Ц.МЯГМАРБАЯР
Монгол хүн сансарт ниссэн болон Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулж “Амгалан дэлхий” ТББ, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Бүтээгч” продакшн хамтран “Cансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт ярилцлагыг өнөөдөр /2026.03.19/ Чингис хаан Үндэсний музейн их танхимд зохион байгууллаа. Уулзалт ярилцлага сансрын нислэгийн түүх ба сансрын технологийн туршилт, хиймэл дагуул ба шинэ үеийн сансрын технологи гэсэн сэдвийн хүрээнд болсон юм. Уг арга хэмжээнд БНМАУ, ЗХУ-ын баатар, тэргүүн зэргийн Чингис хаан одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич Д.Рэгдэл, Монголын сансрын нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог нар оролцож хүүхэд залуучууд, оюутнуудад “Сансрын нислэгийн түүх ба сансрын технологийн туршилт”-ийн талаар дурсамжаа хуваалцсан юм.
Энэ үеэр Шинжлэх ухааны академиас 2026 оны “Сансрын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байгаа гэдгээ онцолсон. Энэхүү чухал арга хэмжээнд оролцохоор олон улсын сансрын нисгэгчид манай улсад айлчилж байгаа гэлээ.
Уулзалт ярилцлагын хоёрдугаар хэсэгт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор Т.Төртогтох, мөн тус сургуулийн багш, сансрын даалгавар хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор Т.Бэгзсүрэн, “ONDO Space” компанийн технологи хариуцсан захирал, сансрын технологийн инженер, доктор Д.Амартүвшин нар оролцож “Хиймэл дагуул ба шинэ үеийн сансрын технологи” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь сонирхолтой байлаа. Тэд таван жилийн өмнө хиймэл дагуулын нарийвчилсан технологийг туршсан Монгол инженерүүдийн анхны багийнхан. Тухайн үед хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бидний дараагийн зорилго сансрын технологийг Монголдоо нутагшуулах юм” хэмээн ярьж байсан гэдгийг хөтлөгч тодотгоод одоо энэ ажил ямар түвшинд явж байгааг сонирхсон юм. Тэдний хариултыг одоо хүргэе.
Т.Төртогтох: Бидний өмнөх үеийнхэн сансрын технологийг ашиглаад сансарт хөөрсөн гэхээр огшдог
-Сансрын технологийг судалж байхад сансарт төхөөрөмж ажиллана гэдэг гайхамшиг. Өөрөөр хэлбэл, сансарт агаар байхгүй. Нартаа тал нь хэт халуун эсвэл наргүй тал нь хэт сэрүүхэн байдаг ч юм уу гээд яг тэр орчинд хүн очих, том төхөөрөмж ажиллана гэдэг үнэхээр гайхамшигтай зүйл. Энэ зүйлийг бидний өмнөх үеийнхэн 45 жилийн өмнө буюу 1981 онд сансарт очоод ажиллуулаад зогсохгүй өнөөдөр амьд байгаа нь бидэнд түшигтэй байдаг. Эдгээр хүмүүстэйгээ хамт байгаад сэтгэл огшиж байдаг. “Тэмүүлэл” хиймэл дагуулын төсөл үргэлжилж байна. Энэ жилийн тухайд зургаа дахь жил буюу төслийн төгсгөлийн шат руу орсон. Гэхдээ хөөрөх үү, үгүй юу гэдэг нь мөнгө санхүүгээс шалтгаалдаг. Хөөрөгч компани ямар компани байх уу, яаж хөөргөх үү, үнэ өртгийг нь бид төлөх үү гэх зэрэг олон асуудал бий. Одоогоор инженерийн шатны загвар угсрагдаад ирэх хавар хөөргөх бүх туршилт, хөгжүүлэлтийн шат дуусна. Энэ төслийг оюутнууд бие даан хийж байгаа. Яагаад сунжраад байна вэ гэвэл өмнө нь энэ төсөл дээр ажиллаж байсан оюутнууд төгсөөд явчихаар дараагийн шинэ оюутнууд нь анхнаас нь сурах гээд хугацаа нь хойшлох шалтгаан болдог. Гэхдээ уг төслийн гол зорилго нь сансрын технологийг эзэмших боловсролын төсөл. Тэгэхээр сургалтын байдлаар үргэлжлээд явж байх нь сайн. “Тэмүүлэл” төслийг эхлүүлсэн оюутнууд төгсөөд гадагшаа суралцахаар явсан. Зарим нь эхнээсээ магистраа хамгаалаад зарим нь докторт үргэлжлүүлээд суралцаж байна. Өнгөрсөн оны мэдээгээр 12 оюутан доктор болон магистрын түвшинд Япон, Солонгос, Тайвань зэрэг улсад суралцаж байгаа.
Т.Бэгзсүрэн: Хиймэл дагуулын камерын технологийн системээ тасралтгүй хөгжүүлсээр байна
- Сансарын технологийг хөгжүүлэх нь хувь хүнээс шалтгаалах салбар биш. Гэхдээ том зургаар нь харвал манай Засгийн газар болон салбар яам онцгой анхаарч Монголдоо нутагшуулах тухайд үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байна. Би сансрын даалгавар хөгжүүлэлтийн чиглэлээр дагнаж байна. Сансрын даалгавар хөгжүүлэлт нь хиймэл дагуулын камертай холбогддог. Хиймэл дагуулыг дэлхийгээр бүтээх явцад гол хэсэг буюу бааз хэсэг нь нарийн технологийн хэсэг. Үүн дотроо бас нэг гол хэсэг гэж байдаг. Энэ нь ашигтай ачаа гэсэн хэсэг. Энэ хэсэгт хиймэл дагуулын камерын болон мэдрэгч процессор, серверүүд байрладаг. Үүнийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Үүнийг хөгжүүлнэ гэдэг нь дэлхий дээр байгаа зүйлээ судлах шаардлагатай. Энэ хүрээнд ялангуяа Монголын говийн хөрс, ургамлыг судлах ажлыг амжилттай хийж байна. Ер нь байгаль дээр байгаа юмсын шинж чанарыг сансраас судлах боломжийг л эрэлхийлдэг. Жишээлбэл, ургамлыг сансраас харахад нэлэнхийдээ хар ногоон өнгөөр харагддаг бол бидний хардаг шиг өнгөөр харж чадах камерыг бүтээж чадвал ургамлын тухай маш их мэдээллийг цуглуулах боломжтой. Тийм зориулалттай HOVERAir's системтэй камер байна. Энэ нь бидний хэрэглэж буй гар утасны камер гурван өнгөөр харж болдог бол HOVERAir's камер нь 320 өнгөөр зураг авах боломжтой. Тэгэхээр тухайн ургамал ямар шинж чанартай юм бэ гэдгийг энэ камераар бүрэн судлах боломжтой гэсэн үг. Сүүлийн таван жилд хийсэн судалгааны үр дүнг саяхан Монголд нийтлэгдсэн. Энэ судалгаагаар бид говийг хиймэл дагуулаас харахад элсэн цөл мэт харагддаг.Тэгвэл ийм камераар харвал говь,цөл бүхэл бүтэн эко систем юм гэдэг нь харагддаг байх нь. Хэдийгээр бид мэдэх хэдий ч сансрын хиймэл дагуулын даалгавар болгоод өгчихвөл боломжтой. Бид Япон улсаас HOVERAir's технологийн камерыг авч Монголдоо ашиглаж байна. Ер нь камерын технологийн системээ тасралтгүй хөгжүүлсээр байна.
Д.Амартүвшин: Манай компани одоогоор 12 хиймэл дагуулыг хөргөөд байна
-Би анх Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа ахтай анх 2013 онд Монгол Улсын Засгийн газраас Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн баг МУИС дээр олон нийтэд танилцуулах үеэр танилцаж байсан. Тухайн үед жижиг лаазанд багтдаг хиймэл дагуулыг хөөргөх төслийн сургалтыг оюутнуудын дунд зохион байгуулж байсан юм. Тэр үед би I дамжааны оюутан байхдаа Ж.Гүррагчаа баатартай гар барьж танилцаж байснаа дурсахад таатай байна. Үүнээс хойш 13 жил болсон байна. Би сансрын технологийн инженерээр дотоод, гадаадад сураад судалгаа шинжилгээгээ хийгээд явж байна. Тэр үед Монгол хүн сансарт ниссэний 32 жилийн ойг тэмдэглэж байсан. Хүн сансарт амжилттай хөөрч, газардаад долоо хоног туршилт судалгаа хийнэ гэдэг технологийн хувьд маш том зүйл. Одоо ч гэсэн нэг улс дангаараа хийхэд маш их хугацаа, хөрөнгө зарцуулна. Энэ утгаараа өмнө хийсэн хүмүүсийнхээ амжилтаар бахархаад зогсохгүй, маш их хүндэтгэдэг.
Манай “Ondo Spase”-нь 2022 онд байгуулагдсан сансрын технологийн үйл хэргийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй компани. 2024 онд “ONDO Space”-н хиймэл дагуулууд туршилтаа амжилттай хийж, арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ONDO Space-н хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь юмсын интернэт төхөөрөмжүүдийн харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох замаар жижиг оврын хиймэл дагуулын сүлжээг ашиглан огт сүлжээгүй газраас мессеж илгээх, хүлээн авах цаашлаад дуудлага хийх боломжоор хангагдах ач холбогдолтой юм. Мөн мал амьтан, төхөөрөмжийн байршил, төлөв тогтоох төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлсэн. Уг төхөөрөмж нь Монголын нөхцөл байдалд тохирсон буюу мал амьтны байршил тогтоох боломжтой. Энэ хүрээнд Монголын “Аргаль, янгир”-ын сантай хамтарч ховордсон ан амьтныг олж илрүүлэх, хамгаалах төслийн чиглэлээр ажиллаж байна. 2025 онд холбооны зориулалттай бага хэмжээний дата агуулсан хиймэл дагуулыг хөөргөсөн. Манай компани одоогоор 12 хиймэл дагуулыг хөөргөөд байгаа. Тухайлбал НҮБ-тай хамтран малчдад аюул тохиолдож интернетийн сүлжээгүй газар хиймэл дагуулаар дамжуулж мэдээлэл өгөх, байршлыг тогтоох гэх зэрэг. Онцгой байдлын газартай хамтарч таван төхөөрөмж туршилтаар ажиллаж байна.
Эх сурвалж: zms.mn