Алаг дэлхийн нэгэн хуурай газар Австрали хэмээх улсад аж төрөх түүнийг Д.Энхтүшиг гэдэг. Далайн эрэг дээрх дуурийн театр, Харбор Бриджийн гүүр гээд дэлхийд алдартай бүтээн байгуулалт цогцолсон Сидней хотод амьдардаг тэрээр  Улаанбаатар хотын унаган охин. ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр дүүргэж 2018 онд гадаад улсыг ийнхүү зорьжээ. Тус улсад сурч, ажиллаж, амьдрахын сацуу “Youtube” хуудаснаа өөрийн өдөр тутмын амьдрал, нүүр будалт, эрүүл зөв хооллолт, аяллын түүх зэрэг мэддэг бүхнээ бусадтай хуваалцаж, бичлэг бүрийг нь хүлээж үздэг үнэнч үзэгчидтэй болжээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Залуусын нүдээр” буландаа түүний амьдралын хэв маяг, үзэл бодол, эмэгтэй хүний үнэ цэнийн талаар ярилцсан юм.
 

-“Youtube” суваг нээх санаа анх хэрхэн төрж байв. Ихэвчлэн охид, эмэгтэйчүүдэд зориулсан бичлэг хийдэг шүү дээ?

-Монголд байхдаа “Тhe Mongolian Familу” гээд Америкт амьдардаг хосын бичлэгийг үзэх дуртай байлаа. Ингээд өөрөө Австрали явах болоод очих газраа судлахаар бичлэг хийдэг хүн хайгаад үзтэл олоогүй. Тиймээс монголчуудад Австралийн талаар мэддэг бүхнээ хуваалцаж, бусдад тусалъя гэх үүднээс Youtube дээр бичлэг хийж эхэлсэн. Ингээд ковидын цар тахлын үеэр өдөр тутмын амьдралын влог, нүүр будалт, эрүүл хооллолтын  талаар хүргэхийн сацуу залуу насны эрч хүч сайхан дурсамжаа хадгалж үлдэхийг хүссэн. Хүмүүс “Влогийг нь үздэг шүү” гэхээр үнэхээр гоё байдаг. Үзэгчдийн маань 92 хувь нь охид эмэгтэйчүүд байдаг юм билээ.

-Австрали явах шийдвэрийг хэрхэн гаргаж байв. Хэзээнээс “DIOR”-т ажиллах болсон бэ?

-Сургуулиа төгсөөд авга ахынхаа барилгын компанид ажиллана гэсэн бодолтой байсан болохоор төгсөх жилээ ажилтайгаа танилцаад үйл явцаас нь суралцаад төсөл зохиогоод явдаг байлаа. Тухайн үед манай нөхрийн авга ах нь Австралид сурч ирээд биднийг явах эсэхийг асуусан. Ингээд сургуулиа төгсөөд хоёр сарын дараа тив алгасан өөр улсад амьдрахаар ирсэн.

Бид сургалтын визээр ирээд хэлний бэлтгэлээ дүүргээд үргэлжлүүлэн их сургуульд сурсан. Би анх монголчуудынхаа адил бэр эгчийгээ дагалдаад зочид буудалд, дараа нь кофе шоп, тэгээд “SISLEY” брэндэд ажиллаж эхэлсэн. Тухайн үед “DIOR”-ын ажилчдын уур амьсгал их таалагддаг байлаа. Гэтэл нэг өдөр дэлгүүрийн танилцуулгаа тараагаад зогсож байтал “DIOR”-ын хамгийн том менежер ажлын санал тавьж, ийнхүү ажилд орсон. Өнгөрсөн жил оюутны виз маань дуусаад “DIOR”-тоо  тушаал дэвшсэн.

Би багаасаа гоёж гангалах дуртай хүүхэд байлаа. Кассчин болж тоглоно. Аав минь намайг “Миний охин одоо мөрөөдлийн ажлаа хийж байгаа” гэдэг.

-Австралид ажиллаж амьдрахын давуу тал юу вэ?

-Эрүүл амьдралын хэв маягтай, стрессгүй орчинд амьдрах. Мөн авьяас чадварыг шударга үнэлдэг. Монголчууд өөрсдийгөө дутуу үнэлээд байдаг санагддаг. Дэлхийн аль ч улсын хүнээс нөөц боломж, ур чадвар илүү юу гэхээс дутуугүй. Миний нэг давуу тал өөртөө итгэлтэй байдал. Ямар ч зүйл дээр манлайлагч байхыг зорьдог. Бүх зүйлд сэтгэлээ зориулж, шаргуу хөдөлмөрлөвөл хүн болгонд боломж байдаг.

-Хоёр жилийн өмнө эх орондоо ирээд хуримаа хийгээд буцсан. Хайрын баталгаа болсон энэ ёслолын чухлыг хэзээ мэдэрсэн бэ? 

-Намираа бороо зөөлөн шивэрсэн зуны дэлгэр өдөр байсан. Аавынхаа гараас хөтлөөд хоёр талын гэр бүл, найз нөхөд, хамаатнуудынхаа өмнө алхаад нэг өдрийг хайр, аз жаргал дүүрэн өнгөрүүлэх үгээр хэлэмгүй сайхан байсан. Хүмүүсийн дунд гадаадад хуримаа хийх хандлага ажиглагдах болсон. Бидэнд ч боломж байсан. Гэхдээ тэгэхийг хүсээгүй. Учир нь хамаатнууд маань бүгд ирж очоод байж чадахгүй. Тиймээс хайртай хүмүүсийнхээ дэргэд монгол ёс уламжлалаараа энэ насны хамгийн сайхан учрал хайртай хүнтэйгээ хуримаа хийсэндээ баяртай байдаг.

Эрчүүдийгээ эхнэрээ ёс төртэй гуйж аваад үнэ цэнтэй хайрлаасай гэж хүсдэг. Ахмад буурлуудын ерөөлийг сонсоод, дурсамж мөнхөлсөн зургуудаа хараад үнэхээр чухал үйл байдгийг мэдэрсэн. Хуримаас зургаан сарын дараа манай өвөө, нөхрийн маань эмээ бурхан болсон. Тэр үед юмыг хойшлуулж болдоггүй юм байна гэх бодол төрж, амжих хийсэндээ баярласан. Аав ээжтэйгээ жилдээ ядаж нэг удаа заавал уулзаж байх зорилготой болсон.

-Хосын харилцааны хамгийн чухал зүйлийг юу гэж боддог вэ. Гадаад амьдрах нь залуу хосын харилцаанд давуу тал болдог уу?

-Манай аав цагдаа болохоор хүүхдүүдээ багаас нь армийн хүмүүжлээр өсгөж, хаана, хэзээ хэрхэн биеэ зөв авч явахад суралцсан байсан. Мөн монголчууд дасан зохицох чадвар сайтай санагддаг. Үүрээ орхиод нисэж байгаа шувууд шиг гэр гэрээсээ цүнхтэй хувцсаа бариад Австрали улсад авга ахынхаа хажуу өрөөнд нөхөртэйгөө анх тусдаа гарч байлаа.

Бид арван жилдээ нэгнээ шохоорхож, гэнэн цагаахан хүүхэд зангаараа нандин үерхлийг бүтээсэндээ баярладаг. Айлын эхнэр болох гэж яаралгүй аав ээжийнхээ хайранд, гэртээ охин насаа өнгөрөөсөндөө бас баярладаг.  Манай гэрийнхэн их ёс төртэй, журамтай зарчимч хүмүүс. Энэ зан нь хүүхдүүдэд нь ч өвлөгдсөн. Монголд таван жил үерхээд явахын өмнө албан ёсоор бэр гуйлгаад Австралид ирээд гэр бүл болсон. Муудалцлаа гэхэд аав, ээж рүүгээ гүйхгүй. Тиймээс бүх зүйлд хоёр биеэ түшиж, нэгнээ ойлгохыг хичээж, хамтдаа бүхнийг цогцлоосон нь давуу тал болсон юм болов уу.

Эмэгтэй хүн амьдралыг өнгөлж, хатан ухаанаараа айл гэрийг авч явдаг юм байна гэдгийг ээжээсээ үлгэрлэдэг. Бид нэгнээсээ юм нууж чаддаггүй. Бүх зүйлийг ярьж, ойлголцдог. Хосын харилцааны хамгийн чухал нь хүндлэл. Тиймээс нэгнийхээ дургүй зүйлийг хийдэггүй. Нөхөр маань “Би эхнэрээрээ гангарах дуртай” гэдэг. Намайг үргэлж дэмжиж, түшиг тулга маань болсон сайн хүн, сайхан залуу бий.

-Хэзээ Монголдоо ирэх вэ. Ярилцлагынхаа төгсгөлд хэлэх үг байвал нээлттэй үлдээе?

-Энэ ярилцлагын хамгийн анхны уншигч нь аав минь байх болов уу. Сонин их уншдаг хүн. Тиймээс аав, ээж хоёртоо өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн гадаадад байгаа бүх монголчууд маань ихийг сурч мэдээд, эрүүл мэнддээ анхаараад эх орондоо ирж мэдлэг боловсролоороо ихийг хийж бүтээгээрэй. Мөн өөрийгөө, эргэн тойрноо хайрладаг нэгэн байгаарай.

Бид хэдэн жилийн дараа Монголдоо очиж амьдарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 62 (7804)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn