Э.БЭРЦЭЦЭГ

Хөлийн судас бүдүүрэх  өвчин эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог  ажээ. Судас өргөсөх өвчин нь олон янзын шалтгаантай ч жирэмснээс сэргийлэх даав­рын бэлдмэл,  жирэм­сэн үеийн дааврын өөрч­лөлт­тэй холбоотой гэд­гийг мэргэжлийн хүн хэлж байна. Энэ талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Мэс заслын их эмч Б.Бат­сайхантай ярилцлаа.

-Хүмүүсийн 20 хувь нь 25 хүртэлх насандаа судас бүдүүрэх өвчнөөс шаналж эхэлдэг бол 70 хувь нь 70 наснаас эхлэн энэ өвчнөөр өвчилдөг гэх юм. Тийм болохоор та судас бүдүүрэх өвчний талаар тодорхой ойлголт өгөөч?

-Хөлийн судасны өр­гө­сөл нь удаан хугацаа­гаар зогсох, удаан хуга­цаа­гаар явах, хөдөлгөөн багатай байх, олон дахин төрөх, хөлийн гүн судас бөглөрсний улмаас өнгөц судас нь өргөсөх, удам дамжих эсвэл жирэмс­лэлтийн дараах гармон болон даавар алдагдсаны улмаас үүсдэг юм.

-Эрчүүд эмчид очдог­гүй боловч мөн л энэ өвчнөөр өвддөг гэж ярь­даг. Энэ өвчин эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тохиолддог уу?

-Үгүй. Энэ өвчин эрэг­тэйчүүдээс илүү эмэгтэй­чүүдэд илүү тохиолддог. Тооны хувьд 4:1-ийн харь­цаатай байдаг. Энэ нь нэгдүгээрт дааврын солил­цоотой холбоотой. Хоёр­дугаарт эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хө­дөлгөөн болон булчингийн хөгжил багатай, эмэгтэй хүний өөхөн давхарга их, булчингийн хөгжил нь бага байдаг учраас тэр. Нэг өргөссөн судас байнга өргөсч байдаг. Өөрөөр хэлбэл дахин сэдэрч болдог гэсэн үг.

-Хөлийн судас бүдүү­рэх өвчний үед биед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Эхний ээлжинд судас өргөснө, судсаар дагаж өвдөнө. Шагай орчим бо­лон шилбээр тууралтууд гарна. Бүр хожуу үедээ могой хэлбэртэй том судсууд гарч ирнэ. Хөл чинэрэх, халуу оргих, явахад өвдөх, судас олон жил өргөссөнөөс болж шилбэ хавагнаж бүдүүрч эхэлдэг. Өвчтөнд өөрт нь хөлний судас өргөссөн байгаа нь харагддаг.

-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Хүмүүс бариу оймс өмсөх, зогсч ажиллахаас зайлс­хийх хэрэгтэй гэж ярьдаг юм байна лээ?

-Судас өргөсч эхэлж байгаа үед хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Мөн эмчилгээний оймс, зөөлөн бинт, тосон түрхлэг болон судас нарийсгах эмийн эмчилгээг эмчийн заав­рын дагуу хийлгэх шаард­лагатай. Мөн өөх тос бага­тай хоол хэрэглэх хэрэг­тэй. Өвчин хүндрээгүй, дөнгөж эхэлж байгаа үед сайн эмчлэхгүй бол дахин сэдэрч болдог.

-Хатаах болон ширгээх эмчилгээ байдаг гэж дуул­сан. Энэ эмчилгээ хэр үр дүнтэй вэ?

-Хатаах, ширгээх зо­риулалтын эм, тариа бай­даг. Түүнийг эмчийн заав­рын дагуу судас руугаа тарьж хэрэглэдэг бөгөөд их үр дүнтэй аргын нэгд тооцогддог.

-Хагалгааны аргаар эмчилдэг гэж сонссон. Бүр хүндэрсэн тохиолдолд мэс засал хийдэг юм уу?

-Хөлийн судас өргөсөж тод харагдсан, чинэрч өвдөх зовиур ихэсч эмийн эмчилгээ, оймс зэрэгт судас нь буцаж нарийсах боломжгүй бол­сон тохиолдолд мэс засал хийдэг. Эсвэл судсыг дундаас нь хайлуулах, лазераар түлэх эмчил­гээнүүд байдаг. Харин хөлийн шилбээр хавагнах үед мэс засал хийх бо­ломж­гүй болдог. Хэрэв мэс ажилбар хийл­гэсэн бол тодорхой хугацаа­ны турш эрүүл ахуйн дэглэм ба­римт­лах хэрэгтэй. 3-6 сарын туршид уян оймс өмсөх, уян бинтэн ороол­тыг дороос нь чангалж дээш нь сулруулах зарч­маар хэрэглэнэ. Мөн өөх тос багатай хоол хэрэг­лэж, ажлын ачааллыг зохицуулах ёстой.

-Эмэгтэй хүмүүст төрс­­ний дараах үед то­хиолддог уу эсвэл төрө­хийн өмнөх үед илэрдэг үү?

-Эмэгтэй хүмүүст ихэвчлэн жирэмсний үе болон жирэмсний хожуу үе, жирэмсний дараах үед илэрдэг.

-Хөлийн судас өргөсө­хөөс сэргий­лэх энгийн зөвлөгөө өгөөч?

-Юуны түрүүнд ажил, амралт, хөдөлгөөнөө зохи­цуулж, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй. Суудлын ажилтай хүн 1-2 цаг тутамд хөлөө хөдөлгөх, дээш нь өргөж байх харин зогсоо ажилтай бол үе үе сууж босох мэтийн хөдөлгөөн хийх нь зүйтэй. Хэрэв чинэрч өвдвөл хааяа хүйтэн жин тавьж, хөлөө дээш нь өргөж хэвтээ­гээрээ дугуй унах мэт хөдөлгөөн хийж, амарч байгаа үедээ хөлөө биеийн төвшнөөс өндөр байрлалд байлгах нь хөлийн судас­ны ачааллыг багасгадаг. Мөн дээрээс нь усанд сэлэх, хөлийг усаар шүрших, дугуй унах нь энэ өвчнөөс сэргийлдэг.