Ц.МЯГМАРБАЯР
Шинжлэх ухааны академиас 2026 оны “Сансрын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү чухал арга хэмжээнд оролцохоор олон улсын сансрын нисгэгчид манай улсад айлчилж байгаа аж.
1981 оны 3 дугаар сарын 22-нд олон улсын “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгч В.Джанибеков болон Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын багтай “Союз-39” хөлөг Байконурын сансрын буудлаас хөөрсөн юм. Дараагийн өдөр нь уг хөлөг “Салют-6” тойрог замын станцтай амжилттай холбогдож, “Союз-39 / Салют-6 / Союз Т-4” тойрог замын нэгдсэн цогцолборыг бүрдүүлсэн.
Нислэгийн хугацаанд багийнхан сансрын физик, сансрын технологи, дэлхийн тандалт, анагаах-биологийн шинжлэх ухааны чиглэлээр 30 гаруй туршилт, судалгаа хийсэн. Энэхүү нислэг 1981 оны гуравдугаар сарын 30-нд амжилттай дууссан юм. Энэхүү түүхэн үйл явдал Монгол Улсыг сансарт хүн нисгэсэн дэлхийн 10 дахь улс, тойрог замын судалгаанд зориулсан шинжлэх ухааны багаж хэрэгсэл бүтээсэн 20 дахь улс, мөн сансрын задгай орчинд шинжлэх ухааны хэмжилт хийсэн анхны таван улсын нэг болгож дэлхийн тавцанд гаргасан билээ.
Интеркосмос хөтөлбөрийн хамтын ажиллагаа нь Монголын сансрын шинжлэх ухааны анхны үеийн эрдэмтэн, инженерүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж, тойрог замын туршилт хийх, олон улсын сансрын судалгаанд оролцох чадвартай мэргэжилтнүүдийг төлөвшүүлэхэд тусалсан. Үүнээс хойш Монгол Улс алсын зайн тандалт, гео-мэдээллийн шинжилгээ, агаар мандлын хяналт шинжилгээ, хиймэл дагуулын мэдээллийн хэрэглээ, үндэсний зураг зүй зэрэг салбарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан.
Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нь Астропарк байгуулах санаачилгыг гаргаж, уг төв 2014 онд нээгдсэн. Астропарк нь сансар судлалын танхим, планетариум, гариг эрхсийн шинжлэх ухааны музей-г багтаасан цогцолбор юм. Шинжлэх ухааны боловсролыг олон нийтэд түгээх чухал бүтээн байгуулалт болсон энэ төв нээгдсэнээс хойш 146 мянга гаруй зочин хүлээн авсан байна.
2021 онд Астропарк нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансрын судалгааны төв болон өргөжсөн бөгөөд 2024 онд иж бүрэн технологийн шинэчлэл хийгдсэн. Цаашид хиймэл дагуулын систем, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-ийн хөгжүүлэлт, туршилт, сургалт явуулах орчин үеийн сансар-нисэхийн лаборатори байгуулах, мөн Монгол Улсын дараагийн сансрын нисгэгчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр ололт амжилтыг тэмдэглэн өнгөрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (MAS), Ази-Номхон далайн Сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) болон “Интерспутник” Олон улсын сансрын холбооны байгууллага хамтран 2026 оны “Сансрын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: zms.mn