Үнийн хөөрөгдөл Монголын дэлгүүрт

Ц.МЯГМАРБАЯР
Ойрхи Дорнодын мөргөлдөөний нөлөө манай гэрийн гадаах дэлгүүрт хэрхэн нөлөөлж буй нь л бидэнд хамгийн их хамаатай байна. Мөргөлдөөн болсноос хойш сар орчмын дараа буюу өнгөрөгч гуравдугаар сарын 24 нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд сайд Г.Дамдинням мэдэгдэл хийхдээ “Ойрхи Дорнодын мөргөлдөөний нөлөөгөөр дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор манайд шатахууны үнэ литр тутамд 500-1000 орчим төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Гэхдээ бид ОХУ-тай хийсэн шатахуун нийлүүлэх гэрээгээр бол 300 төгрөгөөр л нэмэгдэх хязгаарлалтыг хийж байна” гэж мэдэгдсэн.
Гэвч энэ мэдэгдлийн дараагаар өргөн хэрэглээний бараа болох сүү, талх, нарийн боов болон махны үнэ маргааш өглөө гэхэд л Улаанбаатарын гэрийн гадаах дэлгүүрүүдэд 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байсан юм. Тухайлбал, Нийслэлийн статистикийн газраас гаргасан сүүлийн судалгаагаар Улаанбаатарын зургаан дүүрэгт байрлах 15 том зах, худалдааны төвүүдэд хүнсний 33 гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц өссөн. Тэр дундаа найман барааны үнэ өмнөх долоо хоногоос өссөн дүнтэй байсныг судалгаа харуулсан. Тухайлбал, гуравдугаар сарын 16-нд Баянзүрх зах дээр нэг литр сүүний үнэ 4800 төгрөг байсан бол энэ сарын 6-ны байдлаар 5000 төгрөг, улмаар XIII хорооллын 43 дугаар хорооны дунд байрлах найман нэрийн “Соёмбо” болон “Ану” хүнсний жижиглэнгийн дэлгүүрт 5100 төгрөгөөр худалдаалагдаж байсан. Харин “Номин” болон “Оргил” супермаркетад 4900 төгрөг байсан бол мэдэгдлийн дараа 5000-5200 төгрөг болсон байв. Түүнчлэн 21 хоногийн өмнө Баянзүрх зах дээр 3500 төгрөгөөр борлуулагдаж байсан монгол байцайны үнэ энэ сарын 6-ны байдлаар 1000 төгрөгөөр нэмэгдэж 4500 төгрөг болсон. Түүнчлэн тус захад Алтан тариа I зэргийн гурилын үнэ 2386 төгрөг байсан бол даруй 4107 төгрөг болж улмаар талхны нэгж үнэд нөлөөлжээ. Үхрийн цул махны үнэ хаана борлуулагдаж байгаагаас шалтгаалан дунджаар 2000-3000 төгрөгөөр нэмэгдэж 28-32 мянган төгрөг болоод байгаа юм. Brent нефтийн үнэ огцом өсөж, сарын өсөлт түүхэн өндөр түвшинд хүрсэн. Энэ сарын 8-ны байдлаар Brent нефтийн үнэ 109 ам.доллар байна. Үндэсний статистикийн хорооноос мөн сүүлд буюу өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.6 хувь, өмнөх долоо хоногоос 1.0 хувиар тус тус нэмэгдсэн гэдгийг мэдээлсэн.
Үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлэх айдас нийгэмд үүсжээ
Уг үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд дарамт болж байна. Ялангуяа мах, сүү, хүнсний ногооны үнэ огцом нэмэгдсэн нь иргэдийн амин зуулгад хүндээр тусаж байна. Хамгийн анхаарал татсан асуудал буюу дээрх тооцоолол нь дизель түлшний үнэ литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэгдэхээс өмнөх үеийн статистик юм. Өөрөөр хэлбэл, энэ нэмэгдэл Монголын Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг литр тутамд 300 төгрөгөөр нэмнэ гэсэн шийдвэрийн өмнөх судалгаа. Цаашид энэ үнэ литр тутамдаа 1500-2000 төгрөгөөр өсөж магадгүй гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байгаа нь инфляцын дарамтыг улам нэмэгдүүлнэ гэсэн айдсыг нийгэмд үүсгээд байна. Учир нь манай улсын хувьд шатахууны үнэ, цалин, тэтгэвэр нэмэгдэх нэрээр өсдөг бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Энэ тухай эдийн засагч Р.Шинэгэрэл хэлэхдээ “ Аж ахуйн нэгжүүдийн татвар бураагүй тохиолдолд цалин тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэдэг хүнд. Сүүлийн жилүүдэд олсон орлогоо төсвийн тэлэлт нэрээр төрөө томруулахад зарцуулсан. Нэг үгээр илэрхийлбэл,төсвийн тэлэлтээр үнэ, ханшийн өсөлт буюу инфляц үйлдвэрлэсэн. Энэ хэрээр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэм гэж шаарддаг ч үнийг чөлөөлөхгүйгээр боломжгүй. Тэгэхээр манайх шатахууны үнийг чөлөөлж өөрийгөө аваад явах зохицуулалт руу шилжих шаардлагатай. Ийм зохицуулалт хийхгүй бол хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад гол нөлөө үзүүлэгч дизель түлшний үнэ нэмэх сургаар огцом өсгөдөг байдал хэвээр үргэлжилнэ” гэсэн юм.
Үнийн өсөлтийг сааруулахын тулд төр богино хугацаанд татварын дарамтыг бууруулах шаардлагатай
Тиймээс төр ийм нөхцөлд богино хугацааны зөв зохицуулалт хийж дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлж чадвал энэ сорилтыг боломж болгон хувиргах нөхцөл үүсээд байгааг олон эдийн засагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, төр үнийн өсөлтийг сааруулахын тулд татварын дарамтыг багасгаж төгрөгийн ханшийг тогтворжуулах бодлого баримтлах шаардлагатай гэсэн үг. Мөн бусад олон улс энэ жишгийг баримталж байгааг анхаарах шаардлагатай болоод байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмж буй ч энэ нь үнэ, цэнтэй нэмэгдэл биш тооны араас хөөцөлдсөн үзэгдэл болоод байгааг тэд шүүмжилж байна. Ялангуяа, цалин нэмэх, шатахууны үнэ өснө гэсэн шалтгаанаар худалдаа эрхлэгчид дураараа үнэ нэмэх байдал үргэлжилсээр. Мөн үүн дээр НӨАТ-ын нэмэгдэл гээд эцсийн хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүний нэгж үнэ өсдөг. Ер нь сүүлийн жилүүдэд үнэ буурах биш өсөөд байгаа шалтгаан нь татварын хэт хатуу бодлоготой холбоотой гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Бодлого ба зах зээлийн зөвлөмж
Зах зээл судлаач болон хэрэглээний үнийн индексийн судлаач, мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүссэн энэхүү нөлөөллийг “өндөр шокийн үе” болон “ердийн хэлбэлзэл” гэсэн хоёр горимоор бодох нь оновчтой. Нэгдүгээрт, шатахууны шокийн үед нийлүүлэлтийн гинжин доголдлыг багасгах. Ингэснээр махны үнийг өсгөхөөс илүүтэй “тасалдал” үүсгэх эрсдэлийг бууруулах. Үүнд түлшний нөөцийн зохистой бодлого, нийлүүлэлтийн олон эх үүсвэр, логистикийн төлөвлөлтийг зөв хийж хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолж байна.
Мөн импортын үнэ инфляцад өндөр хувь нэмэр үзүүлж буйг Үндэсний статистикийн хорооны тайлан харуулж байгаа тул “гадаад шок-д тэсвэртэй байдал” (resilience) нь инфляц болон хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байх ач холбогдолтой. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар дахь бордоо, тэжээлийн зах зээлийн эрсдэлийг системтэй удирдах. Газар тариалан, үрийн буудай, дотоодын тэжээл үйлдвэрлэл, агуулах‑нөөц, импортын логистикийн өртөг, үр тарианы дэлхийн үнийн хэлбэлзлийг (World Bank Pink Sheet) тогтмол хянах шаардлагатай.
Гуравдугаарт, “үнэ өсөлтийн буруутныг” зөв оношлох аналитик дэд бүтцийг сайжруулах. ҮСХ‑ны өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний тайлан нь мах, шатахуун, импортын барааны хувь нэмрийг задлан харуулдаг бөгөөд 2025 оноос хэрэглээний сагс, жинг шинэчилсэн нь /418 нэр төрлийн бараа Улаанбаатарт гэх мэт/ одоогийн инфляцын хэмжилтийг илүү бодит хэрэглээнд ойртуулах зорилготой. Ийм нөхцөлд бодлого боловсруулахдаа нэгж бүтээгдэхүүний түвшнээс илүү, хувь нэмрийн задлал (contribution decomposition) үр өгөөж дээр суурилсан шийдвэр нь алдаатай арга хэмжээг багасгана. Түүнчлэн зах зээлийн өртөг бууруулах технологи, зохион байгуулалтыг дэмжих.
Шатахуун, махны үнийн өсөлт инфляцыг дангаараа том хэмжээгээр өсгөхгүй ч суурь өртгийг нэмэгдүүлдэг тул тээврийн зохион байгуулалт (буцах ачилт, кластер хүргэлт) хөргөлтийн эрчим хүчний үр ашиг, боловсруулалтын хаягдлын менежмент зэрэг “бүтээмжийн” арга хэмжээнүүд нь шокын үед үнэ тогтворжуулахад үр дүнтэй гэж судалгаанд дурджээ.
Бүсээ чангалах Солонгос хэв маяг
Б.НЯМСҮРЭН
Ираны дайны нөлөө жирийн нэгэн солонгосчуудын өдөр тутмын амьдралд ихээхэн мэдрэгдэж, олон хүн зардлаа танаж, хямд сонголт руу шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нөөцөлж эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Тухайлбал koreajoongangdaily.com, koreatimes.com зэрэг хэд хэдэн сайтад солонгосууд хэрхэн хэмнэлт хийж байгаа тухай, тэр байтугай хувцас хатаалга, хими цэвэрлэгээ тансаг хэрэглээ болж байгаа тухай дэлгэрэнгүй бичжээ.
Тухайлбал, сүүлийн үед хувцас угаалга, хими цэвэрлэгээний үнэ “тэнгэрт хадаж” тансаг хэрэглээ болж байгааг koreajoongangdaily.com-ын нэгэн нийтлэлд онцолжээ. Тус нийтлэлд бичсэнээр “Өвлийн нэг пальто хуурай цэвэрлэгээнд өгөхөд 30.000-40.000 вон болно” гэсэн хариулт сонсоод би их гайхаж цочирдсон” гэж Сөүл хотын Ганнам дүүргийн оршин суугч Ли хэлжээ. Тэрээр онлайн дэлгүүрээс гэрийн хуурай цэвэрлэгээний бодис худалдан авч эхэлсэн байна. “Би пальтогоо л цэвэрлэгээнд өгч байна. Цамц, ноосон цамцаа гэртээ угаадаг болсон. Хоёр сав бодис авч, нэгийг нь эцэг эхдээ явуулсан” хэмээн тэр сурвалжлагчид ярьжээ.
Ойрхи Дорнодын зөрчил эхэлснээс хойш нефтийн гаралтай түүхий эд болох нафтагийн үнэ өсөж, воны ханш сулрах нь импортын зардлыг нэмэгдүүлж, өрхийн амьжиргаанд ихээхэн нөлөөлөх болсон юм. Ялангуяа хуурай цэвэрлэгээнд ашигладаг нефтийн гаралтай уусгагч бодисын үнэ өсөж, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсчээ. “Өмнө нь 20 литр уусгагч 30 мянган вон байсан бол одоо 50 мянга болсон. Пластик уутнаас эхлээд өлгүүр хүртэл бүгд үнэтэй болсон” гэж Гансо дүүргийн нэгэн угаалгын газрын эзэн Ким ярьжээ.
Сошиал сүлжээнд хэрэглэгчид ч адил туршлагаасаа хуваалцаж байна. “11 өвлийн пальто угаалгад өгтөл 280 мянган вон нэхсэн. Малгайны орой дээрх үснээс болж үнэ нэмэгдэнэ гэхээр нь өгөлгүй гэртээ авчирч угаасан” хэмээн өөр нэгэн хэрэглэгч бичсэнийг нийтлэлд жишээ болгон өгүүлжээ. Мөн зарим хэрэглэгч өргөн хэрэглээний барааг ихээр нөөцөлж эхэлжээ. Ялангуяа савласан ус, гялгар уут, нойтон салфетка, аяга таваг угаагч, хүнсний уут, ариун цэврийн цаас, угаалгын нунтаг, уут, нэг удаагийн бээлий гээд ахуйн хэрэглээний барааг ихээр нөөцлөх болжээ. Өмнөд Солонгосын Үндэсний газрын тосны газрын мэдээлснээр, Дубайд газрын тосны үнэ хоёрдугаар сард баррель нь 68.4 ам.доллар байсан бол өнгөрсөн сард 128.5 ам.доллар болж, 87.9 хувиар өссөн байна.
“Хэрэв Ойрхи Дорнодын хурцадмал байдал нефтийн нийлүүлэлтийг хязгаарлавал зах зээлийн жамаар бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ өснө. Ингээд энэ хямралд эцсийн хэрэглэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид л илүү их ачаа үүрэх болно” гэж Хансун их сургуулийн эдийн засгийн профессор Ким Сан Бон хэлжээ.
Хямд хоолны платформ хэрэглэгчдийг хуйлруулж байна

Сүүийн үед Өмнөд Солонгосын залуусын дунд хямд хоолтой газруудын байршил болон хоолны үнийн мэдээлэл, амт чанарын талаар дэлгэрэнгүй танилцуулдаг “Geogimap” нэртэй нэгэн платформ ихээхэн трэнд болж байна. Энэхүү апп-ын нэрийг шууд орчуулвал “ядуусын газрын зураг” гэсэн нэртэй. Энэхүү платформыг 34 настай апп хөгжүүлэгч Чой Сонг Су хямд хоолны мэдээллийн эрэлт нэмэгдэж байгааг анзаарч нээжээ. Дөнгөж нээгдээд хоёрхон долоо хонож байгаа гэхэд маш олон солонгосчуудын тэр дундаа залуу үеийнхэнд ихээхэн таалагдаж байгаа. Платформыг үүсгэн байгуулагч Чой “Би ч гэсэн өдөр тутмын зардлаа бууруулахыг хичээж байгаа олон мянган хүний нэг. Хямд бөгөөд чанартай хоолны мэдээллийг нэг дороос авах нь илүү чухал санагдсан учраас энэ боломжийг олж харсан” хэмээн ярьжээ.
Ойролцоогоор долоон ам.доллараас доош хоолтой цайны газар, жижиг хоолны газруудыг санал болгодог энэ апп одоогоор 500 мянга гаруй хэрэглэгчийг өөртөө татжээ. Ингэхдээ хоолны газруудын өмнөх хэрэглэгчдийн санал дээр тулгуурлан аппликэйшндээ байршуулдаг бөгөөд одоогоор 5000 гаруй ресторан, кафе бүртгүүлжээ.
Мөн хэрэглэгчид зөвхөн байршил хуваалцахаас гадна аль нэгэн хоолны газраар үйлчлүүлсэн сэтгэгдлээ нээлттэй бичдэг. Гэхдээ энэ аппликэйшнд хямд гэсэн болгоныг шууд бүртгэдэггүй. Хоолны орц найрлага, шим тэжээл зэрэг хүний биед хэрэгэй орц найрлагыг илүү анхаардаг нь ч эрүүл хооллолтыг сонгодог залууст таалагдах болсон байна.
“Ядуусын газрын зураг” хэмээх нэрийн талаар Чой “Нэрэнд эмзэглэх хэрэггүй дээ. Энэ бол доромжлол биш. Хэмнэлттэй амьдралын хэв маягийг хошин байдлаар л илэрхийлж байгаа нэг хэлбэр” хэмээн тайлбарлав.
Солонгосын Хэрэглэгчдийн агентлагийн мэдээлснээр, харьцангуй хямд хоол гэгддэг кимбабын дундаж үнэ хоёрдугаар сартай харьцуулахад одоо 7.4 хувиар өсч 3.800 вон болжээ. Мөн Бибимбаб 11.600 вон, самгёпсаль 21.100 вон, кальгүксү 10 мянган воны үнэтэй болсон нь бүгд тодорхой хэмжээнд өссөн үнэ юм. Мөн Үндэсний Статистикийн газраас тус улсын инфляцыг 2.7 хувьтай байхаар таамаглаж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Харин Ойрхи Дорнодын хямрал эхлэхээс өмнө энэ инфляцийг нь нэг хувиар төсөөлж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
