яамныхан, сэтгүүлч Ч.Болд нар анх мэдээлж байсан.
-Та манай өвөөд диплом байдаггүй гэж хэлж байсан?
-Өвөө маань найман настай байхад сургуульд ороод гуравдугаар сургууль руу, тэндээсээ нэгд очоод, тэндээ төгсөлгүй, Улаан-Үд явсан, улмаар Германд очоод, цаашаагаа францад сурахаар явсан. Төгсөөгүй байхад эргүүлээд татчихсан. 1931-1938 онд Ленинградад сурч байсан. Энд сурч малын тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр сурч байсан. Ерөнхий сайд Анандын Амарын санаачилга оролцоотойгоор Монголын анхны докторын зэрэгтэй судлаач бэлтгэхээр талаар оросын талтай тохиролцож, Зөвлөлтийн зүгээс зардлыг гарган 10 хүнийг аспирантурт суралцуулахаар болсон байдаг. Хэнийг явуулах вэ гэхээр өмнө нь гадаадад суралцаж байсан хүмүүс л байсан. Учир нь олонх нь Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байсан, нөгөө талаар боловсролтой гадаад хэл мэддэг гээд давуу талууд тэдэнд л байсан. Ингэж доктор болохоор суралцаад төгсөж чадаагүй. Улс орны улс төрийн нөхцөл байдлаас болоод эргэн татагдаж, ирээд байцаалтад ороод хэлмэгдүүлэлтэд өртсөн.
Өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйлээс болоод хожмоо “Аюур гуайд хүнд үзүүлэх юм байхгүй” гэдэг шалтаг гарч ирсэн байдаг. Хэрвээ Ленинградаас дуудагдаж ирээгүй бол доктор болох байсан. Тиймээс ээж намайг 1990 онд Японд суралцахаар явахад “Чи заавал доктор хамгаална шүү” гэж хэлж байсан.Тэр үед ч юун доктор вэ гэж бодож байсан ч, ээжийнхээ захиасыг биелүүлсэн.
-Танай ээж бол аавынхаа мэргэжлийг эзэмшсэн хөдөө салбарын эрдэмтэн хүн?
-Монголын анхны анхны зүрхний мэс заслын эмч Т.Шагдарсүрэн бол манай өвөөгийн дүү. Тэр үед хамгийн өндөр цалин авдаг байсан авга нь манай ээжид сар бүр 100 төгрөг өгдөг байсан гэдэг. Манай ээжийн гарын уртайг мэдээд мэс засалч болох боломжтой гэж харж байсан нь тэр.
Харин өвөө өөр бодолтой байсан. Охиноо агрономич бол гэж хэлдэг байж. “Хонины үүлдэр угсааг сайжруулаад шинэ үүлдэр гаргаж болж байна. Харин хонины тэжээлийг ургуулдаг хүн бол” гэж хэлдэг байсан. Миний ээж аавынхаа хэлснээр мэргэжлээ сонгосон.

-Т.Эрдэнэчимэг судлаачийн гол бүтээл, гол ажил юу вэ?
-1969 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. Дорнодод байсан хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны станцаас ажлын гараагаа эхэлсэнн. 1974 оноос Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд тэжээлийн ургамлын генефондыг хариуцаж ажиллаж байсан. 2003 он хүртэл ажиллахдаа 485 зүйлийн ургамал, ургамлын дээж судалсан байна. Өөрөө нас барахаасаа өмнө энэ тухайгаа ярьж байсан. Саяхан ээжийнхээ архиваас гараар бичсэн жагсаалтыг нь олсон.
Ээж маань “Хайрт аав Түндэвийн Аюурзана таны надад захиж үлдээснээр охин Эрдэнэчимэг би таны гаргасан “Орхон” үүлдрийн хонинд зориулж, “Мандал” сортыг бий болгов” гэж тодотгож бичсэн байдаг. Энэхүү “Мандал” сорт бол миний ээжийн гол бүтээл.
1974 онд тэжээлийн ургамлын генефондыг хариуцаж байх үед МАХН-ын төв хорооны нэг дарга Канад улсад явж ирээд үр авчирч өгсөн байдаг. “Канад Америкийн хөдөө аж ахуйг энэ ургамал л босгосон гэж байна, та нар судалж үзээрэй” гэж ээжид захьсан юм билээ. Эндээс эхэлж судалж, улмаар монгол орны зэрлэг байгальд ургаж байгаа адил сортыг олж, олон жилийн турш сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд Монгол орны нөхцөлд гойд зохицсон нутгийн зэрлэг эмзэг түрүүт өлөнг гэдэг ургамлыг тарималжуулж чадсан. 37 жилийн судалгааны үр дүнгээ “Мандал” нэрээр гэрчилгээ авч бүтээлээ баталгаажуулсан.
-“Мандал” сорт юугаараа давуу талтай, онцгой вэ?
-Монгол орны хөрсөнд туршигдаж бий болсон “Мандал” сорт нь усалгаа шаарддаггүй, ямаа бэлчээхэд ургалтад нь нөлөөлдөггүй, хавар эрт сэргэн ургадаг, намар орой хагдардаг, 25-30 жил ургадаг, элсэн цөлөөс бусад ямар ч хөрсөнд ургана. Уургийн агууламж маш өндөр гэдэг нь малын тэжээлийн хувьд онцгой үзүүлэлт.
Уургийн агууламжийн талаар Монголд хийсэн судалгааг Японд өндөр зэрэглэлийн лабораторид хийж баталгаажуулсан. Энэ анализийг хийсэн япон эрдэмтэн одоо манай улсад ХААИС-ийн Агроэкологийн сургуульд ажиллаж байна. 10 сард нутаг буцна. Гадаадаас өндөр үнээр авчирч байгаа цэцгийг Монголд хямд тарьж ургуулж болно гээд батлаад хийж байгаа хүн. Дашрамд хэлэхэд, та бүхэн Үбүката багшаас ярилцлага авбал сонин содон юм их гарна.
-Одоо “Мандал” сортын үрийг тарьж хэрэглэж байгаа хүрээ хэр өргөн байна вэ?
-Монгол Улсын 90 гаруй суманд энэхүү Мандал сортын үрийг тариалж байна. Тулгамдаад байгаа цөлжилтийн шийдэл Монголд байгаа нь “Мандал” сорт. Энэ үрийн сортыг худалдаж аваад тарьж байгаа хүмүүс ам сайтай байдаг.
Өөр улс орны сортуудыг авчирч тариад эхний жилдээ гайгүй байж болох ч цаашлаад манай улсын цаг агаарын өвөрмөц нөхцөл байдалд дасан зохицож ургах нь маш ховор. Үр дүн муутай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Монгол улс үнэхээр бэлчээрээ сайжруулъя гэж байгаа бол Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд бий болсон тэжээлийн олон наст ургамлын 21 сортын үр үржүүлгийн аж ахуй байгуулах хэрэгтэй.
-Т.Аюурзана гуай хөдөө аж ахуйн анхны доктор болох байсан ч хөндлөнгийн шалтгаанаар чадаагүй, харин Та эрдэмтэн болж өвөөгийнхөө үүсгэн бий болгосон ажлыг үргэлжлүүлж байна. Одоо “Орхон” хонь тоо толгой, чанар ямар байна вэ?
-Би уургийн инженерийн салбарын хүн, биологийн нөөц судлалын мэргэжилтэй. Одоо бол “хоньчин” болсон.
Одоо “Орхон” хонины ноос бол ноолуур шиг сайхан зөөлөн, нарийн ширхэгтэй болж ирж байгаа учраас сайн чанарын хувцас хийх боломжтой. Энэ ажлыг хийж байгаа гурав дахь үе нь би. Ээжтэйгээ хамтраад 2018 оны дөрөвдүгээр сард “Орхон шийп” компаниа байгуулсан. Ээж маань удалгүй бурхан болж, би үргэлжлүүлээд авч явж байна. Хань П.Мягмарсүрэн болон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, АДРА байгууллагатай хамтарч ажиллаж байна.
Одоогийн байдлаар Монголд 3000 тоо толгой “Орхон” хонь байна. Эрлийзжсэн, яг “Орхон” гэсэн стандартын шаардлагыг хангахгүй байгаа хэсгийг нэмбэл нийтдээ 6000 гаруй болно. Үүнийг 1990 оны үеийн 243 мянга хүрч байсантай харьцуулбал ямар байгаа нь ойлгогдоно.
Цэвэр “Орхон” үүлдрийн хонь одоо Сэлэнгэ аймгийн Орхон суманд байна. Манай компанийн аж ахуй Дорноговь аймагт байдаг. Манай аж ахуйд 220 гаруй тоо толгой байгаа. Дорноговь аймгийн Засаг даргатай хэдэн хоногийн өмнө хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Нэг хэсэг тоо толгойн хувьд ихэд цөөрсөн, ашиг чанарын хувьд ч муудаж эхэлсэн. Гэхдээ бид олон улсын АДРА байгууллагын дэмжлэгтэйгээр ажиллаад устаж алга болохгүйгээр барахгүй, чанарын хувьд улам сайжруулах боломжийг бүрдүүлээд ажиллаж байна.
-Ноосны чанар анх ямар байсан, одоо ямар байгаа, сайжруулаад ямар хэмжээнд хүргэнэ гэсэн зорилго байна вэ?
-Амбийцтай хоёр зорилт бий. Монгол ямааны ноолуурынх дунджаар 16,5 микрон байдаг. Мах ноосны чиглэлийн хагас нарийн ноост хонины шинэ үүлдэр бий болгоод “Орхон” гэж нэрлэж байсан тэр цагт ноосны ширхгийн нарийн нь 27-29 микрон байсан. Сүүлийн жилүүдэд Австралиас хуц авчирч, сайжруулалт хийж эхлэхэд энэ үзүүлэлт 27 байсан бол одоо 18,5 микрон болсон. Үүнийг 17 руу оруулах нь бидний үржлийн ажлын зорилт. Үүнд дахиад дөрвөн жил хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг тоо хөөсөн зорилго биш. Манай япон түншүүд ноолууртай дүйцэхүйц нарийн чанартай “Орхон” хонины ноосоор утас ээрч, өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн хувцасны зах зээлд гарах боломжтой гэж үзэж ажиллаж байгаа юм. Товчхондоо бол “Орхон” хонины ноосоор ээрсэн утсаар хийсэн пальтог маш өндөр үнээр зарна гэдэг төлөвлөгөө.
-Хоёр дахь амбийцтай төлөвлөгөө нь?
-“Хонины музей”. Зөвхөн “Орхон” үүлдрийн хонины тухай биш. Сайншандад байгуулах төлөвлөгөөтэй байна. Сайншанд өөрөө аялал жуулчлалын гол төв. Түүнийг багтаагаад монгол хонины тухай музей байгуулах нь хоёр дахь төлөвлөгөө маань.
Монгол бол мал аж ахуйн орон. Мал аж ахуй нь монголчуудыг хоолтой хүнстэй, хувцастай байлгаж ирсэн. Өнгөрсөн зууны 1960-аад оноос хойш мал аж ахуйн 60 гаруй үүлдэр, омог, үржлийн хэсгийг бий болгосон ч 20 гаруй нь өнөө цагт бараг устах тал руугаа оржээ. Мал аж ахуйн хүрээлэн, санхүүжилт, малчид гээд олон талын хамтын ажиллагаа анхаарал дутсанаас болоод Жаргалант хонь, ноосоор нь хивс хийдэг байсан Байдраг хонь, гээд омог устах эрсдэлтэй тулсан байна. Энэ утгаараа ч хонины музей чухал.
"Алс газар сурахаар одогсод: 100" үзэсгэлэнд Т.Аюунзана өвөөгийн тэмдэглэлийн дэвтэр, дурсгалын дэвтэр гээд ховор баримтууд байсныг та анзаарсан байх. “Короно”-гийн үеэр хоёр жилд өвөөгийн хувийн архив бичиг хэргийг цэгцэлж янзалсан юм. Дижитал хэлбэрт оруулж, байгаа материалыг ангилж цэгцэлсэн. Эндээс үндсэндээ хоёр ном гарч ирж байгаа юм. Нэг нь 700 гаруй нүүртэй, нөгөө нь арай бага 300 гаруй болох болов уу. “Орхон” хонины үүлдрийг бий болгох явцад хийгдсэн ажлын тайлан, Т.Аюурзана гэж хүний өвөг дээдэс, өөрийн нь намтар, өдрийн тэмдэглэл тэр дундаа аян замын замын тэмдэглэл орж байгаа.
Яг ойрын үед бол Т.Аюурзана гэдэг хүний бүтээлийн хоёр боть уншигчдад хүрнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn