“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Ану-Үжин: Туул гол дагуу хурдны зам огт хэрэггүй
-Нийслэлээс Туулын хурдны зам төслийг анх танилцуулахдаа түгжрэл 30 хувь буурна гэсэн тоо хэмжээ ярьж байсан. Гэвч хотын түгжрэл Туул голтой огт хамааралгүй. Уг асуудалтай холбоотой суурь судалгаанууд дээр би 2020, 2021 онд ажиллаж байсан. Нэгдүгээрт, төвийн дүүргүүдэд буюу төв талбай тойрсон их тойруу, бага тойруу, баруун, зүүн дөрвөн замын түгжрэлүүд, туслах зам буюу торлог сүлжээ муутайгаас болж үүсэж байгаа. Хоёрдугаарт, авто замын ачаалал хэтэрсэн буюу автомашины тоо 3.5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байдаг. Энэ суурь судалгааны үр дүнг харахад бид хаагуур түгжирч байна вэ гэхээр өдөр тутамдаа буюу ажилдаа явах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх үед төвийн зам дээр түгжрэл үүсдэг. Өглөө хотын захаас төв рүү түгжирдэг, оройн цагаар төвөөс зах руу зэрэг нэг чиглэлийн хөдөлгөөн давхацсанаас болж түгжрэл үүсдэг. Эдгээрийг шийдэх шийдэл маш тодорхой. Үүнийг нийслэлд хэд хэдэн удаа гаргаж өгч, засгийн газарт уламжилж байсан.Тодруулбал, шийдэл нь хөнгөн галт тэрэг, нийтийн тээврийг олшруулах, торлог сүлжээний тоог нэмэх зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой.
Дэлхийн бусад бүх орнууд хүлээн зөвшөөрсөн нэг зүйл байдаг. Тэр нь хурдны зам барьснаар түгжрэл хэзээ ч буурдаггүй. Эхний гурван жилд түгжрэл буурсан мэт санагдах боловч 4-5 жилийн дараа хурдны зам өөрөө түгжрэлийг нэмэх шалтгаан болдог. Улаанбаатар хотын баруун талд байгаа хятадын мал мах нийлүүлэх бойны газар болсон эмээлт, урагшаа нүүрс нийлүүлэх зориулалттай налайх гэх хоёр дүүрэг нь 14 дагуул хот гэдэг бүтцийн шинэчлэл ярьсны дараагаар дагуул хот болж хувирсан. Гэвч энэ хоёр дагуул хотод хийх бүтээн байгуулалтын ажлыг бүхэлд нь хятадын компанид хариуцуулсан. Ингээд том зурагаар нь харахаар Туулын хурдны замыг энэ хоёр хотыг холбох зориулалтаар барьж байгаа юм шиг санагдаж байна. Туул гол бол хотын утаатай бохирдолтой орчинд амьдарч байгаа бидний цорын ганц хүчилтөрөгч эко систем юм. Энэ бүтээн байгуулалтад зориулагдах мөнгө дан ганц Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг биш, Монгол Улсад амьдарч байгаа 3.2 сая хүний өр болж үлдэнэ гэдгийг хэлмээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn