П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнийг урьж, ярилцлаа.

 

-Та Монголын үнэт цаасны зах зээлийн өнөөгийн хөгжлийн түвшнийг хэрхэн тодорхойлох вэ?

-Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ шатанд гарсан. Өнөөдөр хөрөнгийн зах зээл нь зөвхөн хувьцааны арилжаагаар хэмжигдэхгүй, харин аж ахуйн нэгжүүдийн бизнесээ өргөжүүлэх, урт хугацааны санхүүжилт татах бодит эх үүсвэр болж байна.

Энэхүү өөрчлөлт нь УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудын хувьчлал, Зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг бодлогын арга хэмжээ, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн зохицуулалтын шинэчлэлүүдтэй холбоотой. Үүний үр дүнд дотоодын аж ахуйн нэгжүүд IPO, нэмэлт хувьцаа гаргалт, бонд болон бусад санхүүгийн хэрэгслээр дамжуулан шаардлагатай хөрөнгөө зах зээлээс татах боломж бодитоор бүрдсэн.

Хөрөнгийн зах зээлийн өсөлт 2021-2025 онд эрчимжиж, өнөөдрийг хүртэл татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн 87 хувь энэ хугацаанд бүрдсэн нь зах зээлийн идэвхжил эрс нэмэгдсэнийг харуулж байна. Энэ нь үнэт цаас гаргагчид болон хөрөнгө оруулагчдын оролцоо, хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэж байгаагийн илрэл юм.

-Үнэт цаасны зах зээлийн хөгжлийг хязгаарлаж буй гол бүтцийн асуудлууд юу байна. Хөгжлийг дараагийн түвшинд хүргэхийн тулд ямар шийдэл хэрэгтэй вэ?

-Монголын хөрөнгийн зах зээл мэдэгдэхүйц өссөн ч дараагийн шатанд гарахад шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн бүтцийн сорилт байна. Нэгдүгээрт, санхүүгийн системд банкны салбар давамгайлсан бүтэц хэвээр байгаа нь урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төрөлжүүлэх, олон тулгуурт санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээг нэмэгдүүлдэг.

Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээ өргөжиж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцсэн шинэ бүтээгдэхүүнүүдийг нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан (REIT), биржээр арилжаалагддаг сан (ETF), тогтвортой болон ногоон санхүүгийн бүтээгдэхүүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай.

Гуравдугаарт, дотоодын болон гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өргөжүүлэх нь чухал байна. Энэ нь зах зээлийн хөрвөх чадвар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь зөвхөн арилжааны хэмжээ, санхүүжилтийн дүнгээр хэмжигдэхгүй. Хөрөнгө оруулагчдын итгэл, мэдээллийн ил тод байдал, шударга өрсөлдөөний орчин зэрэг нь урт хугацааны хөгжлийн хамгийн чухал суурь гэж үздэг. Тиймээс эдгээр чиглэлд зохицуулалтын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

-Зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх хамгийн чухал зохицуулалтын өөрчлөлт юу байх ёстой вэ?

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл бол зах зээлийн ил тод байдал, шударга өрсөлдөөн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг бодитоор хамгаалах явдал. Хөрөнгө оруулагчид зөвхөн өгөөжид бус эрх нь хамгаалагдаж байгаа эсэхэд хөрөнгө оруулдаг.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр үе шаттай шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар зохион байгуулах боломжийг бүрдүүлж, оролцоог нэмэгдүүлсэн. Мөн компанийн засаглалын кодекс болон кумулятив санал хураалтын журмыг шинэчилснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нөхцөл сайжирсан.

Түүнчлэн 2024 онд Компанийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр жижиг хувьцаа эзэмшигчид хамтран компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн боломжийг өргөжүүлсэн нь хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах чухал шинэчлэл болсон.

Цаашид зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл гэж үзэж байна.

-Жижиг, дунд компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ. Үүнийг шийдэх боломж, гарц шийдэл бий юу?

-Жижиг, дунд бизнесүүдийн хамгийн том асуудал нь сайн төсөл, санаачилга байсан ч шаардлагатай санхүүжилтээ татах боломж хязгаарлагдмал байдагт оршиж байна. Өнөөг хүртэл ихэнх бизнесүүд банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлд түшиглэж ирсэн бөгөөд барьцаа хөрөнгө, зээлийн шалгуурын улмаас олон жижиг бизнес санхүүжилт авахад хүндрэлтэй байдаг.

Үүний улмаас зарим бизнесүүд албан бус, эрсдэлтэй санхүүжилтийн эх үүсвэр хайх нөхцөл үүсдэг. Тиймээс жижиг, дунд бизнесүүдэд зориулсан илүү хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэрийг хөгжүүлэх шаардлага бий. Үүний нэг шийдэл нь хамтын санхүүжилт юм. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлж эхэлсэн бөгөөд цаашид хамтын санхүүжилтийн бусад хэлбэрүүдийг хамарсан бие даасан эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна.

Ингэснээр гарааны компаниуд болон жижиг, дунд бизнесүүд зөвхөн уламжлалт зээлээс хамаарах бус, хөрөнгө оруулагчидтай шууд холбогдон шаардлагатай санхүүжилтээ татах шинэ боломжууд нээгдэнэ.

-IPO болон хоёрдогч зах зээл арилжаа эрэлттэй байсан үетэй харьцуулахад суларсан байх шиг. 2015-2018 онд нэлээд эрчимтэй байсан гэх юм билээ?

-IPO болон хоёрдогч зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжил тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ үүнийг зах зээлийн сулрал гэхээсээ илүү мөчлөгийн шинжтэй үзэгдэл гэж харж байна.

Сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй бууралт нь зөвхөн Монголд бус дэлхийн хөрөнгийн зах зээлд нийтлэг ажиглагдсан үзэгдэл юм. Өндөр инфляц, хүүгийн түвшний өсөлт, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг нэмэгдүүлсэн.

Гэхдээ энэ нь зах зээлийн суурь нөхцөл муудсан гэсэн үг биш. Харин хөрөнгө оруулагчид илүү сонголттой, илүү болгоомжтой болсон үе. Цаашид томоохон аж ахуйн нэгжүүдийн IPO, төрийн өмчит компаниудын хувьчлал, шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн нэвтрэлт зэрэг нь зах зээлийн дараагийн өсөлтийг тодорхойлох чухал хүчин зүйл болно.

-Крипто хөрөнгө, финтек инновациудыг зохицуулах хууль эрх зүйн орчин манайд ямар түвшинд байна?

-Монгол Улс крипто хөрөнгө болон финтекийн чиглэлээр эрх зүйн үндсэн орчноо харьцангуй эрт бүрдүүлсэн. Тухайлбал, 2021 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж, виртуал хөрөнгийн арилжаа, хадгалалт, шилжүүлэг зэрэг үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг бүртгэл, хяналтын тогтолцоонд хамруулсан. Энэ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чухал алхам болсон.

Үүний зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн инновацид зориулсан Sandbox орчныг бүрдүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд туршин нэвтрүүлэх боломжийг бий болгосон. Энэ нь бизнесүүдэд бүтээгдэхүүнээ зах зээлд бүрэн нэвтрүүлэхээс өмнө турших, харин зохицуулагч байгууллагад эрсдэлийг үнэлэх боломж олгож байна.

Гэхдээ технологийн хөгжил зохицуулалтаас илүү хурдтай өөрчлөгдөж байдаг. Тиймээс токенжуулсан хөрөнгө, блокчэйнд суурилсан үнэт цаас, дижитал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээ зэрэг шинэ чиглэлүүдийн эрх зүйн орчныг тасралтгүй боловсронгуй болгох шаардлага бий.

Миний хувьд зохицуулалтын зорилго нь инновацыг хориглох биш, харин хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан байдлаар хөгжлийг дэмжихэд оршдог. Тиймээс цаашид уян хатан, эрсдэлд суурилсан зохицуулалтын орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал.

-Дэлхийн зах зээл дижитал шилжилт, токенжуулалт руу хурдтай шилжиж байна. Тиймээс бид түрүүлэхгүй гэхэд хоцрохгүй байх хэрэгтэй байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр дэлхийн санхүүгийн зах зээл дижитал шилжилт, токенжуулалт, хиймэл оюун ухаан, блокчэйн технологид суурилсан шинэ үе рүү эрчимтэй шилжиж байна. Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд болон санхүүгийн байгууллагууд бодит хөрөнгийг токенжуулах, арилжаа болон төлбөр тооцооны процессыг бүрэн дижитал хэлбэрт шилжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Монгол Улсын хувьд зах зээлийн хэмжээгээр өрсөлдөхөөс илүү шинэ технологийг зөв цагт нь нэвтрүүлж, олон улсын чиг хандлагаас хоцрохгүй байх нь чухал. Харин манай улсын давуу тал нь зах зээл харьцангуй жижиг учраас шинэ технологи, инновацыг илүү хурдан туршиж, нэвтрүүлэх боломжтой байдаг.

Зах зээлийн хэмжээгээр өрсөлдөж чадахгүй бол технологийн хурд, уян хатан байдлаар өрсөлдөх ёстой. Өнөөдрийн дэлхийн чиг хандлагыг харахад түрүүлэх эсэхээс илүү хоцрохгүй байх нь өөрөө өрсөлдөх чадварын асуудал болоод байна.

Мэдээж инновацыг нэвтрүүлэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрсдэлийг зөв удирдах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг орхигдуулж болохгүй. Тиймээс шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулалтын хяналттай орчинд туршиж, үе шаттайгаар нэвтрүүлэх нь хамгийн зөв арга зам гэж үзэж байна.

Хэрэв бид инновацыг дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн зохицуулалтын орчныг бүрдүүлж чадвал Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд гарах бүрэн боломжтой.

-Ирэх 3–5 жилийн хугацаанд Монголын үнэт цаасны зах зээлийн хамгийн бодитой “том ахиц”-ыг та тодорхойлж болох уу?

-Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг онцлон хэлнэ. Учир нь тэтгэврийн сангууд нь дэлхийн олон улсын хөрөнгийн зах зээлийн урт хугацааны хамгийн чухал институцийн хөрөнгө оруулагчид байдаг бөгөөд Монгол Улсад энэ тогтолцоог бий болгосноор хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийн шинэ суурь бүрдэх боломжтой.

Үүнтэй зэрэгцэн хөрөнгө оруулалтын сан, хамтын санхүүжилтийн эрх зүйн орчныг өргөжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, цахим технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр шинэчлэлүүд нь хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өргөжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Ирэх 3-5 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том ахиц нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн гаргахаас гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын тогтолцоог бүрдүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бэхжүүлэх явдал юм.

-Монгол Улсын хэмжээнд хүний нөөцийн асуудал тулгарч байна. Санхүүгийн салбарыг ч тойрохгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх ямар гарц байна?

-Хүний нөөцийн асуудал өнөөдөр зөвхөн санхүүгийн салбарын бус, улсын өрсөлдөх чадварт нөлөөлөх хэмжээнд хүрсэн сорилт болоод байна. Санхүүгийн салбарын хувьд финтек, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, хөрөнгийн зах зээл, эрсдэлийн удирдлага зэрэг шинэ чиглэлүүд эрчимтэй хөгжиж байгаа ч эдгээр чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хомс хэвээр байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд их, дээд сургуулиуд болон санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутнуудыг суралцах хугацаанд нь ажлын байранд бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, олон улсын мэргэжлийн стандарт, сертификат эзэмших боломжийг дэмжих нь чухал.

Мөн чадварлаг мэргэжилтнүүдээ салбартаа тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Нөгөө талаас дижитал шилжилт, технологийн шийдлүүдийг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэх нь хүний нөөцийн ачааллыг бууруулах боломжтой.

Түүнчлэн залуу үеийн санхүүгийн боловсрол, хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг сайжруулах нь ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх суурь нөхцөл болно. Төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагууд хамтран ажиллаж чадвал өнөөдрийн хүний нөөцийн сорилтыг маргаашийн өсөлтийн боломж болгон хувиргах бүрэн боломжтой.

-Ирээдүйд энэ салбарт ямар төрлийн шинэ ур чадвар, мэргэжлийн чиглэлүүд шаардлагатай болно гэж харж байна вэ?

-Ирээдүйн санхүүгийн салбарын хамгийн том өөрчлөлт нь санхүү, технологи хоёрын зааг улам бүдгэрэх явдал юм. Тиймээс ирээдүйн санхүүгийн мэргэжилтэн нь зөвхөн санхүүгийн мэдлэгтэй байхаас гадна технологийн ойлголттой, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай болно.

Тухайлбал, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн шинжилгээ, блокчэйн технологи, кибер аюулгүй байдал, дижитал хөрөнгө болон финтекийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна. Үүний зэрэгцээ тогтвортой санхүүжилт, ногоон санхүү, ESG үнэлгээ, эрсдэлийн удирдлага, комплаенс болон зохицуулалтын технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийн эрэлт мөн өснө.

Ирээдүйн санхүүгийн мэргэжилтэн нь санхүүч эсвэл хуульч байхаас гадна технологи ойлгодог, олон улсын чиг хандлагыг мэдэрдэг, шинэ мэдлэгийг тасралтгүй эзэмшдэг байх шаардлагатай. Цаашид салбарын өрсөлдөх чадварыг зөвхөн диплом бус шинэ технологид дасан зохицох чадвар тодорхойлно.

-Монголын хөрөнгийн зах зээл дэх сайн жишиг. Магадгүй энэ салбарын хөгжлийн “түлхүүр” болсон гэж тодорхойлбол юуг нэрлэх вэ?

-Хэрэв Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түлхүүрийг нэг зүйлээр тодорхойлох шаардлагатай бол итгэлцлийг онцлон хэлнэ. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь эцэстээ хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зохицуулагч байгууллага хоорондын итгэл дээр тогтдог. Сүүлийн жилүүдэд энэ итгэлцлийг бэхжүүлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр шинэчлэл хийсэн. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах аж ахуйн нэгжүүдийн тоо өсөж, хөрөнгө оруулагчдын оролцоо ч нэмэгдсэн. Мөн банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудын хувьчлал, биржийн бус зах зээлийн хөгжил, шинэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн нэвтрэлт зэрэг нь зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ эдгээр өөрчлөлтийн суурь нь хөрөнгө оруулагчдын итгэл, мэдээллийн ил тод байдал, шударга өрсөлдөөний орчин байсан гэж үздэг.

Тиймээс Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хамгийн том түлхүүр нь зөв бодлогоос гадна зах зээлд оролцогчдын итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж байх явдал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn