Боосон баглааг минь хараад баярлах хүмүүсийн харцнаас аз жаргал мэдэрдэг

 

Баглаа бүрдээ сэтгэлээ шингээж, хайр түгээн зогсох охиныг Ч.Дөлгөөн гэдэг. Тэрээр “Flora” цэцгийн дэлгүүрийн худалдааны зөвлөхөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Нэгдүгээр курсийн оюутан байхаасаа дурлалт хосуудын хайрын гүүр, найз нөхдийн баяр баясал, багш шавийн хүндлэл бахархал, үр хүүхдийн хэмжээшгүй талархал, аав ээжийн нандин сэтгэлийн илэрхийлэл өнгө алагласан цэцгийн баглааг аз жаргалтайгаар боож байгаа нь энэ аж. Үйлчлүүлэгчийнхээ ярианы өнгө, зан ааш, биеийн хэлийг ажиглаад ямар хүнд ямархуу цэцэг боолгох гэж байгааг нь урьтаад таамаглачихдаг болсон гэнэ. Тиймдээ ч өгөх гэж буй хүнийх нь нас, хүйст тохируулаад зөвлөдөг байна. Цэцэг боолгуулж байгаа хүний сэтгэл, хичээл зүтгэлийг хараад энэ цэцгийг авах хүн ямар их баярлах бол гэдгээс өөрөө аз жаргал мэдэрдэг гэнэ.

Тэрээр дуртай ажлынхаа тухай “Заримдаа хүмүүс олуулаа орж ирнэ.  Нэг нь “Хүн болгон өгч байгаа юм чинь жижигхэн баглаа” гэхэд нөгөөх нь “Нэгэнт өгч байгаагийнх гоё томыг боолгоно” гээд санал зөрөлдөхөд нь “Хүмүүс төдийлөн өгөөд байдаггүй ийм ховор цэцэг зүгээр юм уу” гэж зөвлөөд асуудлыг шийддэг. Удаан ажилласны давуу тал нь үүн дээр гардаг. Би ихэвчлэн ягаан өнгийн баглаа боох гээд байдаг. Ихэнх эмэгтэйчүүд ягаан өнгөнд дуртай болохоор миний бэлэн бооцон баглааг хараад “Энэ гоё юм байна” гэхийг сонсоод их баярладаг байсан” гэсэн юм. Түүний дуртай цэцэг нь ранункулюс. Хүмүүс төдийлөн мэдээд байдаггүй болохоор санал болгох дуртай гэнэ. Хичээлийнхээ хажуугаар ажлаа ингэтлээ дурлаж хийж байгаа түүнээс урам зориг авах шиг. Тиймээс улам ярилцаж, мэдлэг, мэдрэмжээс нь хуваалцмаар санагдав.

-Цэцгийн дэлгүүрт ажилласнаас хойш цэцгийн талаарх бодол нь хэр өөрчлөгдсөн бэ?

-Арван жилд байхад “Мартын 8” ч юм уу зарим баяраар ганц сарнай авахад гоё санагддаг байлаа. Цэцгийн мэдлэг төдийлөн байхгүй болохоор сарнайнаас өөр цэцэг бараг мэддэггүй байсан. Харин цэцгийн дэлгүүрт ажилласнаас хойш ажил хийж байгаа гэх бодлоос илүү алхам бүрдээ авч байгаа мэдрэмж нь илүү гоё санагддаг. Одоо баяр ёслолоор найзууд, гэр бүлдээ цэцэг өгөхгүй л бол бэлэг өгсөн мэдрэмж дүүрдэггүй болсон. Хүн баярлуулна гэдэг өөрөө баярлахтай адил сайхан зүйл шүү дээ.

-Сүүлийн үед цэцэг бэлэглэх соёл хүчтэй дэлгэрч, нас, хүйс, баяр ёслол харгалцахгүй болжээ?

-Хоёр, гурван жилийн өмнөөс монголчуудын дунд цэцгийн соёл хүчтэй дэлгэрч байгаа. Учир нь залуу үеийнхэн нийт массаараа нэгнээ баярлуулахдаа том, жижиг нь хамаагүй цэцэг өгөх болсон. Заавал баярын өдөр гэхгүй.

Эмэгтэйчүүд энгийн үед бие биедээ цэцэг бэлэглэхээс гадна баяр ёслолын үеэр эрэгтэйчүүдэд ч их бэлэглэх болсон нь сошиал орчинд их харагддаг. Эрэгтэй хүнд төдийлөн цэцэг өгч дасаагүй болохоор биднээс зөвлөгөө их авдаг.

Тэгвэл уншигч та бүхэнд “Flora” цэцгийн дэлгүүрийн худалдааны зөвлөх Ч.Дөлгөөн үйлчлүүлэгчдэдээ ямар цэцэг зөвлөдөг талаар сонирхуулъя.

 

Эрэгтэй хүнд башир

 

Эрэгтэй хүнд удаан амьдардаг болон ховор төрлийн цэцэг хамгийн тохиромжтой. Мөн башир цэцгийг эрэгтэй хүний цэцэг гэдэг. Ингэхдээ хэт их чимэглэл, баглааны олон давхар цаасгүй ургамал байдлаар нь өгвөл зүгээр санагддаг. Алтанзул цэцгийн цагаан, цэнхэр өнгөний бэлгэдэл нь амар тайван, урт удаан амьдралыг бэлгэддэг тул сайхан сонголт болдог.

 

Цор ганцын бэлгэдэл алтанзул

Баяр ёслолоор эмэгтэйчүүдэд ихэвчлэн улаан сарнай бэлэглэх нь элбэг байдаг. Хэрэв өмнө нь өгч байсан үйлчлүүлэгч өөр сонголт хийхийг зорьдог. Тэр үед цор ганцын бэлгэдэл алтанзул цэцгийг зөвлөдөг. Мөн гербера гэхчлэн Голланд, Эквадор цэцгийг илүү таашааж, сонгох болсон.

 

Ахмад хүмүүст удаан амьдардаг, тод цэцэг

Багшдаа, ээждээ гэхчлэн ахмад настай хүнд том цэцгийн баглааг сонгодог. Харин залуучууд, чамин зүйлд дуртай хүмүүс цэцэгт төвлөрсөн цааш биш цэцэгт төвлөрсөн цэцэг бэлэглэх нь элбэг болсон. Ахмад настай хүмүүсийн мэддэг цэцгийн төрөл цөөхөн тул хамгийн түгээмэл сарнай, лили, ромашка, наранцэцэг зэргийг санал болгохоос гадна ширээн дээрээ тавихад хамгийн тохиромжтой тод өнгийг зөвлөдөг.

 

Хамгийн их арчилгаа ордог нь мини сарнай

Саяхан амаржсан найздаа бэлэглэх гэж байгаа бол үнэргүй, ховор төрлийн цэцэг санал болгоно. “Удаан уулзаагүй юм аа” гэвэл урт насалдаг цэцэг санал болгоно. Цэцгийн утга нь өөрөө тухайн харилцааны үнэ цэн, онцлогийг илэрхийлдэг.

Хамгийн их арчилгаа шаарддаг цэцэг мини сарнай, сарнай. Тиймээс өдөр бүр усыг нь сольж, доороос нь тайрах шаардлагатай. Арчилгаа сайтай бол хамгийн багадаа тав хонодог. Харин башир, ромашка зэрэг хамгийн удаан амьдардаг.

 

Цэцэг бүр өөрийн дэлгэрэх улиралтай. Хаврын энэ үе бол цээнэ цэцгийн улирал. Тиймээс манай дэлгүүр хамгийн түрүүнд татаж үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. Мөн баяр бүрд зориулаад каталог гаргадаг нь манай дэлгүүрийн онцлог юм. Тухайн улиралд болдог баярын өдрөөс цэцгийн борлуулалт хамаардаг. Ингэхдээ өвлийн улиралд цэцэг боолговол гараад хөлдчихнө гэж бодох нь бас бий. Угтаа өвлийн дулаалга хийгээд өгдөг болохоор хаана ч хүрсэн асуудалгүй байдаг. Мөн дулаараад пальтогоо өмсөөд алхахдаа хажуудаа цэцэг тэвэрчихсэн байвал сэтгэл санаа нь сэргээд бүүр гоё болчихсон харагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 57 (7799)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn