Ч.БЯМБАХАЖИД

Гэрэл зургийг Р.ОЮУН

“Хатан Туул” хэмээн нандигнаж ирсэн усны эх ундарга бол Туул гол билээ. Туул гол бол Улаанбаатар хотын амин судас, байгалийн тэнцвэрийг хадгалагч онцгой чухал экосистем билээ. Гэвч 2.3 их наяд төгрөгийн өртгөөр баригдах Туулын хурдны зам төсөл хэрэгжиснээр усны ундарга, голын халдашгүй экосистемд ноцтой эрсдэл учруулж болзошгүй талаар олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан өрнөөд байгаа. Мөн Туулын хурдны замын төслийг зогсоохыг шаардсан иргэд “Туул голоо хамгаалъя, Save Tuul river” хөдөлгөөнийг өрнүүлээд байна.

Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой гэв

“Туулын хурдны зам” гэх төслийг эргэн санавал, Хотын дарга Х.Нямбаатар Туул гол дагасан хурдны зам барихаа өнгөрсөн наймдугаар сард зарласан. Ингэхдээ Баянзүрхийн товчоо Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүйн  тойрог хүртэл нийт 32 км, зургаан эгнээ бүхий хурдны зам тавина гэж танилцуулсан юм. Тус  хурдны замыг барихад найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөсөн байна. 

Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох, гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, нэг, хоёрдугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн мэдээллэж байв.

Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж буйгаа ч танилцуулсан юм.

 

“Энэ зам баригдахаасаа өмнө Туул голын экосистемийг устгах аюултай”

 

Гэвч уг төсөл олон нийтийн эсэргүүцэлтэй тулж эхлэв. Иргэд, олон нийтийн зүгээс “Туул голын бургасыг “хядаж”, ундны эх үүсвэрийг үгүй хийлээ” гэж шүүмжлэн, Туул голоо байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх зорилгоор эсэргүүцэл өрнүүлээд буй. Тэдгээр иргэдийн төлөөлөл “Туулын хурдны замыг барихын тулд хэдэн зуун баганыг гол руу шигтгэнэ. Ингэхдээ голын голидролыг хааж, өөрчилж байж барилгын ажил нь явагдана. Мөн 10 метрийн өргөнтэй, 32 км-ийн урттай газар бургасыг хядна. Ингэснээр тухайн хэсгээр барилгын хүнд техникүүд явж эхлэх юм. Энэ төслийг Хятадын компани авячисан учраас хятад ажилчид ирж ажиллах учраас гол дагуу барилгын кемпүүд байгуулагдана. Мэдээж хятад ажилчид зочид буудалд байрлаад л өглөө, оройдоо автобусаар яваад байхгүй. Наанадаж тэнд ажиллах хүмүүсийн бохирын асуудал гээд л бодоход маш аймшигтай. Дор хаяж 2000 хятад иргэн 2-3 жилийн хугацаанд Туул голын маань эрэгт байрлаж ажиллана гэж төсөөлөхөд л энэ төсөл баригдахаасаа өмнө Туул голын экосистемийг устгах аюултай гэж харсан. Яагаад заавал Хатан Туул голынхоо дээгүүр нь зам тавих “мунаг” зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Тиймээс энэ талаар хийсэн нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж байгаа юу. Тэдгээрийгээ ил гаргаж тавихыг хүсэж байна. Мөн Усны газрын зөвшөөрөлгүй, БОУАӨЯ-нд мэдэгдээгүй байгаа нь нийслэл хууль зөрчиж, үл тоож байгаа явдал юм” гэсэн юм. 

Мөн эсэргүүцэгчдийн төлөөлөл Усны барилга байгууламжийн чиглэлээр Япон, Австрали улсад мэргэшсэн н.Аюурзана гэх хүнтэй ярилцахад “Туул голын 30 хувь нь дээгүүрээ урсаж байгаа. 70 хувь нь Улаанбаатар хотын усны нөөцөд гүнрүү нэвчиж нөөцийг бүрдүүлж байдаг. Бид Хэнтий нуруунаас эх авч байгаа гэх мэтээр холоос эх авч байгаа учраас хамааралгүй гэж яриад байгаа. Энэ бол зөвхөн Туул голын эхийг ярьж байгаа асуудал. Гол урсаад ирэхэд ширгэх, тасрах магадлал асар өндөр болж байгаа. Ихэнх хувийг нь Улаанбаатарчууд гүнрүү нэвчиж орсон нөөцөөс татаж авч байгаа. Гэтэл дээр нь байгаа тэр багахан хэсгийг дахин тасалдуулаад эхэлбэл Туул гол татраад, хатах аюултай гэж ярьсан” гэж байлаа.

Ц.Лут-Очир

Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир “ Туулын хурдны зам бол түгжрэл бууруулах гарц шийдэл биш. Анх тус замыг барьснаар түгжрэл 30 хувь буурна гэж байсан бол сүүлдээ 13 хувь гэж ярьж байна. Гэсэн хэдий ч энэ бол хотын төв хэсгээр тавигдаж байгаа зам биш. Хотын урд хэсгээр явж байгаа зам учраас хотын төв хэсгийн түгжрэлийг шийдэх шийдэл огт  биш. Дээрээс нь үүнд 2.3 их наядын хөрөнгө зарж байгаа. Үүгээр тогтохгүй байх. Энэ мөнгийг нийслэлийн 1.7 сая хүн амд хувааж үзвэл 1.3 сая төгрөг ногдож байгаа юм. 1.3 сая төгрөгийн татвар төлөөд Туулын хурдны замыг хийнэ гэж ойлгож болно.

Мөн байгаль экологид хор хөнөөлтэй. Цорын ганц Туул гол дээрээ 12 км гүүрэн зам барина гэдэг бол байж болохгүй асуудал. Автомашины дугуйнаас гарч байгаа химийн хорт бодис шууд гол руу орно. Мөн өвөл зам дээр давс бодис цацдаг. Эдгээр бодис ч гол руу орж, экосистемд нөлөөлнө. Бид энэ хүрээндээ БОУАӨЯ, ГХЯ-нд “Туулын хурдны замын төслийг зогсоо” гэж шаардлага хүргүүлж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү шаардлага хүргүүлнэ. Яагаад гэвэл усны ундарга бол бидний Үндэсний аюулгүй байдалдтай шууд холбоотой. Бид түгжрээд амьдарч болох ч усгүй амьдарч чадахгүй” гэлээ.

Нийгэм судлаач Х.Уянга “Улаанбаатар хотын цор ганц ундны усны нөөц нь Туул гол. Тиймээс Туул голынхоо экосистемийг хамгаалж, энэ төслийг зогсоохыг шаардаж байна. Мөн Туулын хурдны зам барих тендерт огт зам барьдаггүй компани оролцоод шалгарчихсан. Сонгон шалгаруулалтаасаа хойш арванхоёрдугаар сард компаниа нээж, Монголд бүртгүүлээд орж ирсэн байгаа юм. Энэ нь дүрэм журам, баримт бичгийнхээ хувьд маш том асуудал дагуулахаар байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар ард иргэдээсээ асуух ёстой байдаг. Туул гол таван аймаг, 18 сумыг дамжин өнгөрдөг. Тиймээс хуулиараа хамгийн багадаа 3500 хүнээс түүвэр аргаар судалгаа авах ёстой байсан. Гэтэл ТЭЗҮ-дээ “Бид нийгмээс зөвшөөрөл авсан” гэж оруулсан боловч Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагч нар хуралдаад зөвшөөрсөн гэж байгаа юм. Тэдгээр хүмүүс Монгол Улсын таван аймгийн иргэнийг төлөөлөхгүй. Одоогоор Захиргааны хэргийн шүүхэд хоёр гомдол, АТГ-т нэг гомдол очсон байгаа. БОУАӨЯ-нд хэд хэдэн гомдол мэдүүлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Мөн экологийн цагдаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол мэдүүлээд явж байгаа. БОУАӨЯ-нд мэдүүлсэн гомдлынхоо талаар лавлахад “Бид хариу өгнөө. Энэ ажлыг зогсоох гээд хүмүүсийг нь хайгаад олохгүй байгаа” гэсэн. Юу гэхээр, Туулын шугуйд байцаагчид очиж тухайн замын ажлыг зогсоох ёстой байдаг. Тэдгээр хүмүүсийг олохгүй байгаа тул шугуйдаа самналт хийгээсэй гэж хүсэж байна. Эхний өдрөө том техник хэрэгслүүдтэй ажлаа эхлүүлж байсан бол одоо гар хөрөөтэй, мөлхөө аргаар хядаж байна” гэсэн юм.

 

“Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй Туулын хурдны зам ямар ч хамааралгүй тул энэ талаар мэтгэлцэхэд бэлэн”

 

Албаныхан Туул голын экосистемийг алдагдуулахгүйгээр, ундны эх үүсвэрийг хөндөхгүйгээр ажлаа явуулна гэж танилцуулж байгаа. Гэвч олон нийтийн эсэргүүцэл өрнөж, жагсаал, хөдөлгөөн хийж байгаа учраас энэ төсөл цаашид хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл хэмээн нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "Арванхоёрдугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэж байлаа.

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уг төслийн талаар тайлбар өгөхдөө "Энэ төслийн 7.2 км нь зургаан эгнээ гүүрэн байгууламж байна. Олимпын гүүр дөрвөн эгнээтэй нэг км-ийн өртөг нь 120 тэрбум төгрөгөөс дээш байгаа. Тэгэхээр Туулын хурдны зам урт учраас одоо байгаа өртгөөрөө хийнэ. Үнэтэй өртөг биш, Монгол Улсын төсөвчид бодсон. Одоо байгаа манай асфальтан замууд 10 см хүртэлх хоёр давхаргатай байдаг. Бид Туулын хурдны замыг 18 см хүртэлх гурван үе давхаргатай, Азийн хурдны замын стандартаар төлөвлөж байгаа. Дээрээс нь 160 км/ц хүрэх боломжтой гэрлэн дохиогүй, уулзваргүй хурдны зам. Олон улсад яг ийм замыг ашигладаг. Хүн төрөлхтөн хот үүсгэхийн тулд голоо дагаж амьдардаг. Ялангуяа хурдны замуудыг голоо дагаад хийдэг жишигтэй. Туулын хурдны замын төсөв, өртөг бага мөнгөөр батлагдсан. Дэлхийн нийтэд үнийн өсөлт болбол эрсдэлтэй гэж харж байгаа. Энэ бол ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш.  Улаанбаатар хотын усны нөөцөд яагаад ч нөлөөлөхгүй. Бургас голын татанга эргийг дагаж ургадаг ургамал. Сэлбэ, Туул голын түвшин 1950 онд маш доор байж байгаад 1968 оны үерээр уулаас их хэмжээний лаг шавартай ирж тогтсон. Эрдэмтэдтэй зөвлөж байгаа. Усны зөвлөх инженер Ш.Баранчулуун энэ төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Би дэд бүтцийн салбарт 17 жил ажиллаж байна. Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй Туулын хурдны зам ямар ч хамааралгүй. Энэ талаар гарч байгаа тоо баримт дээр ямар ч эрдэмтэн мэргэдтэй мэтгэлцэхэд бэлэн" хэмээн мэдээллээд байгаа юм.

“Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулсан” хэмээн албаныхан мэдээлсэн.

Гэвч олон нийтийн зүгээс “тус тендерт шалгарсан компани нь огт зам барьдаггүй компани оролцоод шалгарчихсан” зэрэг шүүмжлэлт байр суурийг илэрхийлснийг дээр мэдээллсэн билээ. Үүгээр зогсохгүй “Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 50, 30, 13.5 хувь буурна” хэмээн зөрүүтэй мэдээллүүдийг өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Эх сурвалж: zms.mn