П.АМГАЛАН
Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын сор бүтээлүүдийн нэг болох XX зууны шилдэг роман “Тунгалаг тамир”-ыг уншаагүй, киног нь үзээгүй хүн ховор билээ. “Цахиур” Төмөр, Эрдэнэ, Итгэлт зэрэг дүрүүд нь өнөөдрийг хүртэл уншигч, үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүтээл юм. Уг алдарт бүтээл энэ удаад мюзикл хэлбэрээр дөрөвдүгээр сарын 9, 10-нд тайзнаа “амилж”, үзэгчидтэй уулзах гэж байна. Архангай аймаг өөрөө “Тунгалаг тамир” романы үйл явдалтай салшгүй холбогддог тул тус аймгийн уран бүтээлчид энэхүү бүтээлд оролцох аж. “Зууны мэдээ” сонин “Хөгжим хэмнэл” буландаа ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэнтэй ярилцлаа.
100 гаруй уран бүтээлчдийн баг ажиллаж байна
-Зууны манлай роман болох Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романаас сэдэвлэсэн мюзикл дөрөвдүгээр сарын 9, 10-нд МҮСТО-д нээлтээ хийнэ. Нээлтийн тоглолтын дараа дөрөвдүгээр сарын 12-нд Дархан хотод, 13-нд Эрдэнэт хотын үзэгчдэдээ бүтээлээ хүргэнэ.
Уг бүтээлийн хөгжмийг Төрийн шагналт, агуу хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж зохиосон. Энэ жил түүний мэндэлсний 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ойн хүрээнд энэхүү бүтээлийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Мөн “Анир” поп оркестрын үүсгэн байгуулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг энэхүү бүтээлд хамтран ажилласан.
Түүнчлэн “Анир” поп оркестрын 25 жилийн ой тохиож байгаа юм. Иймээс хоёр тэгш ойг тохиолдуулан “Тунгалаг тамир” хэмээх мюзикл жүжгийг тайзнаа амилуулж байна. Энэхүү бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, “Анир” поп оркестрын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг, цомнолын зохиолчоор төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат, Т.Зөнбилэг нар ажилласан. Харин ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Д.Ганболд, ерөнхий хормейстероор соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэцог, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Ч.Батболд, хөдөлгөөний найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ш.Дамдинбазар, хувцасны зураачаар соёлын тэргүүний ажилтан Б.Амаржаргал нар ажиллаж байна.
Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид мөн хамтран ажиллаж байгаа бөгөөд СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд ч оролцож байна. “Тунгалаг тамир” романы үйл явдал Архангай аймгийн Тамирын голын эрэг, Тайхар чулууны дэргэд өрнөдөг. Мөн “Анир” поп оркестр Монголд анх удаа мюзикл жүжгийг амьд хөгжмийн хамт тоглож байгаагаараа онцлогтой. Нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү бүтээл дээр ажиллаж байна.
Мюзикл хэлбэрээр тайзнаа амилах “Тунгалаг тамир”-ын дүрүүд хэн байх вэ
-“Тунгалаг тамир” мюзиклийн гол дүр болох Эрдэнэ, “Цахиур” Төмөр, Итгэлт, Долгорын дүрд хэн тоглож байгаа нь үзэгчдийн дунд таавар хэвээр үлдэх ёстой гэж бодож байна. Зууны манлай “Тунгалаг тамир” хэмээх бүтээл орчин үед мюзикл хэлбэрээр тайзны бүтээл болон амилж байгаа учраас авьяаслаг залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхийг зорьсон. Тиймээс залуу уран бүтээлчид бүхий, галтай дайчин баг бүрдсэн.
Мюзикл бол хөгжмийн томоохон бүтээл. Тайзан дээр жүжигчид дуулах, бүжиглэх, жүжиглэхээс гадна хөгжим ч тоглоно. Тиймээс жүжигчдээс маш өндөр ур чадвар шаарддаг. Жишээлбэл, Эрдэнийн дүрийг бүтээж буй жүжигчин дуулахаас гадна бүжиглэх чадвартай байх ёстой. Энэхүү бүтээл поп оркестрын амьд хөгжимтэй, орчин үеийн хэлбэрийн мюзикл гэдгээрээ Монголд анхдагч болж байна.
Бүтээл бүр нийгэмд хэлэх санаатай байдаг. Өнөөгийн нийгэмд хүн хүнээ хайрлах сэтгэл алсарч, хүн чанар, хүнлэг сэтгэл багасаж байна. Үзэгчид энэ жүжгийг үзээд хүн хүнээ хайрлах ёстойг, мөнгө хэт шүтэх нь хүнийг араатан болгож ч болдгийг ойлгоод гарна гэдэгт итгэлтэй байна. Мюзикл хэлбэрээр тоглож байгаа ч Монголын өв соёл хамт явж байгаа. Тайзны шийдэл, жүжигчдийн хувцас, хөгжим, бүжгийг орчин үеийн хэв маягт оруулахыг зорьсон. Орчин үеийн хүүхдүүдийн сонирхол, сэтгэл зүй, хүлээж авах байдал өөр болсон учраас киноноос юугаараа өөр болсон бэ гэдгийг жүжгийг үзээд мэдрэх байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 57 (7799)