П.АМГАЛАНБАЯР
Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтийн баяр амралтын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-н энэ сарын 31-ний өдөр тохионо. Энэ өдөр Бурхан багшийн хоёр манлай шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залах юм.
1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ өдрийг дэлхий даяар энх тайвныг түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн тогтоож, 2000 оны хоёрдугаар сард энх тайван, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзлийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэх өдөр болгон албан ёсоор баталгаажуулсан байдаг. Монголчууд эрт дээр үеэс энэхүү өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж, буян хураах, ном үйлдэж ирсэн уламжлалтай.
Мөн 2019 онд УИХ-ын чуулганаар бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. Энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэхийн тулд Гандантэгчэнлин хийд болон бусад сүм хийд, бурхан шашны төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж зуны тэргүүн сарын шинийн 8-наас эхлэн бурхан багшийн гурван дүрд усан тахил өргөж, нийтээр буян хураах үйл хийдэг уламжлалтай.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл “Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Удахгүй бурхан багшийн дүйчин өдөр тохиох гэж байгаа. Энэ өдөр дан ганц бурхан шашинтан биш, монголчууд бүгдэд чухал өдөр гэж боддог. Учир нь энэ өдөр бид нэг нэгнээ хайрлах, зөөлөн хандах, нэг өдрийн хугацаанд ёс суртахуунтай байх, бусдад туслах зэрэг ёс суртахуунтай үйл хэргийг хийдэг ийм баярын өдөр юм. Бурхан багшийн Их дүйчин өдөр нь бурхны шашинтан хүмүүсийн хувьд их чухал баяр. Шашин шүтлэг гэдэг хүн төрөлхтний хувьд эртнээс бий болсон үнэ цэнтэй зүйл. Дэлхий дээр 500 сая гаруй бурхны шашин шүтдэг хүмүүс байдаг. Энэ бол үнэт зүйлээрээ нэгддэг баяр юм” гэлээ.
Бурхан багшийн Их дүйчин өдөр дотоод сэтгэлдээ анхаарал хандуулж, сэтгэлээ ажиглах, сайн үйл хийх нь чухал бөгөөд дүйчин өдөр хийсэн үйл их хүчтэй үр дагавартай гэж бурхны номд тайлбарладаг байна.
Энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдрийн онцгой үйл явдал болох бурхан багшийн манлай хоёр шавийн ринсрэл залах үйл ажиллагаа 30-нд эхэлж, 31-нээс сүсэгтнүүд мөргөх боломжтой болж, зургаадугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлэх аж. Бурхан багшийн хоёр манлай шавийн ринсрэлийн түүх нь Бурхан багшийг амьд ахуйд “Манай шавь нарын манлай” хэмээн айлдсан гэх бөгөөд таалал төгссөний дараа чандарлаж үлдсэн дурсгалтай холбоотой.
1951 онд Британийн археологичид Энэтхэгт хийсэн судалгааны үеэр эдгээр ринсрэлийг илрүүлсэн бөгөөд II зууны үед хамаарах суваргуудаас олдсон гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд эдгээр ринсрэлийг Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залахаар тохиролцсон байна.
Хөтөлбөрийн хувьд 05:00 цагаас нэг өдрийн тэтгэн ариусгах санваар хүртээх, 07:00 цагаас ном хурах, 09:30 цагаас нээлтийн болон ринсрэл залах ёслол, 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ, 20:30 цагаас гэрэлт жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бурхан багшийн Их дүйчин өдөр нь буяны өдөр бөгөөд энэ өдөр сэтгэлээ номхотгож, нэг нэгэндээ энэрэнгүй хандах, сайн үйл хийхийг эрхэмлэхийг уриалж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 103 (7845)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn