Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Монголын Эмнести Интернэшнл” Олон улсын байгууллагын Компанит ажлын зохицуулагч, улс төр, олон улсын харилцаа судлаач Я.Цэцэнзаяатай ярилцлаа.
Төр, иргэдийнхээ амьжиргааг боломжит нөөцөөрөө, дэвшилттэйгээр хангаагүйгээс зөрчил үүсдэг
Блиц:
Я.Цэцэнзаяа
Улс төр, олон улсын харилцаа судлаач
2011 онд Ерөнхий боловсролын сургууль
2015 онд МУИС улс төр судлаач /баклавр/
2018 онд Шанхайн олон улсын харилцааны сургууль, олон улсын харилцаа судлаач /магистр/
2018 он Монголын эмнести интернэшнл залуучууд хариуцсан зохицуулагч
2024- 2026 он Монголын Эмнести Интернэшнл, кампанит ажил хариуцсан зохицуулагч
-Монгол Улс, олон улсад иргэдийнхээ амьжиргааг бүх нөөцийнхөө хүрээнд дэвшилттэйгээр хангана гэж үүрэг хүлээсэн. Үүн дотроо дэвшилттэйгээр хангана гэж тодотгосон байдаг.
Нэг үгээр илэрхийлбэл, хүний өдөр тутмын амьдралд нөлөөлж буй бодлого шийдвэр нь ядуурал руу хөтлөхгүй байх, өмнөх амжилтуудыг нь үгүйсгэхгүй, дордуулахгүй байхад чиглэх ёстой гэсэн агуулгаар эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг бусад оролцогч улсуудын нэгэн адил хангана гэж. Харин боломжит нөөцийг дэвшилттэйгээр хангана гэсэн хэмжүүр нь нэг талаас хийсвэр мэт санагдаж болох ч улс бүхний хөгжлийн түүх, соёлын онцлог, туулж буй улс төрийн дэглэм, эдийн засгийн хүчин чадал, нийгмийн амьдрал, баялгийн хэмжээ, нөөц бүр нь өөр, өөр байгаа нөхцөлд нийтээр нь цалингийн доод хэмжээг тэдэн ам.доллартой дүйцэхүйц байна гэж тогтоож болохгүй. Тухайн улс өөрийнхөө нөөцөд тааруулж, гэхдээ жил ирэх тусам амьжиргаа нь дээшлүүлж байхаар эрхийг нь хангах бодлого барих ёстой. Үүний тулд захиргааны, шүүхийн, төрийн бүх институт ажиллаж байна. Эндээс л эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн суурь ойлголт эхэлдэг. Гэвч төр эдгээр эрхүүдийг хангахдаа бүх зүйлийг иргэдийнхээ өмнүүр орж, хийх өгөх ёстой гэсэн ойлголттой байна. Өөрөөр хэлбэл, байр, сууцыг нь барьж өгөөд, хоолыг нь ам руу нь халбагадаж, шударга бус цалин хөлс өгөх зэргээр халамжилж, бөөцийлснөө иргэдийнхээ эрхийг хангаж байна гэж үздэг. Гэтэл энэ үйлдлүүд нь хүний эрхийг хангах зарчмыг алдагдуулдаг. Энэ нь Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтөд дээр тод харагддаг. Шалтгаан нь буюу үүсгэл нь зөв ч арга нь буруу. Учир нь төр, хүмүүст орон сууцыг нь барьж өгөх ёстой гэсэн сэтгэхүйгээр ханддаг учраас олноор нь нүүлгэн шилжүүлэлтийг хийж, газрыг нь чөлөөлж байна. Энэ нь бүх хүмүүс заавал олон давхар орон сууцад амьдрах ёстой юм шиг ойлголтыг төрүүлдэг. Ингэснээр иргэн, төр хоёрын дунд зөрчил үүсдэг. Суурь ойлголт буруу болохоор бүх зарчим алдагдаж үүнээс улбаатай төр, иргэний хооронд зөрчил маргаан үүсгэж хөгжлийг удаашруулдаг.
Хүний эрхүүд хоорондоо салшгүй учраас эрэмбэлж болдоггүй
-“Эмнести Интернэшнл”-ийн 2023 онд хийсэн судалгаагаар сүүлийн 20 орчим жилд дэлхий дахинд болсон том, жижиг 2200 орчим жагсаал, цуглаанд анализ хийж үзэхэд 1400 орчим нь эдийн засгийн эрхтэй холбоотой байжээ. Тодруулбал, 70 гаруй хувь нь хүмүүс үнийн хөөргөдөл,шударга цалин, хөлс, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа болон инфляцыг эсэргүүцэж жагссан гэсэн үг. Улс төрийн эрхээс илүүтэй, эдийн засгийн эрхийг шаардсан байгаа юм. Хэдийгээр иргэдэд жагсах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь байгаа хэдий ч эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ эдэлж чадахгүй байгаа учраас тэд жагсдаг гэсэн үг. Эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхүүд хоорондоо харилцан хамааралтай бөгөөд нэг эрх нь нөгөө эрхээрээ баталгаажиж байдаг. Жишээлбэл, цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангадах эрх зөрчигдөхөд эрүүл байх эрх ч мөн зөрчигдөж байдаг. Энэхүү суурь гурван зарчмыг зөвөөр ойлгочихвол эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах асуудал уг нь их амархан. Гэвч эдийн засаг, нийгэм, соёлын эрх, ач холбогдолгүй юм шиг ойлгодог. Манай улсад үзэл бодлоо илэрхийлэх эрхээ чөлөөтэй эдэлж дуртай үедээ жагсаж, дуртай үедээ хэвлэн нийтэлж байна, ингээд болох биш үү. Тиймээс ядуурал, боловсролын тэгш бус байдал, эмэгтэйчүүдийн эрх дараагийн асуудал гэсэн ойлголттой байдаг. Боловсрол, эрүүл мэнд, эх, хүүхдийн, ахмад настнуудын эрхийн асуудлыг хариуцсан салбарын сайдууд нь ч шийдэх гэж эрмэлздэггүй. Төсөв нь хүртэл Батлан хамгаалах яамныхаас бага байх жишээтэй. Гэвч хүний эрхийг эрэмбэлж болдоггүй. Учир нь бидэнд нэн түрүүнд амьдрах аюулгүй гэр хэрэгтэй. Эрүүл байхын тулд идэх хоол хүнс, ундаалах, угааж цэвэрлэх, хоол хийх ус, ариун цэврийн байгууламж хэрэгтэй. Өвдвөл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хүүхдүүдэд боловсрол, ажилчдад шударга цалин хөлс, хөдөлмөрлөх чадваргүй хүмүүст таагүй нөхцөл байдлыг даван туулах, нэр төртэй амьдрах боломжийг олгох нийгмийн хамгааллын тогтолцоо хэрэгтэй. Энэ бол эрэмбэлж болдоггүй анхдагч хэрэгцээнүүд, үүнийг л хангах тухай яриад байгаа юм.
Манай улс хүний анхдагч эрхийг хангасан суурь системтэй
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гэрээнүүд 1976 онд батлагдаж Монгол Улс энэ конвецд нэгдэн орж соёрхон баталсан байдаг. Тухайн үед манайх социалист дэглэмтэй орон байв. Социалист нийгэм нь иргэний улс төрийн боловсролын эрхийг хангаагүй ч бүх хүмүүсээ нийтээр нь бичиг үсгийн боловсрол эзэмшүүлж, эмнэлгийн үйлчилгээнд хамруулж, боловсролыг үнэгүй олгож бүх сум, суурин газарт сургууль, соёлын байгууллага барьж байгуулсан. Мөн бүх хүмүүсээ ажлын байраар хангаж, нийгмийн даатгал төлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоотой болгосон. Бусад социалист нийгмийг алгассан орнуудтай харьцуулбал, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах тогтолцоо нь бэхэжсэн давуу талтай. Харин үүнийгээ орчин үеийн хэрэгцээ, нөөцийнхөө хүрээнд хүмүүсийн нэн тэргүүнд тавиад байгаа шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Суурь байгаа учраас амархан. /Социалист нийгмийн үед орон гэргүй, сургууль завсардсан, бичиг үсэггүй хүн гэж байгаагүй/ Тиймээс хуучин тогтсон системдээ засвар оруулж, тордох хэрэгтэй. Тордохын тулд хүний нөөц, санхүүгийн нөөц, менежментийн нөөц хэрэгтэй. Тэгэхээр одоо байгаа эдийн засгийн нөөц боломжийг тооцвол нэн түрүүнд улсын төсвийн хуваарилалтаас эхэлнэ. Нийгмийн даатгалын санд хангалттай, хүрэлцэхүйц нөөц байна уу. Байхгүй бол засаж, сайжруулах, нөөц хуримтлуулж тэгш хуваарилах хэрэгтэй болох нь. Ингэхээр хүссэн, хүсээгүй улсын төсөв, хүний эрхтэй холбоотой болох нь. Өнөөдрийн тухайд бидэнд зам тавьж, байшин барих нь чухал уу, эсвэл иргэдийнхээ амьжиргааг дэмжих ажлын байрыг бий болгож, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, тэтгэврийн итгэлцүүрийг тогтолцоог сайжруулах нь чухал уу. Нийслэл хэдэн тэрбумын бонд босгож, орон сууц бариад газар чөлөөлөх нь зөв үү гэх зэрэг олон асуудал яригдах бүрд бидний төлсөн татварын мөнгө юунд зарцуулагдаад байгааг мэдэх хэрэгтэй болдог. Эндээс л хүний эрхүүд хоорондоо салшгүй, эрэмбэлж болдоггүй юм гэдэг нь ойлгогдоно.
Хүний эрхийн магадлан шинжилгээг хийлгүйгээр хууль баталдаг
-Аливаа хуулийг батлахаас өмнө Хүний эрхийн магадлан шинжилгээг хийх хэрэгтэй. Гэвч энэ үнэлгээг Монгол Улс хийдэггүй. Харин одоо мөрдөгдөж буй бүх хуульд AI ийн магадлан шинжилгээ хийнэ гэж яриад байгаа хэдий ч уг нь хуулийг батлахаасаа өмнө магадлан шинжилгээг хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл, тухайн хууль батлагдсанаар иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах юм, ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх юм гэдэг харьцуулсан /SPOF/ анализ хийнэ гэсэн үг. Гэвч манайх хуулиа батлахдаа амьдралд хэрэгжих боломж, бизнесийн эрэлт, нийлүүлэлтээс үүсэх сөрөг нөлөө, хүний эрх, байгаль орчны эрсдэлийн үнэлгээг шалгаж, судалгаа, шинжилгээ хийхгүйгээр өнгөц баталдаг. Жишээлбэл, утаа, түгжрэлийн асуудлыг шийдэхдээ иргэдээ, тухайн асуудлаар нь айлгах маягаар хэрэгжүүлэх нь зохимжгүй. Янданг буулгаж орон сууцжуулалтыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч яндан буулгаад асуудал шийдэгдэхгүй байгааг бид харж байна. Үнэндээ Сэлбэ дээр 9000 яндан буулгасан гэж ярьж буй ч хэд нь буцаад Толгойт, Шар хад болон Ханийн материалд дахин яндан болж буй талаар судалгаа алга. Газрын үнэлгээг зөвшөөрөөгүй олон өрхийн газрыг төр хүчээр албадан авч байна. Хүний эрхийн магадлан шинжилгээ гэдэг нь “хүний эрх зөрчигдсөний дараа” биш, харин эрсдэлийг урьдчилан олж, тогтоон арга хэмжээ авах ёстой гэсэн зарчим дээр суурилдаг. Тухайлбал, Франц улсын-“Duty of Vigilance law” Хүний эрхийн магадлан шинжилгээний анхны бодит хууль юм. Энэ хуулиар компаниуд өөрсдийн үйл ажиллагаанаас гадна нийлүүлэлтийн сүлжээндээ ч хүний эрхийн эрсдэлийг үнэлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Хариуцлагын тогтолцоо нь шүүхийн хариуцлагаар хэмжигддэг тул харьцангуй үр нөлөөтэй. Мөн Герман улсын “Supply Chain Due diligence Act” тус журмын дагуу компаниуд өөрийн үйл ажиллагаа болон нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэлийн үнэлгээ хийдэг ч хяналт сул, дам нийлүүлэгчийн үйл ажиллагаанд хүрч чаддаггүй. Энэ мэт Норвеги, Нидерланд, Их британи Умард Ирланды нэгдсэн вант улс, Европын холбоонд ч ийм төрлийн зохицуулалт, журам хэрэгждэг.
Дэвшилтэд бодлогоор нүүдэлчин иргэдийнхээ эрхийг хангахгүй байна
-Соёлын эрх мөн л хангагдахгүй байна. Нүүдэлчин ахуйтай манай улсын уугуул иргэд болох малчдыг танай өвөлжөө, хаваржааны газарт улсын эдийн засагт нэн чухал уул уурхайн том төсөл хэрэгжих боллоо, та бүхэн нүү гэсэн шийдвэр гаргадаг. Гэвч бид 700 м/кв талбай бүхий хашаанд фермийн мал, аж ахуй эрхэлдэг улс биш шүү дээ. Нэг бэлчээрээс, нөгөө бэлчээр хүртэл дор хаяж 8-10 км газарт нутаг сэлгэж, газраа өнжөөгөөд дөрвөн улиралдаа зохицож, нүүдэллэж амьдардаг ард түмэн. Харамсалтай нь нүүдэлчин амьдралыг дагасан бичигдээгүй, албан бус өв соёлыг давхар тээгдээд явж байгаа гэсэн ойлголт үгүй болж золионы хүмүүс гэдэг ойлголт бий болж байна. Энэ нь хүний эрхийг дэвшилттэйгээр хангана гэсэн үүрэг, амлалт хангагдахгүй байгаа гэсэн үг. Уул уурхайн компанид малын бэлчээрийн газраа алдсан тэдний амьжиргаа өмнөхөөсөө дордож сүйрэл рүү түлхэгддэг. Малаа цөөлөөд 200 толгой болголоо ч гэсэн амьжиргаа нь дэвшилттэйгээр шийдэгдэхгүй байна. Үр дагаварт нь малчдын залгамж халаа алдагдсан. Сүүлийн үед цахим орчинд малчид, олон нийт хоёр тал болж маргалдах нөхцөл үүсэж байна. Үүний нэг илрэл нь малчид яахаараа нийгмийн датгалаа хотын биднээр төлүүлэх гээд байгаа юм гэсэн. Малчдын эрх энэ мэтээр алдагдсаар байвал цаашид нүүдэлчний өв соёл устах хэмжээнд хүрч мэдэхээр байгаа юм. Ялангуяа уурхайтай нутаг оронд илүү ажиглагдаж байна. Тэдний төлөө нөхөн олговор олгох, нүүлгэх шилжүүлэх, эсвэл нутаг оронд нь үлдээх гэсэн ямар ч дэвшилтэд бодлого алга.
Тэгвэл бусад улсад хүний эрхийг хэрхэн хангасан тухай жишээ баримт олон. Тухайлбал, Нигер Улсын Бодо тосгоны иргэдийн талаар өгүүлж болно. Уг тосгон загас, нялцгай биетний үржлийн таатай бүс бүхий загас агнуурын хот. 35 тосгонтой, 31 мянган хүн ам оршин суудаг далайн эргийн суурин юм. 2008 онд газрын тосны бизнес эрхэлдэг “Шелл” компани хоёр удаа их хэмжээний талбайд газрын тос асгаж, ойролцоох гол, горхийг бохирдуулжээ. “Шелл” болон орон нутгийн иргэдийн хооронд нөхөн төлбөрийн асуудал яригдаж компанийн зүгээс 4000 фунт стерлинг санал болгожээ. Харин орон нутгийн иргэд уг саналыг хүлээж аваагүй. 2012 онд яриа хэлэлцээр амжилтгүй болсны дараа тосгоны иргэд Английн шүүхэд гомдол гаргасан байна. 2015 онд Английн шүүх дээр шийдэгдэхгүй гурван жил болсны дараа шүүхээс гадуур тохиролцоо хийж, 55 сая фунт стерлинг төлөхөөр болжээ. Үүнийг байгаль орчны хохирлоос үүдэлтэй орон нутгийн иргэдэд төлсөн хамгийн өндөр хэмжээний нөхөн төлбөрийн нэг гэж үздэг.
Мөн тус компани 2015 онд Нигер улсын Билле, Огале нутгийн оршин суугчид газрын тосны бизнес эрхлэгч “Шелл” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж нефт асгарч улмаар байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулж, загас, ургамал, амьтад үхэж, олон мянган хүн ундны цэвэр усгүй болж, амьжиргаа нь дордож, байшингууд эвдэрсэн гэж мэдэгдэж улмаар шүүхэд хандсан байдаг. 2025 онд Их Британийн Дээд шүүхэд тэдний хурал сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Гэвч нөхөн төлбөрийн эцсийн хэмжээг хараахан тогтоогоогүй бөгөөд хэрэг одоог хүртэл шүүх хуралдааны шатандаа явж байна. Гэсэн хэдий ч “Шелл” компанитай холбоотой өмнөх болон бусад нөхөн төлбөрийн нэг хэрэгт гэхэд ойролцоогоор 878 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байсан. Мөн өмнөх газрын тос асгарсантай холбоотой өөр нэг тохиролцооны хүрээнд ойролцоогоор 111 сая ам.долларын нөхөн төлбөр төлсөн байдаг. Тэгэхээр нэгэнт олон улсын Хүний эрхийн конвецид нэгдэж үүрэг, амлалт авсан энэ үүргээ биелүүлэхгүйгээр улс орны хөгжил урагшлахгүй удааширсаар байх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn