Т.МИЧИДМАА

 

Оюуны хязгаарыг давж, хүний тархины гайхамшигт чадварыг бодитоор харуулж яваа нэгэн бол ой тогтоолтын спортын дэлхийн аварга, улсын аварга, олон улсын их мастер О.Наранзул юм. Нас залуу ч амжилтын өндөр босгыг хэдийнээ давж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндрөөр  дуурсгаж яваа түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн  “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцлаа.

 

-Хэзээнээс ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Наймдугаар ангид байхдаа анх Оюун ухааны академийн богино хугацааны сургалтад сууж байсан. Тэр үед багш маань “Цаашид хөгжих бүрэн боломжтой” гэж хэлсэн нь надад урам өгч жилийн сургалтад хамрагдахаар шийдсэн. Тэр үеэс ой тогтоолтын спортоор тууштай хичээллэж эхэлсэн. Тамирчны хувьд бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийсээр одоо дөрөв дэх жилдээ орж байна.

-Оюун ухааны спортоор хичээллэснээр амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Багаараа тэмцээний бэлтгэл хийх явцад сахилга бат, хариуцлага гэдэг зүйлсийг хамгийн ихээр сурч байна. Ялангуяа улсаа төлөөлөөд гадаадын тэмцээнүүдэд оролцох үед “Тамирчин хүн ямар байх ёстой вэ” гэдгийг илүү ойлгож, өөртөө өндөр шаардлага тавьж сурсан. Мөн ой тогтоолтын спортоор хичээллэснээр миний төсөөлөн бодох чадвар, анхаарал төвлөрөл их сайжирсан. Өмнө нь анзаарагддаггүй байсан жижиг зүйлсийг хүртэл илүү төвлөрч, хурдан хүлээж авч чаддаг болсон.

-Энгийн үеүдэд ой тогтоолтын аргыг хэрэглэдэг үү?

-Тийм ээ. Өдөр тутмын амьдралдаа ой тогтоолтын аргыг ашигладаг. Жишээ нь, утасны дугаар, дансны дугаар харах бүртээ уншиж төсөөллийн арга ашигладаг. Мөн шалгалтын өмнө богино хугацаанд их хэмжээний мэдээллийг тогтоох шаардлагатай үед энэ арга маань тус болдог. Олон зүйлсийг хооронд нь холбож, утга учиртай дараалал үүсгэн цээжлэхэд илүү хурдан  тогтоодог.

-Ямар төрлийн мэдээллийг хамгийн хурдан цээжилдэг вэ?

-Цэгцтэй, логик дараалалтай цифр болон үг цээжлэх нь амархан байдаг. Харин үсэг, тоо холилдсон, эмх цэгцгүй мэдээлэл цээжлэх үед илүү их төвлөрөл, арга техник шаарддаг. Ерөнхийдөө Монгол хүүхдүүд энэ спортоор хичээллэхэд давуу талтай гэж боддог. Учир нь, манай улсад ашиглагддаг арга техникүүд сайн хөгжсөнөөс гадна хүүхдүүдийн төсөөлөн бодох чадвар, сэтгэхүйн уян хатан байдал өндөр байдаг. Энэ нь олон улсын, тэр дундаа дэлхийн түвшинд амжилт гаргахад нөлөөлдөг.

Ой тогтоолтын спортоор хичээллэнэ гэдэг зөвхөн цээжлэх чадварыг хөгжүүлэхээс гадна тархины бүтээлч сэтгэлгээ, төсөөлөх чадварыг давхар хөгжүүлдэг. Тиймээс биеийн тамирын спортоор хичээллэх сонирхолгүй хүүхдүүд ч ой тогтоолтоор хичээллэж  оюун ухаан, тархины чадамжийн хувьд өөрийгөө  хөгжүүлэх боломжтой.

-Бэлтгэл болон тэмцээний үеэр ямар зарчим баримталдаг вэ?

-Бэлтгэлийн туршид ямар ч нөхцөл байдал тулгарсан бай “Хийх ёстой зүйлээ заавал хийж дуусгана” гэж хатуу зарчим тавьдаг. Хамгийн чухал нь өөртөө  “Би чадна” гэж итгүүлэх явдал юм. Тэмцээний өмнө нүдээ аниад, цээжлэх хугацаанд хийх зүйлсээ  эхнээс нь дуустал  алхам алхмаар төсөөлж  “Би чадна” өөртөө хэлдэг. Мэдээж айж, эргэлзэх үе гардаг. Тэр мэдрэмжээ дотроо хадгалалгүй, хоёр багштайгаа ярилцаж, бодлоо цэгцэлдэг. Анхаарлаа сарниулахгүйн тулд дуу тусгаарлагч чихэвч, цаасан хаалт зэрэг аргуудыг ашигладаг. Харин цээжлэх явцдаа аль болох удаашрахгүй байхыг хичээдэг. Учир нь, өөр зүйл бодож, эргэлзээ төрүүлэх хандлагатай байдаг. Тиймээс үргэлж өөрийнхөө дээд хурдаар ажиллаж, тархиндаа анхаарал сарних боломж олголгүй, тасралтгүй төвлөрөхийг хичээдэг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Би 16 настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд оролцож, сүүлийн төрөл болох хурдны хөзрөө амжилттай дуусгаад аварга болж байгаагаа мэдсэн. Тэр мөчид дотор минь болж байсан “дайн” дуусаж, сэтгэл онгойж үнэхээр тайван болсон. Цаашид би дахин улсын аварга болон дэлхийн аварга болох зорилготой. Мөн дараагийн дэлхийн аваргын тэмцээнд аль нэг дэлхийн рекордыг эвдэж, Геннисийн  номонд бичигдэхийг хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 58 (7800)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn