Ирвэстэй бүс нутгийн шилдэг 20 байгаль хамгаалагчийн нэгээр шалгарсан Завхан аймгийн Тэлмэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Гантөмөртэй ярилцлаа.
-Та “Ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагч”-аар дахин шалгарсан байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Ирвэс хамгаалах сан”-гаас сүүлийн гурван жил “Шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд энэ шагналыг хүртэж байсан бол энэ жил амжилтаа бататган дахин шалгарсандаа баяртай байна.
-Танай сум ирвэсийн хувьд ирвэсийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Манай сум ирвэсийн тогтмол тархац бүсэд хамаардаггүй. Гэхдээ тэдний идэш тэжээл болох өвсөн тэжээлтэн, мэрэгч амьтад бий. Тиймээс экосистемийн тэнцвэрийг хадгалах үүднээс хууль бус ан агнуур, ялангуяа тарваганы агналтад хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийдэг. Илэрсэн зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоож, хууль журмын дагуу шийдвэрлэж байна. Мөн холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох зэрэгт анхаарч ажилладаг.
Харин аймгийн хэмжээнд Отгонтэнгэр хайрхны орчим, Отгон, Шилүүстэй, Алдархаан сумдад харьцангуй элбэг байдаг. Сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн нөөц багасах, мөн мал сүргийн өсөлтөөс шалтгаалан ирвэс мал руу дайрах тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс ирвэс бүхий нутгийн иргэдэд зөв ойлголт, мэдээлэл өгөх нь нэн чухал юм.
-Тэлмэн сумын байгаль, экологийн онцлогоос дурдвал?
-Завхан аймаг байгалийн бүс нутгийн олон төрлийн онцлогийг цогцоор нь агуулдгаараа онцлог. Тэлмэн сумын хувьд хангайн нурууны бүсэд оршдог, уул ус, ургамал жигд тархсан нутаг. Байгалийн нөөцөд амьтан, ургамал бүхэлдээ хамаардаг учраас түүнийг зөв зохистой ашиглах, байгалийн өөрийн нөхөн сэргэх чадамжийг алдагдуулахгүй байх нь чухал. Иймээс иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийдэг. Нэн ховор, ховор амьтан ургамлыг хамгаалах, харин элбэг нөөцийг ахуйн зориулалтаар ашиглахдаа хуульд заасан зөвшөөрлийн дагуу хэрэглэх талаар тогтмол мэдээлэл өгч байна.
-Та хэд дэх жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна вэ. Энэ ажлын үнэ цэн, бахархал нь юунд оршдог вэ?
-Нутагтаа 20 дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Байгаль хамгаалах ажил бол төрийн албаны үүргээс гадна Монгол Улсын иргэний хувьд хүлээх үүргийг биелүүлж байна гэж боддог.
Өсөж төрсөн нутаг ус, ан амьтан, ургамал ногоог хамгаална гэдэг уламжлал, ёс заншлаа үргэлжлүүлж буй буянтай үйл юм.
Мөн энэ ажил тодорхой хэмжээнд эр зориг шаарддаг. “Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” гэдэгтэй адил байгаль хамгаалагч хүн өргөн мэдлэгтэй, олон талын ойлголттой байх ёстой. Байгаль орчин тогтвортой байж гэмээн нийгэм, соёл, хүний амьдралын суурь бүрдэнэ. Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс энэ ажлаараа үргэлж бахархаж явдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 83 (7825)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn