Б.НАНДИН

 

БНХАУ-ын тэргүүлэх сургууль болох Цинхуа их сургууль-ийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Qiu Yong (Чин Юун) тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон салбарын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг тохиролцов.

Энэхүү айлчлал нь Цинхуа их сургуулийн удирдлагын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд олон жил яригдсан хамтын ажиллагааг бодит ажил болгох эхлэл болсноороо онцлог юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин, Боловсролын хүрээлэнгийн декан Ши Жүньин, Эдийн засаг, удирдлагын сургуулийн профессор Шюэ Жянь зэрэг салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид багтсан нь айлчлалын цар хүрээг илтгэж байна.

Ялангуяа төлөөлөгчдийг ахалсан профессор Чин Юун нь OLED дэлгэцийн технологийн чиглэлээр дэлхийд танигдсан эрдэмтэн бөгөөд энэ салбарын судалгааг ахалж, 2008 онд уг технологийг сансрын хувцсанд нэвтрүүлэхэд оролцсон, 500 гаруй патент эзэмшдэг судлаач юм.

Шадар сайд Н.Номтойбаяр Цинхуа их сургуулийн удирдлагуудыг хүлээн авах үеэрээ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд төрийн албан хаагч, инженер, залуу судлаачдыг Цинхуа их сургуулийн хөтөлбөрт хамруулах, зорилтот сургалт, тэтгэлгийг нэмэгдүүлэх асуудлыг голлон хөндөв. Мөн чөлөөт бүс, боомт, хот байгуулалт, логистик, байгаль орчны чиглэлд хамтарсан судалгаа хийх, томоохон төслүүдийг шинжлэх ухаанд суурилан хэрэгжүүлэхийг онцолсон байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын чанар, судалгааны чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан хөтөлбөр, багш, оюутны солилцоог нэмэгдүүлэхэд анхаарч байгааг илэрхийллээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах, судалгаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахыг чухалчилж, салбарын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурсан юм.

Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон их, дээд сургуулиудын зүгээс хамтарсан судалгааны төв байгуулах, био-анагаах ухаан, нийтийн бодлого, технологийн чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааны платформ бий болгох санал дэвшүүлжээ. Үүний хүрээнд Цинхуа болон Монголын талууд амьдралын ухаан, “Нэгдсэн эрүүл мэнд”, тогтвортой газрын менежмент, био-анагаахын шинэчлэлийн чиглэлд хамтарсан судалгааны тэргүүлэх төвийг байгуулж, судалгаа, инновацийн байнгын институтийн суурийг тавихаар зорьж байна.

Үүнээс гадна талууд “Шинэ Хархорум хот”-ын төсөлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, тогтвортой хот төлөвлөлт, дижитал технологид суурилсан хотын шийдэл, эрчим хүч, дэд бүтцийн судалгаанд Цинхуа их сургуулийн туршлагыг нэвтрүүлэхээр санал солилцсон байна.

Уулзалтын үр дүнд Монгол Улсын ШУА, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Цинхуа их сургуулийн холбогдох хүрээлэн, лабораториудын хооронд харилцан ойлголцлын санамж бичгүүд байгуулж, эрдэм шинжилгээ, технологи, боловсрол, анагаах ухааны чиглэлээр хамтарсан судалгаа, сургалт хэрэгжүүлэхээр болов.

Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол оюутан, залуусыг Цинхуа их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцуулах боломжийг өргөжүүлэх, тэр дундаа нийтийн бодлого, эдийн засаг, удирдлага, инженерчлэл, анагаах ухаан зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарахаар талууд тохиролцжээ.

Цинхуа их сургууль нь инженерчлэл, хиймэл оюун ухаан, эдийн засаг, нийтийн бодлогын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, олон улсын чансаанд эхний 10–20 байрт тогтмол бичигддэг судалгааны их сургууль бөгөөд Хятадын төр, бодлогын түвшний олон удирдагчийг бэлтгэсэн гэдгээрээ онцлогтой.

Ийнхүү энэхүү айлчлал нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, хот байгуулалт, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, урт хугацааны институтийн түншлэлийн суурийг бэхжүүлэхээс гадна Монголын хүний нөөц, судалгааны чадавхийг бодитоор нэмэгдүүлэх чухал алхам боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn