Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
“Ижий бурхад”-ын энэ удаагийн зочин өдгөө 96 насны босго давсан буянтай буурал Майдаржавын Лхамсүрэн гуай. Тэрбээр Өвөрхангай аймгийн уугуул. Тэднийх Сант сумын нэгдүгээр багийн айл ч сүүлд хийсэн засаг захиргааны өөрчлөлтөөр Баянгол сум руу шилжжээ. Хотод ирээд Баянгол дүүрэгт суурьшсан болохоор аль ч утгаараа Баянголын хүн хэмээн өөрийгөө тодорхойлдог Лхамсүрэн багш боловсролын салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан.
Долдугаар анги төгсөөд сумынхаа сургуульд багшилж, дараа нь дээд сургуульд сурч тоо физикийн багш болсон түүнийг Өвөрхангай аймгийн Сант, Баянгол, Баян-Өндөр, Тарагт, Нарийнтээл, Өлзийтөөс гадна төвийн арван жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн мянга мянган хүн багшаа хэмээн хүндэтгэдэг.
Төрүүлж өсгөсөн зургаан хүүхэд, тэднийхээ үргэлжлэл болсон ач зээ, гучаасаа гадна ах дүүсийнхээ үр хүүхдэд өндөр ижий нь болсон буянтай буурал ижийтэй уулзахаар Баянгол дүүрэг, аравдугаар хороололд байх гэрт нь очсон юм.
“Нүд л жаахан тийм. Бусдаар гайгүй ээ” гэх түүний ой санамж нь гайхалтай. Одоогоос жар далан жилийн өмнөхийг эгээ л он сартай нь хэлэх шахна. Нутгийн улс, шавь нарынх нь тухай асуухад нэр, овогтой нь бүр заримыг нь хочтой нь, хөгтэй нь санана гээч. Ийм нэгэн сайхан буурал ижийгийн ажил, амьдралын түүхээс хуваалцсанаа хүргэж байна.
БИ ИЖИЙГИЙНХЭЭ АЧААР ЭРДЭМ НОМЫН МӨР ХӨӨСӨН АЗТАЙ ХҮН
-Манайх ижийгийнхээ талаар Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошууны хамгийн өнөр өтгөн овог болох Бузуугийнханд хамаардаг юм. Хэдэн үеэрээ Ясан зайрмагтай, Хүрэн чулуу, Зодохын нуруугаар нутагладаг байсан. Ижийг минь Пагмажав гэдэг байв.
Ижийгийн ээж нь Дарьхүү гэж хошуу ноёны оёдол үйлийг хийдэг нутагтаа гайхагдсан уран хүн байж. Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Ах нь багадаа гэнэт өвдөж, ухаан алдаж унаад ярьж чадахаа больсон учраас насаар нь асарч халамжлах үүрэг ижийд ирж. Охин дүү нь залуудаа өөд болоход өнчирч үлдсэн жаахан охиныг нь ижий авч бидэнтэй хамтад нь өсгөсөн.
Бид эхээс зургуул. Аав минь Сандаг гэж хүн байсан юм. Аавыг өөд болсноос хойш манайхыг том ах Майдаржаваар нэрлэх болсон бөгөөд хоёроос бусад нь ахаараа овоглодог нь тэр үед бурхан болоочийн нэрийг олон дууддаггүй гэдгээс л үүдсэн байх.
Залуудаа ханиа алдсан ижий минь бид зургаагийн төлөө ганцаараа л зүтгэсэн. Том нь тусад орж нэмэр болж эхэлсэн цагаас ачаа нь жаахан хөнгөрсөн байж болох ч бүхий л амьдралынхаа турш хэдэн хүүхдийнхээ төлөө санаа чилээж явсан даа. Хүүхдүүд нь бүгд ажилтай, амьдралтай, үр хүүхэдтэй сайн сайхан амьдарцгаасан нь чухамдаа ижийгийн ач. Өөрөө сургууль номоор яваагүй ч хүүхдүүдээ ном эрдэм сургах гэж хичээсний хамгийн их шимийг хүртсэн нь би, миний бага дүү Намжилцэрэн, ижийгийн өсгөсөн охин Адьяа бид гурав даа. Дүү минь автын механик мэргэжил эзэмшээд Засан хүмүүжүүлэх газар, НАХЯ, “Голомт” банканд насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан юм. Арав гаруй жилийн өмнө биднээс түрүүлээд явчихсан даа. Адьяа минь Багшийн дээд төгссөн, монгол хэл-уран зохиолын мундаг багш. Сэлэнгэд сургууль төгсөж очоод л багшилсан, одоо ч Г.Бумцэндийн сургуульдаа ажиллаж байгаа. Насыг нь биш чадварыг нь харж дүүг минь үнэлдэг Сэлэнгэ нутгийнханд баярладаг.
ОДООГИЙНХОНД ҮЛГЭР МЭТ САНАГДАХ ОЛОН ҮЙЛ ЯВДЛЫН ГЭРЧ

-Би Сант сумынхаа бага сургуулийг дүүргээд 1944 онд аймгийн төвийн сургуульд ирсэн. Дайны үе, бичин жилийн зуд гэж хот харлуулсан айхавтар гамшиг дайрсан хүнд хэцүү цагийн сурагчид хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэглэл гээд юм юмаар хомс. Гэхдээ хоосон нойтон гэж хойш суухгүй номоо үзнэ, багшийнхаа хэлснийг ягштал биелүүлнэ.
Тэр үеийн багш нар одоо бодоход хүүхдүүдтэйгээ их ажилладаг байжээ. Дайны үе болохоор тэр биз, биднээр калибрь буу задлуулж, угсруулна, цэрэгжлийн бэлтгэл хийлгэнэ, Түмтийн штаб гэдэг газарт аваачиж буудлага хийлгэдэг байлаа. Бас дайсныг дарахад хэрэглэх буу, танк, машин хийхэд зориулж төмөр цуглуулна. Зун нь хотны ноос түү, түүгээр эсгий гутал хийж цэргүүдэд явуулна гэдэг байв. Эмэгтэй багш нартайгаа нийлээд бээлий оёно, оймс нэхнэ. Янз бүрийн ажил хийдэг байж билээ. Эрэгтэй багш нар хөлдөө коньки гэж төмөртэй гутал углаад Дэлгэрэхийн голын мөсөн дээгүүр гулгана. Бид дуурайгаад монгол гуталтайгаа гулгаж тоглодог байж билээ. Бас дуу заана, хамт кино үзнэ. Киноныхоо тухай ярилцана.
Одооны залууст үлгэр шиг л санагдах үйл явдлууд даа. Яг тэр үед болсон нэг зүйл санаанд их тод байдаг юм. 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх нийтийн санал асуулга гэж явуулсан. Тэгэхэд Сангиданзан багш том жаазанд Монголын газрын зургийг зурж хийгээд дээр нь шар цавуу түрхээд улаан шил үйрүүлж Улаанбаатарыг таван хошуугаар тэмдэглэж, монгол бичгээр бичсэн зургаа гарын үсэг зуруулж байгаа хүмүүст гардуулж өгөхдөө биднийг авч явсан юм. Тэр үеийн дүрэмт хувцас цэнхэр, ногоон дээлэн дээр улаан бүч зүүлгэн жагсаалаар авч орж байлаа. Тэгэхэд бид бүгдээрээ их том үйл бүтээлээ хэмээн хөөрч байж билээ.
Аймгийн сургуульд гурван жил сурч 1947 онд 17-уул төгсөөд зарим нь хот руу Багшийн сургуульд явж, үлдсэн нь 45 хоногийн багш бэлтгэх курст сураад аймгийнхаа сумдад багшилсны нэг нь би.
“МИНИЙ ОХИН ШИРГЭШГҮЙ БУЛАГ ШИГ ИХ ЦАЛИН АВЛАА” ГЭЖ ИЖИЙ БАЯРЛААД
-Би багш болоод Сант сумандаа очсон. Сумын төв Зодохын нурууны зүүн хойно Тагна гэж газарт байсан. Тагнын бага сургуульд бид сурсан, багш болоод тэр сургуульдаа очсон доо.
Ааваасаа эрт хоцорсон бид ижийтэйгээ сумын төвд амьдардаг байсан юм. Тэр чинь 1947 онд шүү дээ. Сургууль ч одоогийнх шиг олон хүүхэдтэй, том байсангүй. Багш ч цөөтэй. Би долдугаар анги төгсөөд багш бэлтгэх 45 хоногийн курст сураад очсон нь тэр. Нэг сар ажиллаад цалин гэж 33 ширхэг гуравтын дэвсгэрт авлаа. Хөл газар хүрэхгүй хөөрсөн амьтан гэртээ гүйж ирэхэд ижий минь баярлаад “Миний охин сургуульд суусны ачаар ширгэшгүй булаг шиг их цалин авдаг боллоо. Охины минь амьдрал ийм байх байлгүй” гээд хавийн хүмүүст бүгдэд нь дуулгасан байх. Тэгээд авчирсан мөнгийг минь бурхандаа өргөж, гурав хонуулаад ойр хавийн айл, ах дүүсийн хүүхдүүдэд баахан “цагаан дээлт” авч өгч билээ. “Цагаан дээлт” гэж кг нь долоон төгрөг 40 мөнгөний үнэтэй цулгуй цагаан цаастай чихэр л дээ.
Бага ангийн багшаар есөн жил ажиллаад хүнтэй сууж, хоёр хүүхэдтэй болсон хойноо мэргэжлээ дээшлүүлэхээр 1956 онд Улсын багшийн дээд сургуулийн тоо-физикийн ангид орсон. Гайгүй сурдаг байсан болохоор ч тэр үү, төгсөхөд минь Санхүүгийн техникумд багшаар хуваарилсан. Гэхдээ тэнд удаагүй. Нутагтаа очих хүсэлт гаргаад Өвөрхангайдаа ирж төвийн арван жилд математикийн багшаар 1978 он хүртэл ажиллаад Баянгол сумынхаа сургуульд тэтгэвэрт гартлаа багшилсан даа. Дунд нь Дундговьд дөрвөн жил багшилсныг эс тооцвол нутгаасаа холдоогүй л гэсэн үг. Энэ хугацаанд хичээл заасан гэвэл тоймгүй олон, анги дааж төгсгөсөн гэвэл 300 гаруй хүүхэд намайг багшаа гэдэг юм. Дааж төгсгөсөн ангиас минь дунд ангийн багш 21, хүний их эмч долоо, малын эмч, зоотехникч тав, инженер 12, дипломат ажилтан хоёр төрсөн гэсэн тоог дээр үед шавь нар минь гаргаж байсан.
Шавь нараас минь Монгол Улсын Ерөнхий сайд төрсөн шүү дээ. Дундговьд багшилж байхад минь төгссөн Ж.Наранцацралт намайг багшаа хэмээн хүндэлж ирж золгодог байв. Ид хийж бүтээх насандаа өнгөрсөнд нь харамсаад байдаг юм. Гадаад яамны Л.Удвал, франц хэлний Т.Төмөрхүлэг, Түлш эрчим хүчний орлогч сайд А.Сосор, “Оргил” рашаан сувиллын орлогч байсан Г.Андил гээд олон хүнийг нэрлэж болно. Сайн яваагаар нь бахархахаас гадна тааруухан байгаа нэгнийх нь төлөө санаа зовж асууж сурдаг л байлаа. Одоо ч хэн хэн нь өндөр насанд хүрээд, зарим нь хорвоогийн жамаар дээшээ явчихаж дээ.
ИЖИЙГИЙНХЭЭ ХҮЧИНД ӨСЧ, ХАНИЙНХАА ХАЛАМЖИНД ЖАРГАСАН ДАА
-Би 1951 онд гэр бүл болсон. Өвгөнийг минь Гялдангийн Самданцоодол гэхээр өвөрхангайнхан анддаггүй л байсан. Одоо ч мэдэх улс цөөрөө биз дээ. Өвөрхангайн Гучин-Ус сумын Улсын арслан Цоодол гэж алдартай бөхийн төрсөн дүү. Монгол хэлний багш мэргэжилтэй. Багш, захирал, намын ажилтан гээд насаараа л төр, түмний төлөө зүтгэсэн хүн дээ. Тэтгэвэрт гараад хотод ирж, хүүхдүүдийнхээ халамжинд олон жил хамтдаа сайхан амьдарсан даа, бид хоёр.
Ижий минь манай өвгөнд их сайн. Болж бүтэхгүй ямар нэг асуудал гарвал хүргэндээ л хэлнэ. Ижий их юм гуйхгүй л дээ. Амь шигээ хайрладаг бага хүүд асуудал гарвал хэлнэ. Политехникум төгсөхөд нь Дундговьд хуваарилчихлаа, хүн танихгүй газар хүүгээ явуулахгүй гээд. Хотод үлдээсэн чинь хүү нь сургуульд эрт орсон болохоор насанд хүрээгүй гээд цэргийн газарт ажилд нь авдаггүй. Энэ бүгдэд өвгөн л арга эвийг нь олж зохицуулна.
Өвгөн бид хоёр зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдээ мэдлэгтэй, мэргэжилтэй болгох, хамгийн гол нь хүний ном сайтай, хүн шиг хүн байхын их ухааныг тэд минь надаас илүү ааваасаа авсан. Ном их уншина, ажилдаа маш хариуцлагатай, хүнд хэлсэндээ хүрэх, зорьсон үйлээ бүтээхийн төлөө зүтгэдэг шаргуу занг тэд ааваасаа л сурсан. Тийм болохоор миний хүүхдүүд сайн сайхан амьдарч байгаа гэж би боддог.
Сайн ханийнхаа хүчинд би жаргасан. Олон сайхан хүүхдийнхээ буяныг эдэлж өндөр насалж байна. Хүүхдүүдээс минь хоёр нь бурхан болж, дөрвөн хүүхэн минь тэтгэвэрт гарч надтай хамтдаа өтөлцгөөж байна даа.
Ууган хүү Намсрай минь малчин байсан. Том охин Нямцэрэн багш, удаах нь Бямбадорж хойно төгссөн цахилгааны инженер байлаа. Түүний дараагийнх нь Батдолгор эмч, хоёр бага охины том нь Туяа хүнсний технологич, бага нь Диймаа багш мэргэжилтэй ч одоо бол захиалгаар оёдол үйл хийдэг завгүй хүн болсон.
Хүүхдүүдийн минь хүүхдүүд, тэдний хүүхдүүд гээд манайх жилээс жил өнөр өтгөн болж байна даа. Муу яваа, тааруухандаа гэж чих халууцуулах хүн гараагүй ээ. Хүргэн, бэрүүд минь ч бурхны авралаар дандаа сайхан хүмүүс таарч байгаа нь миний аз шүү.
ГУРВАН ҮЕИЙН БАГШ ТӨРҮҮЛСЭН ИЖИЙГЭЭРЭЭ БАХАРХАХ ҮРСИЙН ҮГ
“Би айлын том охин. Багш аав ээжийнхээ үргэлжлэл болж Багшийн дээд сургуульд төгсөж, монгол хэлний багш болсон. Насаараа багшлахдаа ижийгийнхээ зааснаар, аавынхаа сургаснаар явсан минь хамгийн зөв сонголт байсныг харуулсан. Миний хань багш хүн байлаа. Хүү минь, бэр минь багш. Ах дүү нарын минь хүүхдүүдээс ч олон багш нар гарсан. Нэг үгээр манайх гурван үеийн багш нар. Тэдний толгой нь ижий минь” хэмээн бахархсан сэтгэлээ М.Лхамсүрэн багшийн том охин С.Нямцэрэн багш хуваалцсан.
“Ижий минь дөч гаруй жил халаагүй хийсэн багшийн ажлаа ач зээ хардаг эмээгийн албаар сольж хотод суурьшсан ч түүнийг багшаа хэмээн хүндлэн орж гарах хүний хөл тасрахгүй. Цагийн аяс, хорвоогийн жамаар зорьж ирэх шавь нарынх нь тоо жилээс жилд цөөрч байгаа ч үргэлжлэл нь болсон үр хүүхдүүд нь ээж аавынхаа багшийг гээд ирэх нь ч бий. Тийм болохоор манайх цагаан сарын идээгээ хураахдаа огт яардаггүй. Саяхан болтол ижий минь тэр ирсэн, одоо тэр ирэх ёстой хэмээн багахан данс хөтлөх шахдаг байв.
Ижий хүнд юм өгөх дуртай. Хэн ч орж ирсэн цай хоол болно, гарахад нь гар дээр нь тавих чихэр жимс гэдэг болохоор авдрыг нь дүүрэн, хөргөгчинд жигнэх бууз бэлэн байлгах нь бид хэдийн үүрэг” хэмээн отгон охин С.Диймаа ярьсан юм.
Ижий нь тооны багш учраас хүүхдүүд нь багаасаа тоонд гайгүй, гүйх ухаан сайтай болж өссөн. Тэдний хэн хэн нь зөвхөн толгойдоо эрдэм “хийгээд” зогсох биш, гараараа юм бүтээж сурах ёстойг ойлгосон гэдэг. Лхамсүрэн гуайн юмаар юм хийх ухааныг нутгийнхан нь андахгүй. Эд ховор цагт тэмээний ноосоор гадаадынхаас дутахгүй махеран малгай нэхдэг байж. Бас түүний урласан торон бүрх эрэлттэй байсныг мэдэх, дурсах хүн ч бий. Өөрийнхөө хийж сурсныг охиддоо зааж өгнө.
Энэ тухай охин С.Батдолгор “Ижийгийн заасан оёж шидэх, нэхэж хатгахыг сурах гэж хэчнээн мэрийвч түүнийг хэзээ ч гүйцдэггүй, ямар нэг зүйл нь заавал өөтэй болдог сон. Харин хамгийн бага дүү Диймаа ижийгийн урныг өвлөсөн. УБДС-ийг төгсөөд дунд сургуульд багшилж байсан дүү минь одоо монгол хувцасны нэртэй урлаач болсон. Төрийн томчуудын дээл хувцсыг урладаг байсан хүн шүү дээ.
Аливаад гүйлгээ ухаан их сайтай хүн дээ, ижий. Тэр чанар нь Талх, чихэрт мэргэжлээрээ ажиллаж байгаад хувиараа бизнес хийдэг болсон С.Туяад минь илүү байдаг юм. Туяагийн хүчээр манайхан бизнест орцгоосон гэж болно доо” хэмээсэн.
С.Батдолгор эмчийг Өвөрхангайд олон хүн танина. Ялангуяа Баянгол сумынхан “Манай эмч” гэж ирээд магтах юм билээ. Түүнийг ажиллаж байх үед сумын эмнэлэг “Улсын тэргүүний” гэдэг тодотголтой болсон, сумынхны хэнд эрүүл мэндийн ямар тусламж хэрэгтэйг яг таг мэддэг байсан гэдэг. Сүүлд аймгийн Эрүүл мэндийн газар, “Өгөөмөр” сувилал гээд эмчийн мэргэжлийг эзэмшсэнийхээ ид хавыг харуулж зөндөө олон хүнд тус дэм болсныг хүмүүс магтдаг.
Охин С.Туяа “Ижий их уяхан хүн. Нас нь ахиад улам л нулимс ойрхонтой болж байгаа. Бид багадаа ааваасаа биш ижийгээс эмээдэг байсан. Аав барагтай л бол юм хэлэхгүй. Олон жил намын ажил хийсэн, намын хороонд лектор, хотын намын хорооны дарга, Усын аж ахуйн ТМС-ийн захирал гээд ихэнхдээ даргын алба хашсан аавын ар тал ижийгийн гарт найдвартай байжээ. Насан өөд болтлоо л аав минь аливаад “Лхамсүрээн хө яахав...” гэж амыг нь хардаг байсан сан.
Аав гэлтгүй бид ч ижийгийн амыг харна. Эрдэм сурахад ч анхны багш минь ижий байсан. Ойлгоогүй хичээлээ гэртээ ирээд ижийгээс асуугаад даалгавраа амархан хийчихнэ. Ах эгч нар минь ч ялгаагүй. Тийм болохоор тэд бүгд сурлага сайтай, мундаг хүүхдүүд байсан. Ижийгийнхээ энд хүрч үр хүүхэддээ үлгэрлэж чадахгүй л яваа ч сайхан хүмүүсийн үргэлжлэл сайн явах ёстой гэсэн хатуу итгэл үргэлж зоригжуулж байдаг” хэмээлээ.
Ийм л нэгэн эгэл атлаа эгэлгүй багш ижийг энэ удаа онцоллоо. Сайхан ижийгээ түшин хамтдаа жаргаж суугаа охидоор нь бахархлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 73 (7815)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn