УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу анхны номоо “Хугархай эрүүний шөл” хэмээн нэрлэжээ. Номын эхний хуудсыг хамтдаа сөхөхөөр улс төрийн хүрээний хамтран зүтгэгчид, ах нар, найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэн гээд өнөөдрийн Ч.Лодойсамбууг өсгөж өндийлгөсөн хүндэт зочдоо урьж өчигдөр номын нээлт хийв. “Зууны мэдээ” сонины фото сурвалжлагчаар ажиллан ажлын гараагаа эхэлж, “Шууд.мн” сайт, “Шууд” ТВ-ийн “Гамбир” нэвтрүүлгээр танигдаж, “Улаан бал” нэвтрүүлгээс улс төрийн мөр хөөсөн түүнийг ямар замналаар хэрхэн өнөөдрийн “би”-гээ бүтээснийг улаан хавтастай энэхүү номоос уншиж болох нь.

40 нас хүрээгүй, харьцангуй залуу улстөрч “намтар”-аа бичих зориг эхэндээ хүрээгүй гэнэ. Харин нийтлэлч Б.Цэнддоо урам өгч, бүр номыг нь эх барьж авах болсон учраас зориг шулуудан бичиж эхэлжээ. Тэр номоо бичихдээ чуулганы завсарлагааныг ашиглан 20 хоног Хэнтий аймагт “бүгж” зөвхөн номын ажилдаа төвлөрсөн гэнэ. Товчхондоо бол Лодойсамбуу гэж хүн ер нь ямар замыг туулж, “Улаан бал”-тай, “улаан микрофон”-той сэтгүүлчээс улстөрч болсон түүхийг өгүүлж байна.

Номынхоо нэрийн тухайд “1980, 1990-ээд оныхон бүгд л “эрүүний шөл ууж” өссөн, эрийн хугархайнууд шүү дээ. Тэд энэ нийгэмд яаж ажиллаж амьдарч байгааг энэ цаг үед нь бичиж үлдээе гэж шийдсэн” хэмээн этгээд нэрийнхээ тухай сонирхуулав. Мөн номын аудио хувилбарыг “М book”-ээс зохиогчийн өөрийнх нь хоолойгоор сонсч болох нь сонирхолтой шийдэл санагдсан.  

“Улаан ном”-ыг уншигчдад зориулан хянан тохиолдуулсан зохиолч сэтгүүлч Б.Цэнддоо “…Энэ номдоо тэр өөрийгөө “зочны суудал” дээр суулгаад, хайр найргүй, бас булзах аргагүй асуултаар булж өөрөө өөрийгөө ухаж төнхөн ном бүтээжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь номын тухай хамгийн товч дүгнэлтийг өгсөн мэт. Ямартай ч анхны номоо өлгийдсөн Ч.Лодойсамбуу дараагийн номоо бичээд эхэлчихсэн, тэр нь улс төрийн сэдэвтэй байх тухай дуулгаад авна лээ.

Сонирхуулахад, номын сурталчилгаа цацагдсанаас эхлэн хавтасны зураг олон жилийн өмнөх кино фестивалийн постерийн зурагтай адил байсан гэсэн багагүй шүүмжлэлд өртсөн. Тэгвэл номын хавтасны зураг өөрчлөгдсөн байна. Тухайн кино фестивалийн зургийг номын пиартаа ашиглав уу эсвэл оюуны бүтээл санамсаргүй ашигласнаа олж мэдээд алдаагаа залруулав уу гэдэг тухай хараахан тайлбар хийсэнгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 49 (7791)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn