Т.МИЧИДМАА

 

Залуу нас гэдэг эрч хүч, зориг тэмүүллийн илэрхийлэл байдаг. Харин тэр эрч хүчийг зорилго болгон зангидаж, өөрийгөө сорин хөгжүүлнэ гэдэг хүн бүрийн чадах зүйл биш. Дөнгөж 18 насандаа амьдралынхаа чигийг тодорхойлж, сонгосон замдаа үнэнчээр зүтгэж яваа “Мегастарс” багийн тамирчин Б.Тэлмэнг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцлаа.

 

-Волейболын тамирчин болох анхны алхам юунаас эхлэлтэй вэ?

-Гэрийнхэн маань цар тахлын дараагаас идэвхтэй байлгахын тулд 14 настай байхад волейболын спортоор хичээллүүлсэн. Анхны тэмцээн маань U14 улсын аварга шалгаруулах тэмцээн байсан. Хичээллээд удаагүй байсан болохоор их хэцүү санагдаж байлаа. Улсын хэмжээний том тэмцээнд орж, үеийнхээ шилдэг тамирчдыг хараад илүү их хичээх урам авсан. Гэрийнхэн хичээл, бусад зүйлээ орхигдуулахгүй байхыг байнга сануулдаг. Гэхдээ өдөр бүрийн бэлтгэлээс болж оройтож харихад эхэндээ дургүйцдэг байсан ч одоо бол бага багаар ойлгож, дэмждэг болсон. Сургуулийнхаа нэр дээр оролцсон тэмцээнүүдэд амжилт гаргадаг болохоор багш, удирдлагууд ч их дэмждэг.

-Залуу тамирчны хувьд тэмцээн бүр л туршлага болж байгаа байх. Туршлагатай тамирчидтай тоглохын давуу тал юу вэ?

-“Мегастарс” багаас хөгжлийн лигт тоглосон. Хөгжлийн лигт дээд лигт тоглож амжаагүй ч туршлагатай олон тамирчин оролцдог учраас өрсөлдөөн их ширүүн санагдсан. Гэхдээ би талбай дээр гарах бүрдээ хожихын төлөө тоглодог. Ах нартай тоглох нь надад илүү их туршлага өгдөг учраас дуртай. Заримдаа багийнхан маань намайг дүү, туршлага багатай гэж үзээд төдийлөн их итгэл хүлээлгэдэггүй мэт санагддаг. Тийм үед нь харин ч эсрэгээрээ тэдний хүлээлтээс давж алдаа гаргахгүй тоглохыг хичээдэг. 2024 онд манай сургууль нийслэлийн аварга болж, би шилдэг тоглогчоор шалгарсан. Үүнээс хойш илүү их хичээх зорилго өөртөө тавьсан. “Мегастарс” багийнхаа “summer camp”-д оролцож, долоо хоногийн дараа үргэлжлүүлэн бэлтгэл хийх санал авч багтаа албан ёсоор элссэн. Дунд нь хэсэг завсарласан ч хөгжлийн лигээс эхлэн тасралтгүй бэлтгэл хийж байна.

-Өсвөр наснаасаа эхлэн клубийн түвшинд тоглож эхэлсэн. Клубийн түвшинд тоглохын давуу тал гэвэл?

-ЕБС-ийн сурагч байхдаа клубийн түвшинд тоглох нь олон давуу талтай. Клубийн болон үеийнхэнтэйгээ тоглоход туршлагын ялгаа их мэдрэгддэг. Үеийнхэнтэйгээ тоглоход харьцангуй амар байдаг бол туршлагатай тамирчидтай тоглоход хамгаалалт, довтолгоо гээд бүх зүйл илүү нарийн, өөр түвшинд байдаг. Клубийн түвшинд тоглосноор цаашид их сургуульд ороход ч хэрэгтэй гэж бодож байна. Спортоор хичээллэхийн  зэрэгцээ давхар мэргэжил эзэмших хэрэгтэй. Би эдийн засгийн чиглэлээр сурах сонирхолтой.

-Шантрах үе гардаг уу. Залуу тамирчны хувьд сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Гэмтэл авсан үед хамгийн их шантардаг. Өнгөрсөн жилийн Хүүхдийн их наадам миний хувьд маш чухал тэмцээн байсан. Гэтэл тэмцээний өмнө хүнд бэртэж тэмцээнд оролцож чадаагүй. Тэр үед спортоо орхих тухай ч бодож байлаа.

-Тамирчны хувьд өөрийгөө эргэж харахад юун дээр алдаж, юуг хамгийн их ойлгож авсан бэ?

-Анх тоглож байхад заримдаа өөр ажил, шалтгаанаас болж бэлтгэлээ тасалж байсан нь буруу байсан. Мөн зөвхөн заалны бэлтгэлд анхаарч, биеийн ерөнхий хөгжлөө орхигдуулсан. Одоо бодоход биеийн хөгжил маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Биеийн бэлтгэл сайн байснаар гэмтлээс сэргийлдэг. Тиймээс заалны бэлтгэлээс гадна хувийн дасгал хөдөлгөөн тогтмол хийх ёстой. Өмнө нь энэ тал дээр анхаараагүйгээс нуруу, мөр өвдөх асуудал гардаг байсан. Одоо бол бага багаар анхаарч, бэлтгэлээ сайжруулж байна. Мөн бэлтгэлийн дараа багийнхан тоглож туршлагаждаг байхад би заримдаа шууд харьчихдаг байсан нь алдаа болсон. Туршлага бага байсан учраас одоо илүү их хичээх хэрэгтэй гэж боддог.

-Энэ улирал болон ирэх жилүүдэд өөртөө болон багтаа ямар зорилго тавьж байна вэ?

-Энэ жил U18 насны ангилалд оролцох төлөвлөгөөтэй, мэдээж түрүүлэх зорилготой. Манай баг одоогоор бүрэн бүрэлдэхүүнээ олж амжаагүй байгаа учраас жинхэнэ баг болж төлөвшихийн төлөө хичээж байна. Ирэх жил “Дээд лигт” өрсөлдөх зорилго бий. Ямар ч тохиолдолд талбай дээр гарахдаа зөвхөн хожихын төлөө тоглодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn