Аав нь охиноо тайзан дээр урилаа. Бяцхан охины  анхны үнэ цэнтэй тайз, алга ташилт их танхим биш  орны хөшигний  цаанаас нээгдэх  жижигхэн ертөнц байв. Тэнд мэргэжлийн хөгжим, гэрэл байхгүй. Бас тэр тайзан дээр  алдаа гаргачих вий гэсэн айдас байсангүй. Тэр жижигхэн орон зайн тайзнаас амьдралын  олон том тайзын эхлэл тавигдаж,  урлагийн хүн болох дэврүүн мөрөөдөлд хөтөлсөн нь энэ.

Мөн тухайн үед Монголын циркийн урлагт уран нугараачийн ур чадварыг дэлхийд гайхуулж,  мандаж явсан Б.Норовсамбуу хэмээх эрхмийн уяан налархай төгс хөдөлгөөн  охиныг урлагт  илүү ихээр дурлуулж, уран гимнастикаар хичээллэхэд ч нөлөөлжээ. Улмаар бүжигчин болох хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Монголын урлагийн салбарт  өөрийн гэсэн ертөнцөө бүтээж яваа  соёл судлаач, бүжигчин, соёлын тэргүүний ажилтан З.Лхагвасүрэнг энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа хөрөг нийтлэлийнхээ зочноор  урьж, ярилцлаа.

 

“Итали оронд багш маань тайзан дээр хүндэтгэлийн  ёсолгоо хийж байсан тэр мөч үнэхээр  гайхалтай, байсан”

Алдарт биелээч М.Пүрэвжалын нэрэмжит наадмын үеэр. 2007 он. 
Ардын жүжигчин Р.Санжидын нэрэмжит наадам. 2010 он. 

Түүний урлагийн салбарт 50 гаруй жил  бие сэтгэл, авьяас чадвараа зориулсан амьдралынх дахин давтагдашгүй ертөнцөөр дахин  аялъя.

Бүжигчин болох хүсэл мөрөөдлийн  биелэл бол Завхан аймгийн Соёлын ордон байлаа. Сургуулийнхаа мянга гаруй хүүхдүүдээс шалгарсан жаахан охин аймгийнхаа Соёлын ордонд  хөл тавьсан нь их урлагийнхаа тогоонд  орж амьдралынхаа эхлэлийг тавьсан нь энэ.  Энэ тухайгаа “ Миний анхны тайзан дээр бүжиглэсэн бүжиг  “Үелзүүр”  бүжиг байлаа. Энэ бүжиг маань  үзэгчдэд ихэд таалагдаж зарим үед дахиулдаг байсан юм. Тэрхүү алга ташилтаас их урам авч улмаар драмын жүжигт тоглож байсан. Тухайн үеийн театр, соёлын ордны уран бүтээлчид бүхий л зүйлдээ оролцдог байсан. Жүжигт тоглох, дуулах, хөгжим тоглох гээд бүхий л зүйлд нь хамрагддаг байсан. Соёлын ордонд арав гаруй жил ажиллахдаа Хөдөлмөрийн хүндэт медаль шагнал урамшуулал авдаг байсан.Хуучнаар УАДБЧ-д мэргэжил дээшлүүлж XX зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багш болон олон багш нарын шавь удирдлага дор бүжигчин, бүжгийн багш гэсэн үнэмлэхтэй төгсөж байсан. Тухайн үеийн Соёл яамны бодлого нь урлаг соёлын салбарт шат дараатай бодлогыг системтэйгээр хөгжүүлж,  хот  болон орон нутагт урлаг соёлыг нэг түвшинд хөгжүүлэхийг зорьдог байсан. Үүний хүчинд соёл урлагийн салбар  хурдтай хөгжиж өнөөгийн мэргэжлийн урлагийн өнгө төрх, эрч хүч нь саараагүй хөгжиж байгаа гэж гэдгийг  тэрээр хэлсэн юм.  Тэр бодлогын  хүрээнд  урлагийн томоохон зүтгэлтнүүд хөдөө орон нутагт   очиж ажиллах, курс сургалт зохион байгуулах, мөн Оросын мэргэжилтнүүд урьж  ирж ажилладаг байсан зэрэг ажлууд ихээхэн үр дүнтэй ажлууд байсан. Манай бүжгийн ангид гэхэд оросын 2-3 мэргэжилтэн  багш нар ирж ажиллаж байсан. Бидний үед М.И Багшиев багш ажиллаж байлаа. Тэр багш бол гайхалтай сайн сургалт өгч байсан ялангуяа хөлийн хөдөлгөөн, эргэлт, үсрэлтийн хөдөлгөөнүүдийг маш ур чадваржуулж мэргэжлийн арга барилыг шинэ түвшинд гаргаж  одоо ч тэр багшийн олон ардын дасгал мэргэжлийн сургалтуудад хэрэглэгдэж байгаа” гэсэн юм.

1976 он. Энэ цаг үе бол түүний ажил мэргэжлийн дараагийн шинэ тайз байлаа. Тэрээр УАДБЧ-д ажиллаж Монгол бүжиг хэмээх дахин  давтагдашгүй  өв соёлыг  дотоод болон гадаадын  үзэгчдэд таниулан сурталчилж 50 гаруй  орноор аялан тоглож,  Монголын бүжгийн урлагийн өнгө төрх,  утга агуулгыг олон улсын тайзнаа  хамт олноороо хүргэлцэж  явсан уран бүтээлчдийн нэг юм.

Олон уран бүтээлчидтэй ярилцахад “тайз бүхэн  онцгой,  дахин давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг” гэдэг. Магадгүй тэр мэдрэмж л тэднийг урлагт илүү гүн дурлуулж,  мэргэжилдээ шунан зүтгэх шалтгаан болдог байх.  Түүнтэй адил манай нийтлэлийн зочны  хувьд ч тайз бүр  онцгой байх ёстой. Гэхдээ тэр дундаас  хамгийн тод дурсамжийг  нь онцлон асуухад тэрээр инээмсэглэн ингэж хариулав.

Ц.Сэвжид хэмээх гайхалтай хүний шавь болсондоо би үргэлж бахархаж явдаг. Монголын бүжгийн урлагийг дэлхийн тавцанд гаргасан хүн шүү дээ. 1984 онд  бид  багштайгаа хамт хөрөнгөтөн  орон руу тоглолт хийхээр явсан. Тэр үед багш маань “Бид социалист орнуудаар олон удаа явсан. Харин хөрөнгөтөн оронд Монголын өв соёлыг хэрхэн хүлээж авдгийг хармаар байна” гэж хэлж байсан.  Италийн задгай  театрт тоглолтоо хийхэд үзэгчид 20 минут тасралтгүй алга ташсан нь одоо хүртэл сэтгэлд минь тод байдаг юм.  Багш маань тэр үед тайзны өмнө гараа дэлгэн үзэгчид болон бидэн рүү ёслоход үнэхээр  гайхалтай, мөч байсан хэмээн дурсав.

 

Түүний амьдралын өөр нэг “өнгө”

ЮНЭСКО-д монгол биелэгээг бүртгүүлэх хээрийн судалгааны ажлын хэсгийнхэн.

Ийнхүү  тэрээр Ардын дуу бүжгийн чуулгад 15 жил ажиллаад 30 гаруй насандаа гавьяаны амралтад гарав. Энэ үе нь нийгмийн шилжилт,  өөрчлөлтийн “шуургатай”-тай давхцах нь тэр. Дэлгүүр, хоршооны лангуун дээр шүдэнц, давс, сахарнаас өөр  бараа ховор хүндхэн  он жилүүд байлаа.

Тэр үед  миний хань нь бурхны оронд зорьж, хүүхдүүд ч нас балчир байлаа. Амьдралын олон өнгө давхацсан цаг хугацаа байв. Гэвч тэрээр уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ  хэцүү цаг хугацааг даван туулж өнөөдрийн өөрийгөө бүтээж яваа нэгэн юм.

Чуулгаас тэтгэвэрт гараад юу хийхээ мэдэхгүй явж байсан үед нь Ж.Бадраа, Цоодол гуай нар хамтран ардын урлагийн чиглэлийн “Хуур магнай” чуулгыг үүсгэн байгуулсан нь одоогийн Түмэн эх чуулгын суурь болсон түүхтэй. Тэрээр уг чуулгад  гурван жил гаруй хугацаанд бүжиг дэглээч Д.Нанжид багштай ажиллажээ. Гэвч амьдралын шаардлага түүнийг тайзнаас түр холдуулж,  зах зээлийн хатуу цаг үе рүү хөтлөх нь тэр. Бээжин -Улаанбаатарын хооронд онгоц, галт тэрэгний  наймаа хүртэл хийж явсан нь  түүний амьдралын нэгэн өөр өнгө байлаа.

2000-аад оны үед тэрээр УАДБЧ болон ханийнхаа ажиллаж байсан УДБЭТ-аар ороход  уран бүтээл буцалж, дотоодод хийгээд олон улсад эх орныхоо нэрийг мандуулж явсан  газар нь тоос шороонд дарагдчихсан, гундуу байхыг хараад түүний сэтгэлд хүнд тусжээ.

Чуулгынхаа уран бүтээлчдээ дахин  тайзан дээр гаргах  зорилго өвөрлөн,  160 гаруй уран бүтээлчдийг цуглуулж томоохон тоглолт зохион байгуулжээ. Түүний зорилго нь үзэгчид цөөн байсан ч хамаагүй  уран бүтээлчдээ дахин таниулахыг, тайзан дээрээ тод гэрэлтэхийг харахыг хүссэн аж. Тэдний хүсэн хүлээсэн тоглолт дуусахад үзэгчид алга ташиж, зарим нь уйлж,  уран бүтээлчид ч гэсэн  нулимс дуслуулсан  үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байв.  Энэ бүхнээс  урам зориг авч,  илүү их итгэл төрөн  Монгол Улсыг дэлхийд сурталчилж явсан уран бүтээлчдээ алдаршуулах зорилгоор  түүх дурсамжийг өгүүлэх  ном бүтээхээр зорьж “Жаран жарнаар дуурсагдах авъяастнууд” хэмээн ном бүтээсэн нь чуулгын түүхийн хуудсанд анхдагч алхам байв. Тухайн үед дурсамж түүхээр ном гэдэг тийм амар байгаагүй миний сэтгэл зүрх л бүтээсэн би ч бичвэрийн хүн биш байсан даа хэмээн тэрээр өгүүллээ.

 

Биелээчдийнхээ “уурхайг” ухсаар л явна

Олон улсын бүжгийн өдөр Эрдэнэт хот. 2010 он.

Энэ олон ажлынхаа хажуугаар тэрээр наймаагаа ч хийсээр явахдаа  “Монголын бүжгийн салбар  ингэж чимээгүй байж болохгүй” гэсэн бодол сэтгэлд нь үргэлж хамт явсаар байлаа. Тиймээс судалгаа шинжилгээ, эрэл хайгуулд  сэтгэл зүрхээ зориулсан нь тэр. Монголын бий биелгээний үүсэл, хөгжил, онцлог мөн чанарыг  судлан олон нийтэд сурталчлан таниулах түүний  үйл хэрэг нь  энэ их өвийг  хадгалж,  хамгаалж, ирээдүйд өвлүүлэхэд чиглэсэн  чухал алхам байв.

Ингээд 2006 онд "Монгол ардын язгуур урлаг бий биелгээ"  холбоо ТББ  байгуулж  Монгол биелгээг  ЮНЕСКО-д соёлын өвд  бүртгүүлэх  томоохон  зорилго тавьж Энэ хүрээнд  бүжиг дэглээч Д.Нанжид багшийн нэрэмжит бий биелгээ, Морин хуурын татлага,гавьяат жүжигчин Г.Идэрбатын нэрэмжит, Дархад, Хотгойд ардын дуугаар  Д.Надмид нарын нэрэмжит наадам зохион байгуулжээ.

2008 онд ЮНЕСКО-ийн Монгол дах албан ёсны төлөөллийн дарга  Уртнасангийн  удирдлага дор баруун аймгуудаар хөөмий, бий биелгээ цуур гэсэн гурван төрөлд хээрийн судалгааны багт орж ажилласан тэрхүү судалгааны тайлан номинаци  үр дүнтэй болж 2009 онд Монгол биелгээг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвийн жагсаалтад бүртгэн авсан байна. Монголын уламжлалт  бүжиг биелгээ бол дахин давтагдашгүй ховор нандин зүйлийн нэг юм.

Энэ чиглэлээрээ тасралтгүй 20 жил болж байна үүнийхээ дагуу  жил бүр цүнхээ үүрээд баруун аймгийг зорьдог ажилтай болжээ. Тэрээр  20 гаруй наадмыг төв болон орон нутагт 6000 гаруй хүмүүсийг хамруулан зохион байгуулсан байна. Ингэхдээ судалгаа, сурталчилгаа, сургалт гэсэн чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлжээ.  Энэ талаар “  Баруун Монголын бий биелгээ нь олон соёлын өвийг хамт өвлөгддөг гайхалтай онцлогтой соёлын өв юм.

Би өөрөө бүжиглэдэг байхдаа нарийвчлан сайн мэддэггүй  байсан юм билээ. Дотор нь ороод, судалгаа хийгээд явахад олон зүйлийн таньж мэдсэн одоо ч суралцсаар л байна. Захчин,Торгууд, Урианхай, Өөлд, Мянгад, Баяд, Дөрвөд Хотон зэрэг угсаатнууд өөр өөр өвөрмөц онцлогтой. Бий биелгээ нь гэрийн орчинд үүссэн  гэрийн бүжиг ч хэлдэг.

Угсаатан тус бүрийн  хувцасны  өнгөний бэлгэдэл, хөдөлгөөний намба зэрэг нь онцлох ялгаатай, биелээч тус бүр өөрийн гэсэн өвөрмөц биелэх намбатай зэрэг олон утга өгүүлэмж илэрхийлж байдаг. Тиймээс язгуураар нь хамгаалж, орон нутагт нь түшиглэн наадам зохион байгуулах  илүү үр дүнтэй гэж боддог. Энэ ажлынхаа хүрээнд тухайн орон нутгийнх нь алдартай уран биелээчдийг алдаршуулан тэдний нэрэмжит болгон зохион байгуулсан. Тухайн үед санхүүгийн хувьд  амар байгаагүй ч   төрөөс нэг ч төгрөг авалгүй, зөвхөн урлагт хайртай чин сэтгэл, урам зориг, итгэлээрээ ард нь гарч байлаа.

Угсаатан, ястнуудын ялгааг холилдуулж  болохгүй. Жижигхэн хөдөлгөөний ялгаа ч  соёлын том ялгааг  илэрхийлдэг. Тиймээс  биелгээг шинжлэх ухааны  түвшинд судлах  хэрэгтэй юм байна гэж бодсон. Жишээлбэл, Хотон биелгээний татлага юу илэрхийлж байна гэх зэрэг нарийн судалгаа хийх шаардлагатай  гэж үзсэн.  Ингээд Бүжгийн  урлагийн зөвлөл  байгуулах санаачлага гаргаж, багш нараа урьж энэ тухай ярилцаад, анхдугаар чуулга уулзалтаа зохион байгуулж байлаа.  Би удирдах зөвлөлд ажилладаг байсан ч  хоёр жилийн дараа үйл ажиллагаа нь зогссон, одоо  үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Төр бодлогоороо урлаг соёлын салбараа дэмжих ёстой. Мөн үндэсний өв соёлд “жалга дов”-ны сэтгэлгээ байж болохгүй” гэв. Мөн тэрээр хүмүүс  өдөр тутамдаа мөрний хөдөлгөөнийг хийгээд сурчихвал  эрүүл мэндэд ч  тустай гэдгийг хэлж байлаа.

 

“Нэг сайхан уран бүтээл хийчхээд алдаа гаргахгүй үзэгчдэдээ хүргэх хамгийн сайхан мэдрэмж”

УАДБЧ-д ажиллаж байх үе.

Бүжиг гэдэг хүний бие, сэтгэл, дотоод ертөнц нэгэн хэмнэлд уусаж,  тухайн өгүүлэмжийг биеийн уран намба, хөдөлгөөнөөр илэрхийлдэг “амьд” хэл юм.  Гэхдээ энэ хэл зөвхөн гоо сайхны илэрхийлэл төдийгүй, хатуу сахилга бат,  сэтгэл зүйн тэсвэр,  мэргэжлийн дэг журам дээр тогтдог урлаг аж. Тэрээр бүжигчин  мэргэжлийнхээ онцлогийн талаар “ Тоглолт бүр хариуцлага чадвар шаарддаг баг хамт олноороо тайзан дээр ямар нэг алдаа гаргахгүй үзэгчдэдээ хүргэх хамгийн сайхан мэдрэмж” байдаг гэсэн юм.

Бүжгийн урлаг дотроо гоцлол болон массын бүжиг гэж бий.  Гоцлол бүжигчин нэг жижиг алдаа гаргасан ч  үзэгчдэд тэр бүр  анзаарагдахгүй өнгөрч болох.  Харин 30-40 бүжигчин тайзан дээр гарахад нэгэн цул байх ёстой. Массын бүжиг гэдэг мэргэжлийн ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг аж. Учир нь нэг хүний алдаа  олон хүний хөдөлмөрийг хоромхон хугацаанд үгүй болгодог гэсэн юм.  Тиймээс уран бүтээлийн чанар сайн байхад массын бүжигчдийн үүрэг их гэдгийг тэрээр онцолж байлаа.

Нөгөөтээгүүр урлаг гэдэг хүнд гайхалтай сайхан мэдрэмж өгөхийн зэрэгцээ бас хатуу дэг  сахилга батыг шаарддаг онцгой мэргэжил аж.  Урлагийн хүн тайз руу алхахдаа хувийн бүх мэдрэмжээ  ардаа үлдээж, тэр цаг хугацаанд тухайн  дүр,  хөдөлгөөнд бие сэтгэлээ зориулах ёстой. Үүнийг ч тэрээр амьдралдаа туулжээ. Урлагийн хатуу дэг, сэтгэл зүйн онцлог тэнд байдаг.  Энэ нь нэг талаасаа сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байгааг, хоёрдугаарт  тухайн хүн  урлагт чин сэтгэлээ өгсөн  байгааг илтгэдэг гэсэн юм.

“Хүмүүн заяаг олж төрөхдөө  бүжгийн урлагтай амьдралаа холбосон минь их хувь заяа  гэж  үргэлж талархаж явдаг” хэмээн З.Лхагвасүрэн хэлж байлаа.  Угаас түүний амьдралаас бүжгийн урлагийг ялгаж салгахын аргагүй орон зай аж.   Монгол бүжиг хэмээх дундаршгүй их өвийг тэрээр  судлах тусам улам их татагдаж,  улам ихээр дурлаж, биелээчдийнхээ “уурхайг” ухсаар л явна гэсэн юм.

Тэрээр "Монголын уужим тал нутагт уртын дуу цуурайтаж морин хуур, хөөмийн эгшиг тэнгэрт уянгалахад, монгол ахуй сэтгэлгээний өвөрмөц онцлог бүжиг, биелгээний хөдөлгөөнөөр амилдаг.Монгол бүжиг, биелгээ бол монголчуудын соёлын дархлаа, үндэсний онцлогийг хадгалсан үнэт өв юм. Дэлхий дахинд соёлын нэгдэл, глобалчлал хүчтэй өрнөж байгаа энэ үед үндэсний өв соёлоо хадгалах нь туйлын зорилго юм. Иймд монгол бүжиг Биелгээний өвөрмөц намба төрхийг дэлхийд харуулах нь соёлын дархлаагаа бэхжүүлэх гол хэрэгсэл" хэмээн ярилцлагаа өндөрлүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 69 (7811)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn