Т.МИЧИДМАА

 

Орчин үеийн залуусын мэдрэмж хандлагыг уран бүтээлдээ шингээн, урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүтээж яваа дуучин, жүжигчин Э.Оюунболдыг “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор урилаа. Тэрээр “Noubold” нэрээр танигдаж залуу үеийнхэнд өвөрмөц өнгө аяс, мэдрэмжийг хүргэсээр буй.

-Хоёулаа ярилцлагаа сүүлийн тайзны уран бүтээл болох “Түүний буруу”  жүжгээс эхэлье. Тайзны уран бүтээлээр үзэгчтэй уулзах мэдрэмж ямар байв?

-Тайз бол амьд урлаг. Тийм болохоор анхны тайзны уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах маш гоё санагдсан бас сандарч, догдолсон. Үнэндээ одоо ч тэр сандрал бүрэн арилаагүй л байна. Өмнө нь тайзан дээр "жүжигчин" гэж дуудуулж байгаагүй. Ихэвчлэн артист, дуучин гэж дуудуулдаг байсан. Харин энэ удаа “Жүжигчин Оюунболд” гэж дуудуулахад үнэхээр сайхан санагдсан. Жүжгийн бүх хэсэг миний жүжигчний ур чадварыг харуулж, өөрийгөө дайчлах боломж олгосон.

-Та дууны үгээ өөрөө зохиодог гэсэн. Сүүлд цацагдсан “Түүний буруу” жүжгийн “Оргүй хоосон” дууныхаа тухай яривал?

-Би дуунуудынхаа үгийг өөрөө бичдэг. Сүүлд жүжгийнхээ “Оргүй хоосон” дууг зохиосон. Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хайр бус гэр бүл, хайртай дотны хүмүүсийн хоорондын харилцаа, хайр сэтгэлийн тухай өгүүлэхийг зорьсон.

-Дууны шүлгээ бичихдээ ямар өнгө аясыг шингээхийг зорьдог вэ?

-Дуучны хувьд би хүнийг бодолд автуулах, заримдаа сэтгэл нь гундуу үед нь хань болж чадах дуу хийхийг зорьдог. Хүний зүрхэнд хүрч, дотоод мэдрэмжийг нь хөдөлгөх уран бүтээл хийхийг хичээдэг. Тиймээс зөвхөн хөгжөөх, өнгөц мэдрэмж төрүүлэхээс илүүтэй сонсогчид маань дууг минь зүрх сэтгэлээрээ мэдэрч сонсоосой гэж хүсдэг.

Ихэнхдээ ганцаараа сууж байгаад кино үзэх, ном унших үедээ төрсөн мэдрэмжээ дууныхаа үгэнд буулгахыг хичээдэг. Мөн өөрт тохиолдсон зүйлс, ойр дотнын хүмүүсийн яриа, амьдралд болсон үйл явдлуудаас санаа авч, тэндээс төрсөн мэдрэмжээ дуундаа шингээхийг зорьдог.

-Та анхны дууны уран бүтээл нь хэрхэн бүтэж байв. Уран бүтээл нь үзэгчдэд хүрэхэд ямар мэдрэмж төрж байв?

-2021 онд би хамгийн анхны “This Day” нэртэй дуугаа олонд хүргэж байсан. Тэр дууг хүмүүс их сайхан хүлээж авч, урам өгсөн болохоор цаашид "дуу уран бүтээл хийж болох юм байна" гэж бодсон. Түүнээс хойш хоёр жилийн турш гэртээ дууны үг бичиж, өөрийгөө хөгжүүлэхэд цаг зарцуулсан.

Үүний дараа анхны дууныхаа нэрээр цомгоо нэрлэсэн. Анх өөрийгөө уран бүтээлч хүн гэж жинхэнэ утгаар нь мэдэрсэн үе цомгийн нээлтийн үе байсан. 2021 онд цомгоо гаргаад, нээлтээ хийхдээ л хүмүүс намайг үнэхээр сонсдог, миний дуунд дуртай хүмүүс байдаг юм байна гэдгийг анзаарсан. Тэр үед “Урлагийн хүн байна гэдэг ямар гоё юм бэ” гэж бодсон.

Сүүлд тайзны уран бүтээлд ажиллах бас өөр мэдрэмж байсан. Жүжиг дууссаны дараа үзэгчидтэй уулзаж, ярилцахад хүртэл уран бүтээлийг минь эергээр хүлээж авч байгааг харах сайхан санагддаг. Тэр бүхнээс их урам авдаг.

-Анх хэрхэн урлагтай холбогдож байв?

-Би наймдугаар ангиасаа бүжиглэж эхэлсэн. Бүжиг надад хөгжмийн сонсгол, мэдрэмж гээд урлагийн олон зүйлээс суралцах боломжийг олгосон. Намайг урлагийн ертөнц рүү хөтөлсөн хамгийн том урам зориг, эрч хүч бол бүжиг.

Бүжгийн урлаг түр намжсан байгаа нь цаг үеийн л нэг үзэгдэл байх. Магадгүй хэдэн жилийн дараа дахин сэргэх ч байж мэднэ. Одоо харин дуу хөгжмийн давлагаа илүү их болсон мэт санагддаг. Гэхдээ тэр урсгал ч бас цаг хугацаатайгаа хамт аажмаар шүүгдэж, хэн нь үнэхээр тууштай байсан нь үлдэж байна гэж боддог.

-Дуу, хөгжим ер нь урлаг таны амьдралын салшгүй нэг хэсэг шүү дээ. Та урлаггүйгээр өөрийгөө төсөөлж байсан уу?

-Би урлаггүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй. Хэрвээ жүжигчин, дуучин болоогүй байсан ч ямар нэгэн байдлаар урлагийн салбарт л ажиллах байх. Магадгүй хувцас дизайнер ч юм уу. Ер нь ямар ч байсан урлагийн чиглэл рүү л татагдах байсан. Шинэ зүйл сэтгэх, зохион бүтээх, өөрийн гэсэн өнгө төрхтэй бүтээл хийх сонирхол надад үргэлж байдаг.

-Өнөөдрийн таныг бүтээсэн хамгийн чухал мөч эсвэл шийдвэр юу байсан бэ?

-Дуу уран бүтээл хийж эхэлсэн нь миний хувьд маш чухал шийдвэр байсан. Урлаг надад үнэхээр их зүйл өгсөн. Залуучууддаа хандаж хэлэхэд, дуу хөгжим ч бай, урлаг ч бай, эсвэл өөр ямар ч мэргэжил байсан хамаагүй “чадна” гэж бодож байвал заавал хийж үзэх хэрэгтэй. Дараа нь “хийчихдэг байж дээ” гэж харамсахаас илүү оролдоод үзсэн нь дээр. Болмоор санагдаж байвал тууштай, тултал нь зүтгээд үзээрэй гэж хэлмээр байна. Би өөртөө ч гэсэн “Дараа нь харамсахгүйн тулд хийж үзье гэсэн бүхнээ хийж үзсэн нь зөв” гэж үргэлж хэлдэг. Ажил, уран бүтээлийн тал дээр бодож явсан зүйлээ туршиж үзээд, дараа нь харамсах эсэхээ шийдэх нь илүү зөв гэж боддог. Тиймээс залуу байгаа дээрээ хийж бүтээж, оюуны бүтээл туурвихыг хичээдэг.

-Өөрийгөө ямар хүн гэж тодорхойлох вэ?

-Бодит амьдрал дээр би өөрийгөө нэлээд голдог төрлийн хүн. Гэхдээ сүүлийн үед ном уншиж, янз бүрийн зүйлсийг эргэцүүлж бодох тусам өөрийгөө шүүмжлэх нь зөв ч гэсэн, давхар өөртөө итгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн.

-Цаашид ямар жанрын уран бүтээл, дүрээр тайзан дээр өөрийгөө хармаар байна?

 -Анхандаа кино урлагийн чиглэлээр илүү ажиллая гэж боддог байсан. Энэ жил ч бас анхны киноныхоо гол дүрд ажилласан. Харин театрын жүжигт анх удаа оролцож үзээд театрт ч бас ажиллаад, кинотой хослуулбал их сонирхолтой юм байна гэж бодсон.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 52 (7794)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn