“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн  ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.  Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. 

 

МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор О.Алтансүх: Голын голдирол дагуу авто зам барих нь хуучирсан шийдэл

 

-Туул голтой холбоотой мэдээлэл янз бүр байна. Зарим нь “болохоо больсон” гэдэг, зарим нь “хэвийн” гэж үздэг. Энэ нь судалгааны чиглэл болон судалгааны талбайгаас ихээхэн хамаардаг. Гидрогеологичид буюу газар доорх ус судалдаг хүмүүс харьцангуй нөлөөлөл багатай гэж үздэг бол экологичид, амьтан, ургамал судлаачид сөрөг нөлөө ихтэй гэж үздэг. Аль аль нь өөрсдийн судалгааны хүрээнд зөв байх. Гэхдээ Улаанбаатар хотын суурьшлийн бүстэй холбон салбар дундын, системийн түвшинд авч үзвэл сөрөг нөлөөлөл өндөр байна. Гол дагасан хурдны зам барих нь өндөр хөгжилтэй орнуудад байдаг тухай нийгэмд ярьж байна. Ихэвчлэн Америк, Англи, Япон, Солонгос улсуудын жишээ ярьдаг. Гэхдээ тэдгээр нь 1970–1980 оны, хотжилт эрчимжиж эхэлж байсан үеийн шийдлүүд байдаг. Тэр үед экосистемийн нөлөөллийг өнөөгийнх шиг нарийвчлан үнэлдэггүй байсан.

Харин одоо бол байгальд түшиглэсэн шийдэл давамгайлж байна. Голын голдирол дагуу, голын урсгалтай ойр, дэнж дээр авто зам барих нь хуучирсан шийдэлд тооцогдож байгаа. Жишээлбэл, Солонгос улсад өмнө нь байсан байгууламжийг буулгаж, голын орчныг сэргээж, явган болон дугуйн зам, ногоон бүс бүхий орчин үеийн шийдэлд шилжсэн. Би өөрөө тэнд амьдарч байсан учраас сайн мэднэ. Монголд ч ийм шийдэл боломжтой. Сэлбэ, Улиастайн гол дээр далан дагасан авто замууд байгаа. Туул голын хувьд ч хоёр даланг ашиглан шийдэх боломж бий. Мөн авто замын баганын суурь нь гаднаас харагдахаас илүү том талбай эзэлдэг. Энэ нь гадаргын болон газар доорх усны гидравлик буюу усан холбоог алдагдуулна.

Мөн сүүдэрлэлт үүсч, нарны гэрэлд ургадаг ургамлуудын өсөлт буурна. Ингэснээр сүүдэрсэг орчны хөл газрын ургамал ургах нөхцөл бүрдэх ба тухайн орчинд амьдарч байгаа хүмүүсийн харшлын асуудал нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөлөл харагдаж байна. Авто замын хөдөлгөөнөөс үүдэн дугуйн болон хатуу хучилттай замын элэгдлээр хар тугалга, хүнцэл зэрэг хүнд металлууд ялгарч, салхиар тархана. Эдгээр хүнд металлууд хорт хавдар үүсгэдэг шүү дээ. Өвлийн улиралд замын халтиргааг багасгахын тулд цацсан давс хөрсөнд шингэж, хөрсийг давсжуулж, ургамал ургах нөхцөлийг алдагдуулна. Ямар нэгэн байгалийн ургамал ургах нөхцөлгүйгээр нүцгэн халцарна гэсэн үг.

Мөн дуу чимээний бохирдол маш чухал асуудал. Хурдны замын тасралтгүй дуу чимээ нь тухайн орчны оршин суугчдад стресс үүсгэнэ. Дэлхийн хотуудын үүсэл, хөгжил нь гол дагасан байдаг. Харин одоо чиг хандлага өөрчлөгдсөн. Голын голдирлыг байгалийнхаар нь хадгалж, эрэг орчмыг амралт, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байна. Ийм цогц бодлогогүй нөхцөлд зөвхөн нэг хурдны зам барих нь түгжрэлийг бүрэн шийдэхгүй, харин шинэ сөрөг асуудлуудыг дагуулж болзошгүй. Өөрөөр хэлбэл, Голын голдирол дагуу авто зам барих нь хуучирсан шийдэл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn