П.АМГАЛАН

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “А” зургийн сургалтын багш Б.Билгүүн болон түүний шавь нарын бүтээлийг онцоллоо.

 

-Танай дугуйлан хүүхдүүдийн зураг зурах ур чадварыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээл заадаг вэ?

-Бид хүүхдүүдэд алхам алхмаар заадаг. Эхлээд шугам, хэлбэр, сүүдэрлэх, өнгө хослуулахыг сургадаг. Дараа нь бодит зүйлсийг ажиглаж зурахыг заана. Чөлөөт зургийн цаг өгч, алдааг шүүмжлэхгүй урамшуулдаг. Ингэснээр хүүхдүүд техниктэй, бүтээлч болдог.

-Хүүхдийн зурсан зурагнаас тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж нь харагддаг гэдэг?

-Хүүхдүүд үгээр илэрхийлж чадахгүй байгаа сэтгэл хөдлөл, айдас, баяр баясгалан, гэр бүлийн байдал зэргийг зурагтаа илэрхийлдэг. Жишээ нь, тод өнгө ихтэй зураг  баяртай байгааг, бараан өнгө, хүчтэй даралт түгшүүр, уур гунигийг илтгэх нь бий.Тиймээс хүүхдийн зургийг зөвхөн “зураг” биш, түүний дотоод ертөнцийг хардаг цонх гэж үздэг.Хүүхдүүд амьдралтай холбоотой, танил сэдвүүдийг зурах дуртай байдаг. Ялангуяа, гэр бүл, найз нөхөд тоглоом, амьтад байгаль, нар, цэцэг, мод, супер баатрууд хүсэл мөрөөдлөө эдгээр сэдвүүд хүүхдэд ойр, сонирхолтой байдаг учраас чөлөөтэй, баяртай зурдаг.

-Бяцхан зураач хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Хайрт бяцхан зураач нар минь та нар зурж байхдаа юу ч зурж болно шүү. Алдаа гэж байхгүй, зөвхөн сонирхолтой туршилт л байдаг. Өөрийн санаа бодол, мэдэрч байгаа зүйлээ зүрхнээсээ зурж байгаарай. Зурах бүрдээ та нар улам чадварлаг, улам аз жаргалтай болж байна. Би та нарын бүтээлээр маш их бахархдаг.

Намайг Тэмүүлэн гэдэг. Би 12 настай. Би одоо өөрийнхөө дуртай үлгэрийн баатрыг зурж байна.
Намайг Гэгээ гэдэг. Би найман настай.  Би загас зурсан. Бас навч, цэцгээр зургаа чимэглэсэн.
Намайг Ruby гэдэг.  Би  долоон настай. Би  ваартай өнгө өнгийн алагласан цэцэг хийсэн.
Намайг Маргад гэдэг. Би есөн настай. Би ваартай өнгө өнгийн цэцэг, бас ном, алим, тоть шувуу хүртэл зурсан.
Намайг Maya гэдэг. Би долоон настай. Би зурагтаа муур болон  ваартай цэцэг зурсан. 
Намайг Ивээл гэдэг. Би есөн настай. Үүрэндээ байгаа шувуудыг зурсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn