П.ЛХАГВА

 

Монголын гоо сайхан, оюун ухаан, соёлын өвийг дэлхийн тавцанд сурталчлан  таниулах зорилготой “Miss Mongolia 2026” тэмцээн энэ жил цар хүрээгээ улам тэлж, олон улсын шинж чанарыг илүү тодотгосон онцлог үйл явдал болон өрнөх гэж байна. Энэ оны үндэсний ялагчаа ирэх сарын 15-ны өдөр тодруулах энэхүү тэмцээнд бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгээс илүүтэй авьяас чадвар, мэдлэг боловсрол, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл чухал юм.

Энэ удаагийн тэмцээнд 18-33 насны оролцогчид оролцож байгаа бөгөөд тэргүүн титмийн эзэн “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. 64 дэх удаагийн тэмцээн энэ оны арваннэгдүгээр сарын 25-нд Япон улсад зохион байгуулагдах товтой байна.

“Miss Mongolia 2026”  зохион байгуулагчид энэ жилийн үйл ажиллагааг “Интернэшнл Авардс 2026” нэрийн дор өргөжүүлэн, олон улсын соёл, урлаг, бизнесийн томоохон платформ болгохоор зорьж байгаа нь анхаарал татаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг дэлхий дахинд эергээр сурталчлах, үндэсний өв соёлоо таниулах, дотоодын уран бүтээлчид, брэндүүдийг олон улсын зах зээлд гаргах гүүр болох зорилготой юм.

“Интернэшнл Авардс” нь анх 2024 онд зохион байгуулагдаж, долоон улсын оролцоотой эхэлж байсан бол энэ жил хүрээгээ улам тэлж, Монгол, Солонгос, Америк, Орос, Хятад зэрэг орнуудын мисс, модель, дизайнер, уран бүтээлчид болон бизнесийн байгууллагуудыг нэг дор цуглуулах гэж байна. Энэ нь Монгол Улсыг бүс нутгийн соёл, бүтээлч үйлдвэрлэлийн чухал төв болох боломжийг харуулах билээ.

Түүнчлэн, “Азийн загварын хаан” хэмээн алдаршсан Andre Kim дизайнерын “Фантазия эзэнт гүрний эрхэмсэг хатад” нэртэй коллекц Монголын тайзнаа анх удаа толилуулагдах нь энэ удаагийн арга хэмжээний онцлох хэсгүүдийн нэг. Дэлхийн загварын ертөнцөд өөрийн өнгө төрхөөрөө ялгардаг түүний бүтээлүүд Моaнголын үзэгчдэд шинэ мэдрэмж, уран сайхны өөр өнгө төрхийг авчрах нь дамжиггүй биз ээ.

Үүний зэрэгцээ, дотоодын брэндүүд ч олон улсын тайзнаа өөрсдийгөө илэрхийлэх боломжийг ашиглах гэж байна. “Бүүвэй” кашмер, “Сарун”, “Бортуа” зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ, өвөрмөц загваруудыг олон улсын мисс, моделиуд өмсөн танилцуулах нь Монголын ноос, ноолуур, загварын салбарын өрсөлдөх чадварыг илтгэх чухал алхам юм.

Ийнхүү “Miss Mongolia 2026” нь зөвхөн гоо сайхны тэмцээн бус, Монголын соёл, урлаг, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, олон улсын хамтын ажиллагааг нэг дор зангидсан цогц арга хэмжээ болон өргөжиж байна. Энэ нь Монгол Улсыг дэлхийд таниулах шинэ гарц, үндэсний брэндүүдийг олон улсад гаргах бодит боломжийг нээж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.ПҮРЭВ ГАРАГ. № 77 (7819)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn