Т.Мичидмаа
Гэрэл зургийг Р.Оюун
Гавьяат эдийн засагч Д.Бямбаа өөрийн эрүүл мэндийн байдал болон хувийн өмчтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрээр 2025 оны наймдугаар сард элэгний хорт хавдраар оношлогдож, одоогоор гадаадад эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүний хэлснээр элгэндээ хоёр голомт бүхий хорт хавдартайгаас гадна бөөрний дутагдалд орсон бөгөөд эмчилгээний явцад хүний эрх зөрчигдсөн, хүнлэг бус нөхцөл байдалтай тулгарсан талаар дурдсан юм. Мөн тэрээр өнөөгийн нийгмийн байдлыг шүүмжилж, “Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хууль зөрчиж, бусдыг хохироосон ч хариуцлага хүлээхгүй байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн улс төрийн нөхцөл байдалтай холбон АН болон МАН-ыг буруутгаж буйгаа мэдэгдсэн байна. Д.Бямбаагийн мэдээлснээр, түүнийг эмчилгээ хийлгэж байх хугацаанд Сонгино-Хайрхан дүүргийн АН-тай холбоотой гэх хүмүүс түүний 100 гаруй м.кв талбайтай орон сууцыг дээрэмдсэн гэж мэдэгдлээ. Тэрээр уг үйлдлийг эсэргүүцэж эмчилгээний зардалд нь үлдээхийг хүссэн тухайгаа хэлсэн юм. Түүнчлэн тэрээр өөрийн эрүүл мэндийн байдал хүнд байгааг дурдаж, үр хүүхдүүдэд нь очих ёстой хөрөнгийг буцаан олгохыг холбогдох хүмүүсээс хүссэн байна. Мөн уг асуудалд тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэг байсан хэмээн мэдэгдсэн юм. Эцэст нь тэрээр нийгэмд хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг байдлыг таслан зогсоож, иргэдийн амьд явах эрхийг хамгаалах шаардлагатай байгааг онцоллоо.
Эх сурвалж:www.zms.mn