Ч.БЯМБАА
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэнгээс хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол Судлалын шинэ эрин” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр эхэллээ. Тус хурлыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр үргэлжилнэ.
Хурлаар монгол хэл шинжлэл, харьцуулсан хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүй олон нийтийн харилцаа, түүх археологи, нийгэм улс төр, эрх зүй, соёл судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн дижитал эрин үед Монгол судлалыг хөгжүүлэхэд судлаачдын хувь нэмрийг оруулахад хурлын үндсэн зорилго чиглэж байна.
“Монгол судлалын өгүүлэлүүд олон улсад хэвлэгдэж гарах нь Монголыг сурталчилахад чухал ач холбогдолтой”

Тус эрдэм шинжилгээний хурлыг 2013 оноос “Монгол судлалын шинэ эрин” гэх нэрийн дор зохион байгуулж ирсэн байна. Энэ удаагийн хуралд нийт 150 гаруй эрдэмтэн судлаач оролцож байгаа бөгөөд зургаан салбар хуралдаанд 100 гаруй илтгэл танхимаар, 20 нь цахимаар, бусад нь ханаар танилцуулагдах юм.
Монгол судлалын шинэ эрин хуралд монгол хэл, утга зохиолын судалгаа давамгай оролцдог. Энэ жил ч мөн тийм байна. Хурлын бас нэг онцлог нь салбар хуралдаан бүр өөрийн гэх судалгааны чиглэл, сэдэв зарласан нь юм. Тухайлбал, 2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буй тул түүхийн салбар хурлаа “Их Монгол Улсын түүх, археологи, соёлын судалгаа” сэдвийн хүрээнд чиглүүлсэн байна.
“Улс орон хоорондын хэл соёл, түүхийн судалгаа нь харилцан хамтарч ажиллахад зориулагддаг. Иймд Монгол судлал тодорхой түвшинд хөгжөөд энэ чиглэлээр олон өгүүлэл, ном бүтээл дэлхийн хэмжээнд олон улсын хэлээр хэвлэгдэж гарах нь Монголыг сурталчилж, Монголын түүх соёлыг ойлгож, мэднэ” хэмээн МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболд хэлж байлаа.
Түүнчлэн МУБИС 2023 оноос бодлогынхоо хүрээнд Монгол судлалын хүрээлэнгээ байгуулсан байна. Монгол судлалаар дагнасан судалгааны хүрээлэнтэй байх нь олон улсын болон Монгол дахь монгол судлалд өөрийн хувь нэмрээ оруулж буй хэлбэр хэмээн тэрээр хэлсэн юм.
“Хүн төвтэй хэл шинжлэлийн үүднээс монгол хэлнийхээ асуудлыг судалж, үр дүнгээ хэлэлцэж буй нь чухал”
Энэ үеэр МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор Л.Сарангэрэл “Өнөөдрийн хурлаар “Аман аялгуунуудын үгийн санг нийгэм хэл шинжлэлийн талаас авч үзэх нь” гэх илтгэлээ танилцууллаа. Ингэхдээ Торгууд 2024, Захчин 2025 гэсэн МУБИС-ийн төслийн хүрээнд судалгаа хийсэн үр дүнгээсээ танилцууллаа. Монгол судлалын хүрээлэн, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш нар хамтран нутгийн аялгууны хээрийн судалгааг хийж эхлээд одоо гурав дахь жилдээ явж байна. Ингээд хоёр жилийнхээ судалгааны үр дүнгээс танилцуулж байна. Монгол судлалын шинэ эрин гэдэг нь сүүлийн үеийн судалгаануудыг танилцуулах, судлаачдыг орчин үеийн судалгааны чиглэлээр танилцуулах зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байгаа. Мөн хүн төвтэй хэл шинжлэлийн үүднээс монгол хэлнийхээ асуудлыг судалж, үр дүнгээ танилцуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Түүнчлэн танихуйн хэл шинжлэл, угсаатны хэл шинжлэл гэх мэт сүүлийн үеийн хавсарга хэл шинжлэлийн үүднээс судалгаа хийж, үр дүнд нь монгол хэл шинжлэлд өөрчлөлт гарч байна” гэлээ.
Хуралд ОХУ-ын Буриад улсаас оролцохоор ирээд буй Ч.Гүнсмаа илтгэл танилцуулав. Тэрээр “Монгол судлалын шинэ эрин” хуралд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаагийн хуралд “Монгол хэлний дүрс үгсийн давталт, давтах аргаар бий болсон авиа бэлгэдлийн үгсийн тухай ярьсан байгаа. Манай хэл шинжлэлийн хүрээлэнгийнхэн “Буриад хэлний тайлбар IV” дэх ботыг гаргахаар бэлтгэж байна" гэсэн юм.
“Зүүдний хэл шинжлэл”-ийн судалгаа нь хүний хөгжилд хувь нэмэр оруулна”
Олон улсын хэл шинжлэлийн эрдэмтэд чуулж өөрсдийн чухал ач холбогдол бүхий судалгааны ажлуудаа танилцуулсны нэг нь "Отгонтэнгэр" их сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ч.Соёлмаа “Зүүдний хэл шинжлэл”-ийн тухай хийсэн судалгаа байв.
Тэр бүр судлагдаад байдаггүй ч тун сонирхолтой энэ судалгааг тэрээр анх удаагаа монгол хэл шинжлэлд оруулж иржээ.
Энэ тухайгаа "Отгонтэнгэр" их сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ч.Соёлмаа “Зүүдний ярианд хэл шинжлэлийн анализ хийсэн байгаа. Хэлэх гэдэг үйл явц оршиж байгаа бүхнийг судлая гэвэл хүний дотоод ертөнцөд ч гэсэн хэлэх үйл явц явагдаж байдаг. Үүний нэг жишээ бол дотоод хэлэхүй буюу хүний бодол байдаг. Нөгөө нь зүүдэн дэх хэл яриа байгаа. Тус судалгаагаараа хэл шинжлэлийн судалгааг шинэ түвшинд авчирч чадсан гэж харж байгаа. Яг энэ чиглэлээр монгол хэл шинжлэл дээр судлагдсан зүйл байдаггүй юм байна лээ. Харин өрнийн хэл шинжлэлд судлагдсан байдаг ч маш цөөн байдаг. Яагаад гэвэл зүүдийг судлахад хэцүү, тэр дундаа хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй шүү дээ. Зарим нь сэтгэл судлалтай холбож боддог. Тиймээс судалгаанаас гадуур орхигдох нь бий. Энэ судалгаа маань хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулж чадахуйц болсон гэж харж байгаа. Мөн зүүдийг хүний дотоод ухамсар, гүний сэтгэлзүйтэй холбодог учраас тухайн хүний дотоод ухамсар нь зүүдний яриагаар илэрч байгаа гэдгээр хүмүүс өөртөө анализ хийх ч боломжтой” гэв.
Өнөөг хүртэл монгол судлалыг сэтгэлтэй хүмүүс санаачилж ирсэн. Харин одоо төрийн бодлогын хэмжээнд анхаарах шаардлагатай байгааг хуралд оролцогчид хэлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 73 (7815)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn