П.ЛХАГВАЖАРГАЛ
Ном бол ертөнцийг харах цонх мөн. Тэгвэл үг холбож утга тайлах болсон хэн бүхний зорих 39 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-аа ирэх долоо хоногт болох гэж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Залуус” буландаа “Усны гудамж” сайтын бичээч, редактор С.Энхцэцэгийг урьж ярилцлаа. Тэрээр манай уншигчдад ямар ном зөвлөх бол.
“Усны гудамж” сайтын онцлог

“Усны гудамж” бол уран зохиолын сайт. Аливаа салбарын хөгжийн гол шалгуур нь тухайн салбарт мэдээлэл хэр чөлөөтэй урсаж байна вэ гэдгээс шалтгаалдаг. Тиймээс “Усны гудамж” залуус уран зохиолын тухай баримжаалж тэмтрэх орон зай нь байгаасай. Уран зохиол сонирхогчид бичих хүсэл тээж байх нь бий. Иймд бичихийн хувьд ч бас хамтдаа хөгжих талбар нь байхыг хүссэн. Ерөнхийдөө ийм утга учиртай сайт байгаа юм аа.
Хамгийн сүүлд уншсан ном

“Тагтаа” хэвлэлийн газраас эрхэлсэн Франсуаза Саганы "Сайн уу гуниг минь"
Сүүлд уншсан номоос онцлох эшлэл
Миний бодлоор ном болгонд эшлэл байдаггүй байх аа. Хэтэрхий нягт болохоор тэр юм уу. Эшлэх хэсгийг ялгаж, тастаад тусад нь тавих хэцүү. Гэхдээ Аннагийн хэлсэн үгийг эшлэл болгоё гэж бодлоо. Хавар болж байна. "Хайр бол сэтгэл хөдлөлөөс тэс ондоо зүйл. Зүрхний гүнээс мөнхөд оргилох, хэзээ ч үл хуучрах, үргэлжид л үгүйлэн санах янаг сэтгэл"
Зохиолын юуг чухалчилдаг вэ
Уншиж буй ном маань ямар байвал бүр хөөрч орхидог вэ гэхээр байна аа... Ямар үгээр илэрхийлэхээ сайн мэдэхгүй юм. Гэхдээ нэг мэдрэмж байдаг. Үйл явдлын хажуугаар, зөвхөн зохиолчийнх нь илэрхийлж чаддаг аймшигтай галзуу дүрслэлүүд байдаг. Галзуу санаанууд. Жишээлбэл, “Алтан асрын сүм” дээр Мизогутигийн ээрүү гацаа байдлаа өөрөө хэрхэн мэдэрдгийг нь яаж дүрсэлснийг санаж байвал, яг тэрэнд сэтгэл татагддаг. Зохиолч нь өөрөө яаж ч юм мэдэрчхээд тэрийгээ хүмүүст илэрхийлэхдээ бүр судсанд чинь цохилж хэлж өгнө гэсэн үг. Би дүрслэлүүдэд дуртай.
Унших цаг хэрхэн гаргадаг вэ
Би том болж байгаа юм шиг байна лээ. Өмнө нь унших цаг гэж амьдралд тусгайлан байхгүй. Зүгээр нэг л мэдэхэд уншаад дууссан явж байдаг байлаа. Харин одоо онцгойлон цаг гаргаж өдөр тутмын амьдралынхаа хэсэг болгож, хэмнэлд оруулж байгаа. Өглөө хоёр цаг уншина. Заримдаа тасалдаад л. Гэхдээ хичээж байгаа.
Залуус уншсан номынхоо тухай ярилцдаг уу
Залуус уншсан номынхоо тухай нээлттэй, хэн нэгнийгээ тухгүй байдалд оруулалгүй ярилцдаг байгаасай гэж хүсдэг. Би өөрөө уншсан номынхоо тухай бусадтай ярилцахаас жаахан зугтдаг төрлийн хүн. Үргээд байдаг гол шалтгаан нь зохиолчийнх нь эсвэл зохиолынх нь тухай түүхийг нарийн мэдэхгүй, үйл явдлыг нь хурдан мартчихдагт юм болов уу. Нэг их сонирхдоггүй байсан юм. Түрүүн хэлсэнчлэн зөвхөн дүрслэлүүдэд нь шимтдэг муу зуршилтай. Эргээд ярилцах гэхээр тухгүй байдалд орох айдастай. Гэхдээ зүгээр зориглоод л сурах юмаа бусдаасаа сураад л ярилцахаар шийдсэн.Уран зохиолын тухай ярилцах нь нарийн мэдрэмжээ бусадтай хуваалцах боломж олгодог.
Орчуулгын болон эх хэл дээр бичигдсэн номын тухайд
Маш гоё хэлтэй ном байвал гоё доо. Орчуулгын хэл нь гоё бол сайн ном л байж таарах байх. Монгол зохиолчдын хэл сайхантай ном гоё шүү.
Орчуулгын зохиолын орчуулагч, редакторын багийг нь сайн харж сонгох хэрэгтэй байх. Сайн хүнс базааж чанартай шим тэжээлтэй хоол хийж иддэг шиг ялзраагүй муудаагүй эрүүл сайхан үгийн санг сэтгэлгээ рүүгээ оруулах учиртай болохоор үүнд л маш голомтгой, янгууч хандах ёстой байх аа.
Эх хэлээр маань туурвигдсан бүтээлийг уншихгүйгээр би эх хэлээрээ ямар нэг зүйл бичнэ гэж байхгүй байх. Тэгэхээр эхлээд эх хэлээрээ унших хэрэгтэй.
Манай уншигчдад ямар ном зөвлөх вэ

Нэгэнт дурдсан юм чинь дуртай номоо уншаарай гэж зөвлөе. "Алтан асрын сүм". Алтан сүмийн тухай дүрслэлүүдийг анзаараад үзээрэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 87 (7829)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn