ДАМДИНСҮРЭНГИЙН ГАНСҮРЭН

(1976-2026)

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Гансүрэн нь 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Гансүрэн нь 1976 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод Ж.Дамдинсүрэнгийн ууган хүү болон мэндэлсэн. Нийслэлийн 49 дүгээр сургууль, “Их шавь” дээд сургууль, Удирдлагын академи, “Шихихутуг” их сургуулийг тус тус төгсөж, биеийн тамирын багш, дасгалжуулагч, бизнесийн удирдлага, менежмент, эрх зүйч мэргэжил эзэмшсэн юм.

Тэрээр олон улсын таеквондогийн олон улсын хэмжээний мастер бөгөөд Монгол Улсад энэ спортыг хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, олон шавь төрүүлэн монгол хүний тууштай дайчин зан чанар, спортын ёс суртахууныг дэлхий дахинаа таниулсан эрхэм гавьяатай хүмүүн байлаа. Үүний зэрэгцээ Монгол-Японы улс төр, соёл, урлаг, бизнесийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, “Хөх Монгол бүлгэм”, “Хөх тэнгэр зэв” төрийн бус байгууллагын тэргүүн, Олон улсын таеквондогийн холбооны Монголын дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, нийгмийн оюун санаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Д.Гансүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдон, авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж, үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх, авлигатай тэмцэх үйл хэрэгт өөрийн мэдлэг оюун, чадвар туршлагаа харамгүй зориулсан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор  шагнажээ.

Дамдинсүрэнгийн Гансүрэнгийн улс Монголынхоо төлөө гэсэн чин сэтгэл, тусгаар тогтнолыг эрхэмлэсэн зарчимч зан чанар, үнэт зүйл, эх оронч үзэл санаа, эрхэм зорилгодоо хүрэхээр хийж бүтээсэн үйл хэрэг, ажил мэргэжлийн ур чадвар, шударга үнэнийг баримталсан тууштай зүтгэл, нөхөрсөг эгэл дүр төрх нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР