Т.МИЧИДМАА
Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш ердөө нэг жилийн дараа Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Улаанбаатар Амазонс” багт тоглож эхний улиралдаа мөнгөн медаль, дараагийн жилдээ аваргын цом өргөсөн Л.Дэлгэрэхийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярицлаа.

-Анх “Улаанбаатар Амазонс” багтаа нэгдэхэд ямар мэдрэмж төрж байв. Багийнх нь гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Ер нь би анх сагсан бөмбөгөөр хичэээллэнэ гэж огт бодож байгаагүй. Багаасаа л янз бүрийн зүйл туршиж үзэх дуртай, нэг зүйлд баригдалгүй өөрийгөө сорьдог хүүхэд байсан. 16 настайдаа “Улаанбаатар Амазонс” багт тоглож эхэлсэн. Тэр үед надад маш том боломж, бас хариуцлага ирсэн гэж боддог. Эхний жилдээ дээд лигт тоглоно гэдэг амар байгаагүй ч багийнхныхаа дэмжлэг болон өөрийн хичээл зүтгэлээр мөнгөн медаль хүртэж чадсан. Харин дараагийн улиралд илүү туршлагатай болж, багтайгаа хамт аваргын цом өргөсөн нь миний хувьд хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг байсан.
Энэ жил багийнхаа хөгжлийн лигийн бүрэлдэхүүнд тоглосон. Өөрийгөө илүү хөгжүүлэх, туршлага хуримтлуулах тал дээр анхаарч байгаа. Манай багийхан эв нэгдэлтэй, хоорондоо ойлголцож чаддаг. Бие биенээ дэмжиж, талбай дээр ч талбайн гадна ч нэгдмэл байж чаддаг. Манай багийн уур амьсгал биднийг бусдаас онцгой болгодог гэж боддог.
-“Дээд лиг” болон “Хөгжлийн лиг”-т тоглоход ямар ялгаа мэдрэгдсэн бэ?
- Дээд лигт тоглохдоо сэлгээнд сууж, талбай дээр гарах боломжийг хүлээдэг байлаа. Тэр үед талбайд гарч тоглох хүсэл их төрдөг байсан. Харин тэр хүслээ хөгжлийн лигт тоглохдоо биелүүлж, илүү их минут авч, өөрийгөө илэрхийлэх боломж гарсан. Хоёр лигийн тоглогчдын түвшин, тоглолтын хурд, уур амьсгал нь хүртэл ялгаатай санагдсан. Дээд лигт тоглолтын өрсөлдөөн илүү ширүүн, үзэгчдийн уур амьсгал ч өөр. Харин хөгжлийн лигт илүү тайван өөрийгөө хөгжүүлж, туршлага хуримтлуулсан. Хөгжлийн лигийн баг бүрэлдэхүүний хувьд надад танихгүй хүмүүс байгаагүй. Өмнө нь “Улаанбаатар Амазонс”-д хамт тоглож байсан, цаашдаа хамт тоглох магадлалтай, эсвэл тэмцээнд хамт орж байсан танилууд байсан учраас хурдан ойлголцож, дасан зохицоход амар байсан. Гэхдээ насны хувьд нэлээд ялгаатай хамгийн бага нь 15-16 настай байхад, хамгийн ахмад нь 40 орчим настай тоглогчид байсан. Бэлтгэлийн хувьд хүндрэлтэй зүйл байгаагүй. Харин ч өөр өөр нас, туршлагатай хүмүүстэй хамт бэлтгэл хийх нь надад илүү их зүйл ойлгуулж, өөрийгөө хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог.

-“Хөгжлийн лиг”-т тоглохдоо бэртэлтэй байсан гэж сонссон. Хэдий бэртэлтэй байсан ч багийнхаа төлөө тоглож амжилт гаргасан шүү дээ?
-“Дээд лиг”-т аварга авсан жилдээ би бэртэл авсан. Тэмцээнээ дуусгачхаад эмчилгээнд явна гэсэн бодолтой байсан. Дараа жил нь бэртэлтэй байсан учраас нэрээ татаад “Хөгжлийн лиг”-т тоглохоор болсон. Хөгжлийг лигт тоглож байхад бэртэл маань сэдэрсэн бүр нэмж бэртсэн ч үе байсан. Гэхдээ тэр бүгдийг мартаад тоглолтоо дуусгаад хүрэл медаль хүртсэн. Ер нь тамирчин хүн аль болох бэртэл гэмтлээс хол байж урьдчилан сэргийлэх нь маш чухал. Үсрээд буухдаа хүртэл зөв техниктэй буух, сагс тоглох үед хүнтэй мөргөлдөхдөө хүртэл биеэ хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Бэртлээс сэргийлж чадвал урт хугацаанд тоглох боломжтой. Мөн өөрийнхөө бүрэн боломжийг талбай дээр гаргаж чадна.
-Сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгадаг вэ. Спортоор тууштай хичээллэхэд танд урам зориг өгдөг зүйл юу вэ?
-Сэтгэл зүйн бэлтгэлээ хийхдээ багийнхаа сэтгэл зүйчтэй их ярилцдаг. Заримдаа надад бусдаас ялгарах зүйлгүй юм шиг санагдах үе байдаг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх боломжтой тал их гэдгийг ойлгодог. Өдий хүртэл яаж, юуг зорьж энэ хүртэл ирснээ бодохоор, миний хүсэл сонирхлоос л эхэлсэн. Энэ урт замыг туулчхаад шантарч, бууж өгөхгүй гэж өөрийгөө хурцалж, урам зоригтой байхыг хичээдэг. Гэр бүлийнхэн минь үргэлж миний ард бат зогсдог. Тэдний дэмжлэг надад хүч өгдөг. Заримдаа хичээл, тэмцээн давхцах үе гарна. Тэр үед гэрийнхэн маань “Тэмцээндээ оролцоод ир, сурах цаг зөндөө олдоно. Залуу насандаа спортоороо тууштай яв. Спорт залуу насных байдаг” гэж зөвлөдөг нь надад урам зориг өгдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 63 (7805)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn