П.АМГАЛАН

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн, "Мөнгөн мод 2025" наадмын "Дүрслэх урлагийн шилдэг бүтээл"-ийн эзэн уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” бие даасан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дөрөвдүгээр сарын 2-нд 13:00 цагт болно. Үзэсгэлэн энэ сарын 8- ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09:00-17:30 цагийн хооронд үзэж сонирхох боломжтой. Үзэсгэлэнд монгол зургийн уламжлалт арга, хэлбэрийг орчин үеийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог дүрслэлийн хэлээр хүүрнэсэн 30 гаруй бүтээлүүдээ дэлгэх аж. Н.Ринчин-Очирын бүтээлүүдийг дараах гурван агуулгад хувааж болно. Нэгдүгээрт, хөдөлгөөн ба орон зай. Хөдөлгөөний эрчим, орон зайг харуулсан бүтээлүүд багтана. Морьдыг салхи, үүл мэтээр дүрсэлсэн нь үзэсгэлэнгийн хамгийн хүчтэй, динамик хэмнэлийг илэрхийлнэ. Хоёрдугаарт, Үл үзэгдэх оршихуй. Илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ. Байгалийн шороон будгийн арга ажиллагаа нь нүдэнд үл үзэгдэх, зөвхөн мэдрэмжээр хүрч болох нууцын тухай өгүүлнэ. Гуравдугаарт, Домог ба түүхэн хэлхээ. Уламжлалт монгол зургийн элементүүд орчин үеийн хэлбэрт шилжиж буй бүтээлүүд багтана. Хүн, амьтан, байгалийн нэгдэл, ахуйн гүн ухааныг домгийн хэлээр хүүрнэдэг.

Эх сурвалж: www.zms.mn