Хэн бүхэн төрөлх нутаг усандаа амь нэгтэй байдаг гэдэг. Аргагүй л юм даа. Хүн дэлхийд ирэхэд унасан газрын хөрс шороо маань өлгийдөн авч хүй дарсан чулуу нь тэндээ үлддэг юмсан билээ. Тэгвэл цагтаа дэлхийн шилдэг бөх гэгдэж явсан Цэрэнбаатарын Хосбаяр (одоо шилдэг дасгалжуулагч болоод байгаа)-ыг биш уул, усаа гэх шүтлэгтэй бүхнийг соронз адил татдаг мөнх цаст уулсын орон Ховд нутаг. Тэр дотроос холын холоос өртөөлөн урсах домогт Хар ус нуур, зүүн, баруунаар нь хүглийх Суварга, Баатар гээд хайрхнууд чухамхүү азтай хүнд заяасан аяа сайхан нутаг даа.
Байгаль дэлхий өөрөө ая хөгтэй гэдэг. Тийм бол. Хар ус нуурын лимбэддэгийг сонсох сайхан шүү. Хаа тэртээ Алтайгаас эхтэй салхи нуурын долгионоор хөглөгдөн, Хар ус нуурын зэгсээр хөглөгдөн Жаргалант хайрхан уулыг энгэрлэхдээ өнгө аяны зохицол нь бүрддэг гэх юм. Тэр нь хөөмий. Нээрээ ч Ховд аймгийн Чандманийхан амтай бүхэн нь хөөмийлдөг гэдэг. Тэгэхлээр төрөлх энэ уул усныхаа гайхамшгийг олж төрсөн нэгэн эрхэмтэй би уулзлаа. Уулзахаар барахгүй сониныхоо "Амьдралын тойрог" гэдэг хүндтэй буланд зочноор урьсан билээ.
Гэхдээ энэ зочин маань хөөмийч бишээ. Бөх гэдэг байгалиас заяасан өгөгдөлтэй нэгэн.
Би 1965 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Уугуул нутаг гэвэл тэр нутаг. Уул ус нь тэгшхэн сайхан өлгий минь. Тэнд л үеийнхэнтэйгээ ноцолдож бага насаа өнгөрүүлсэн хүн дээ. Явж яаж барах вэ гэхээр уудамхан Алтан тээлийн хөндийд морин дэл дээр уралдаж явлаа гэж зочин Цэрэнбаатарын Хосбаяр яриагаа эхэлсэн юм.
Тэдний зорилго бөх болох байсан
-Чандмань сумыг бөхийн нэг өлгий нутаг гэдэг. Үндэсний бөхөөр гэхэд улсын заан хүртлэх цолтон олон. Тэгэхээр Ц.Хосбаярыг бөхийн амьдралтай золгуулсан нь энэ нутаг орны онцлог байж таарав. Аяндаа тэднийх аймгийн төв улмаар Улаанбаатарт шилжсэн явдал Хобаярт зорьсондоо хүрэх улам өргөн зам нээгдсэн гэж болно. Чөлөөт бөхийн секцэнд оров. Барилдаад байлаа. Нийслэлийн 21 дүгээр сургуулийн нэг жижигхэн нөхөр овоо барилдах янзтай гэж бөхийн мэргэжилтнүүд ярих болж. Урам нэмэв.
Анхны багш нь Сувд гэдэг хүн байж. Харни чөлөөт бөхөд эргэлт буцалтгүй болгосон нь дасгалжуулагч нь С.Сүхбат байлаа.
1962 онд хэн ч мэдэхгүй жаахан амьтан 48 кг-ын жинд өсвөр насны улсын аваргад түрүүлжээ. Түүнээс хойш дүүрэг, улсын чанартай олон тэмцээн, спартккиадад орохдоо тэргүүн байруудын нэгэнд л явж.
Аравдугаар ангиа дүүргээд гадаад дотоодын аль нэг сургуульд явах боломж байсан ч зарим нэгний аминчхан зөвлөгөөгөөр Улсын багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангид хуваарь авч үеийн олон бөх залуустай суралцав.
Шигшээ багтаа ч үлдэж. Тэгээд 1988-2000 онд тамирчин байж. Оролцсон тэмцээн бүрээсээ голдуу хүрэл медальтай ирдэг болов. Энэ үеэсээ л Б.Болд, А.Басхүү, Л.Ням, Ч.Дамдиншарав нарын олон дасгалжуулагчид тоогдсон юм шиг байгаа юм. Удалгүй Алдар нийгэмлэгт тамирчин, дасгалжуулагч болов. Тэнд дүү Ц.Цогтбаяр нь тамирчин байсан нь урам нэмжээ. Бас нэг дүү Ц.Энхбаяртай гурвуул улсын шигшээгээс гадаад, дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцов. Монгол "Интернационал" нэртэй сүүлдээ "Монгол говь" гэгдэх болсон тэмцээнд хэд хэд барилдав.
Энэ тэмцээний 48 кг-д дөрвөн удаа түрүүлсэн бөх нь Ц.Хосбаяр байлаа. Бас нэг бахархууштай нь гэвэл нэг эцэг эхээс төрсөн дөрвөн хүү цөмөөрөө чөлөөт бөхийн хүмүүс болж. Бэлтгэл дээр ч хамт, хаа тэмцээн болно тэнд бас хамт ийм л байлаа. Олимп, дэлхийн тэмцээнд ч тэр. Мөнгө, хүрэл медальтай ирнэ. Гол бахархал нь нэг эцэг, эхийн хүүхдүүд дэлхийн аваргад, олимпод мөр зэрэгцэн оролцож эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж бүгд удаа дараа амжилттай барилдсан явдал байдаг. 1992 онд Барселоны олимпод Ц.Хосбаяр 48 кг-д зодоглон ховорхон амжилтын эзэн болсон түүх бий. Энэ үедээ улсын аваргын тэмцээнд ах дүү гуравд жин жиндээ түрүүлж алтан медалийн тавцанд зогсож байсан. Энэ бол бахархал гэдгийг дээр хэлсэн. Монголын чөлөөт бөхийн түүхэнд ах дүү нар ялалт, ялагдлын торгон мөчөө хамтдаа хуваалцаж явсан нь дахин давтагдашгүй тохиол юм л даа.
Бас тэр олимпоос хэн хэн нь түрүүлж цойлж чадаагүй ч FILA буюу дэлхийн бөхийн холбооноос Ц.Хосбаярыг дэлхийн шилдэг бөхөөр өргөмжилсөн удаатай юм билээ. Ц.Хосбаяр гадаадад болсон тэмцээнүүдээс голдуу мөнгөн медаль аваад байж.
Алтан медалийн барилдаанд л ялагдаад байсан хэрэг үү гэхэд Ц.Хосбаяр "Миний л буруу байсан байх л даа" гэж даруухан хариулна лээ. Өмнө Солонгосын нэг тамирчинд таарах бүрдээ ялагддаг байлаа. Нэг удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Туркийн бөх Х.Доганд ялагдсан харамслыг Ц.Хосбаяр мартаж чаддаггүй. За тиймээ, дан ялалт биш санаагүй ялагдал ч бөх хүнд сургамжтай байдаг юм.
Ц.Хосбаяр 2002 онд "Алдар" спорт хороондоо эргэн ирсэн. Түүнээс хойших амжилтыг нь эргэн харвал хамаг Монголын хавтгайд хамгийн шилдгийг бэлтгэдэг газар нь энэ гэдэг нь улам батлагдав. П.Орхон, С.Цэрэнчимэд нарын шавь нар нь дэлхийн аварга болсон. Олимпийн мөнгөн медальт Б.Мандахнаран, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг болон азийн наадмын медальтнууд жилээс жилд нэмэгдсэн байна. ОУХМ Э.Даваанасан, Г.Отгонжаргал, Б.Мөнхнар, Б.Отгонтуяа гээд шилдгүүдийн жагсаал үргэлжилнэ. Тэдний амжилтад Ц.Хосбаяр дасгалжуулагчийн сургалт, ур чадварын нөлөө их байсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй ээ. Дасгалжуулагч Ц.Хосбаярт баримталдаг гол зарчим нь тамирчин хүн өөрөө амжилтад хүрэх нь гол биш тив, дэлхийд улс орныхоо нэр төрийг өргөж явах ёстой. Өөрөө ч ийм л үзэл бодолтой барилдаж явсан бол одоо өөрийнхөө хүрээгүй амжилтыг шавь нараараа биелүүлгэх гэж дасгалжуулагчийн ажилдаа шамдаж байна.
Ц.Хосбаярын Монголдоо үзүүлсэн амжилтыг базаж хэлбэл улсын аваргад гурван удаа, спартикиадад мөн хэдэн удаа түрүүлсэн гэж хэлэх нь зөв байх. Басхүү тэрбээр өөрийгөө би олон сайхан багш нарын буянаар өдий зэрэгтэй яваа юм шүү гэж байна лээ.
Сайхан аав, ижийн хүүхдүүд
-Би тэр нутагтаа төрсөн хүний нэг гэж Ц.Хосбаяр яриагаа эхэлнэ лээ. Түүний бага нас морин дэл дээр өнгөрсөн байж таарна биз дээ. Тэднийх удалгүй Улаанбаатарт шилжин иржээ. Сайхан аав Г.Цэрэнбаатарын хүүхдүүд 21 дүгээр сургуулийн сурагч болов. Хүүд нар нь бүгд чөлөөт бөхөөр барилдана. Газар газрын секц дугуйланд явдаг байж. Аав Г.Цэрэнбаатар нь Санхүүгийн техникум төгсгөсөн. Санхүүгийн ажилтан хүн байв. Нутагтаа байхад ч тэр аймгийн аптекуудыг удирдах газарт, Нийслэлд ирээд улсын эм хангамжийн газарт нягтлан бодох албатай байдаг байв. Ижий Г.Буянтогтох нь мөн л данс тооцооны голдуу ажил хийсэн хүн юм. Хэдэн хүүхэд нь чөлөөт бөхийн хүмүүс болчихсон нь аав, ижий хоёрт тийм ч таатай биш байсан ч хорьж чадаагүй л.
-Та бөхийн удамтай юу гэхэд
-Бид аав ижийгээсээ аливаад нямбай, тууштай ханддаг эрхэм чанарыг л өвлөн авсан даа. Гэр бүлийн байдал гэвэл эхнэр С.Батжаргал нь 23 дугаар сургуульд багш, том хүү нь ОХУ-д эдийн засгийн чиглэлээр суралцаж төгсөх гэж байна.
Бага охин маань англи хэлний хүн болохоор шулуудсан. Хүүхдүүд нь өөр өөрсдийн сонирхлоор л явж байгаа юм байна. Цэрэнбаатарын хүүхдүүд хэрхэн өссөн тэр дүр зураг энд харагдах. Өнөөдөр гэвэл өөр ажил албаны нэгэн байсан бол тэтгэвэртээ гарчих байсан ч Алдарын хамт олон "Та болоогүй ээ. Танаас олон залуус ур чадвар сургааль хайрлахыг хүлээж байна. Ажиллаад байгаарай" гэж байгаа юм.
Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны бурхан дасгалжуулагчийн нэг Ц.Хосбаяр бөхийн дэвжээнээ залуу тамирчидтай бужигнаж явна. Хэрэв үндэсний бөх юм бол Ц.Хосбаярыг Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шилдэг бөх гээд л цоллох байсан болов уу.
![]()
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 64 (7806)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn