П.АМГАЛАН

 

Монголын оюутны спортын VII  наадмын шатрын тэмцээн  хэдхэн хоногийн өмнө болж  шилдгүүдээ тодруулсан билээ.  Энэ удаагийн тэмцээнд 19  их дээд сургуулийн  70 гаруй тамирчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд “Мон-Алтиус” дээд сургуулийн  оюутан Н.Энхболор эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн юм.  “Зууны мэдээ” сонин түүнийг энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцсанаа хүргэе.  Түүний амжилтын түүх шатрын хөлөг дээр “өрөгдөж” нүүдэл бүр нь түүний тэвчээр,  хөдөлмөр,  хүсэл тэмүүллийг илэрхийлсээр байна.

 

-Шатрын спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би таван настайгаасаа анх шатрын спортоор хичээллэж эхэлсэн.  Өвөө, эмээ хоёр маань анх шатар зааж өгөөд мэргэжлийн багшид шавь оруулж байсан.Тэмцээнд оролцоод амжилт гаргаж эхэлсэн маань  шатрын спортод илүү дуртай болохоос гадна тууштай хичээллэх урам өгсөн гэж боддог. 

5-6 настайдаа анхны тэмцээндээ оролцож II  байрт орж байлаа. Тэр үед  гэр бүлийнхэн маань ч гэсэн надаар бахархаж, баярлаж байсан  нь урам өгсөн. Мөн найман настайдаа хоёр дахь улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод мөнгөн медаль авсан. Харин 14 настайдаа улсын аваргад оролцоод анхны алтан медалиа авахдаа маш их баярласан. 

-Эх орноо төлөөлөөд олон улсын тэмцээн оролцох мөч  ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Би хамгийн анх найман настайдаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож  хүрэл медаль авч, эмэгтэй дэд мастер болсон.  Тухайн үед нас жаахан байсан учраас сандрал, догдлолыг тэгж их мэдэрдэггүй байсан байх.

Дараа нь 12 настайдаа өсвөрийн ДАШТ-д  тавдугаар байрт орж байлаа. Миний хамгийн өрсөлдөөнтэй олон улсын тэмцээн бол 15 настайдаа оролцсон сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Би тэр үед би  хүрэл медалийн тавцанд зогсохдоо өөрөөрөө маш их бахархсан. Бас багшийгаа намайг хараад баярлаж байгааг харах их гоё байсан. Тэр тэмцээний дараа Шатрын холбооны мастер цол авсан.  Бас гэр бүлийнхнийгээ  “Баярлаж байгаа” гэж бодохоор  гоё байсан. 

Би 12 настайгаасаа эхлээд илүү ихийг  ойлгож,  тэмцээнд оролцохын тулд аав ээж минь, зардал гарган гадаад руу явуулж байгаа гэж бодохоор  хариуцлагаа улам их ухамсарлаж, сайн тоглож амжилт гаргах ёстой гэж боддог болсон.

-Шатрын спорт амьдралд нь ямар өөрчлөлт,  боломжийг нээсэн бэ?

-Шатартай нөхөрлөснөөрөө миний амьдралд олон өөрчлөлт гарсан.  Тэвчээр хатуужил, төвлөрөл, тууштай байх,  юмыг олон талаас нь харж бодож сэтгэх  чадварт суралцсан.

Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох  нь хамгийн бахархалтай санагддаг. Мөн олон  найз нөхөдтэй болсон. Хүмүүс  надаар бахархаж  байгаа  мэдрэмжийг  авах  гоё санагддаг.

-Тэмцээн бүртээ өөртөө анализ хийж, туршлага хуримтлуулах нь дараагийн амжилтад нөлөөлдөг болов уу?

-Тийм ээ. Оролцсон тэмцээн бүрээсээ туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Ялалт, ялагдлыг аль алиныг нь тайван хүлээж  авах нь чухал гэж боддог.  Хожсон үедээ хэт хөөрөхгүй, хожигдсон үедээ сэтгэлээр унахгүй  дараагийн тоглолтдоо төвлөрөхийг хичээдэг.

Энэтхэг, Хятад, Орос, Вьетнам, Филиппин улсын тамирчид  хүчтэй өрсөлдөгчид байдаг. Монгол хүүхдүүд тактикийн тоглолт  илүү сайтай санагддаг.

-Тоглолтын явцад сэтгэл зүйгээ хэрхэн хянадаг вэ?

 -Сэтгэл зүйн байдал  ялалт бас ялагдалд ч хүргэх хүчтэй. Тиймээс тоглолтын үед аль болох тайван байхыг хичээдэг.  Ер нь сэтгэл зүйгээс их зүйл шалтгаалдаг. Хэрэв анхаарал сарнивал  буруу шийдвэр гаргах магадлалтай.  Тиймээс өөр зүйл бодолгүй,  зөвхөн тоглолтдоо төвлөрөх  нь хамгийн чухал. Заримдаа 3-4 цагийн тоглолт маш хурдан өнгөрөх шиг санагддаг,  заримдаа эсрэгээрээ байх үе ч  бий.

-Бэлтгэл сургуулилтад хэр хугацаа зарцуулдаг вэ?

- ЕБС-д сурдаг байхдаа  шатрын клуб дээрээ  байнга очиж бэлтгэлээ хийдэг байсан.  Харин одоо оюутан болсон болохоор  тогтмол бэлтгэлээ хийж чадахгүй байгаа.  Би энэ жилдээ  цолоо ахиулах зорилгыг өөртөө тавьсан.  Мөн хичээл сургуульдаа анхаарч байгаад  төгсөөд шатрын спортоороо  илүү тууштай  хичээллэх бодолтой байна. 

-Үлгэр дуурайлал авдаг тамирчнаа нэрлээч?

-Б.Мөнгөнтуул эгчээс үлгэр дуурайлал авдаг. Багаасаа шатраар  тууштай хичээллэсэн  тууштай хичээллэж, амжилт гаргаж байгаа нь надад урам өгдөг. Тиймээс энэ спортоор хичээллэхээр зорьж байгаа дүү нартаа хэлэхэд “Өөрийгөө хүчлэхгүй сонирхлоосоо  гоё мэдрэмж авах нь чухал. Хийж байгаа зүйлдээ дуртай  байвал хэцүү санагдахгүй шүү” гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 73 (7815)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn