2026 оныг ОХУ-ын Ард түмнүүдийн эв нэгдлийн жил болгон зарласны хүрээнд тус улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр өнгөрсөн 03 дугаар сарын 20-ны өдөр Москва хотын Кремлийн музейнүүдэд “Чингис хааны үр сад. Орос орон ба амар амгалан” сэдэв бүхий 150 ховор үзмэртэй үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн нээлтэд ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал П.Жаргалан, Батлан хамгаалахын атташегийн туслах, хошууч Э.Мөнх-Эрдэнэ, III нарийн бичгийн дарга О.Чинбаяр нар оролцсон байна.

Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун үзэсгэлэнгийн нээлтэд урилгаар оролцон мэндчилгээ дэвшүүлэв. Үзэсгэлэнд ОХУ-ын Эрмитаж, Москва хотын Кремлийн музейнүүд, Маржани сан, ОХУ-ын Түүхийн музей, Санкт-Петербург Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний номын сан зэрэг газраас үнэт үзмэрүүдийг авчран дэлгэн тавьжээ.

Энэхүү үзэсгэлэн 2026 оны долдугаар сарын 19-ний өдрийг хүртэл гарах бөгөөд Москвад анх удаа дэлгэгдэн тавьж буйгаараа онцлог үйл явдал болж байна. Үзэсгэлэнг өргөн олон нийтэд нээлттэй байх бөгөөд дунд сургуулийн сурагчдад зориулан “Чингис хааны өв залгамжлагчид” хэмээх сургалтыг 04 дүгээр сарын 04-20-ний өдрүүдэд зохион байгуулах аж.

Түүнчлэн “Чингис хааны үр сад Москвагийн ноёдод алба хашиж байсан нь”, “Орос орон ба Чингисийн удмынхан”, “Өнгөрсөн үеийн гэрчүүд. XVI–XVII зууны үеийн Оросын ордон дахь Чингисийн удмын язгууртнуудын эдлэж, хэрэглэж байсан үнэт эдлэлүүд”, “ XIV–XV зууны үеийн Оросын төмөр урлалд гүйцэтгэсэн Алтан Ордын нөлөө”, “Оросын газар нутаг ба Алтан Ордын Улс: харилцааны онцлог” зэрэг лекцийг ОХУ-ын нэртэй эрдэмтэн түүхчид үзэгчдэд уншиж байна гэж Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас  мэдээллээ.

Эх сурвалж: zms.mn