Т.МИЧИДМАА
Өвлийн жавартай хүйтнийг үл ажран, хурц иртэй багаж ашиглан секундээр хэмжигдэх өрсөлдөөнд өөрийгөө сорьдог спорт бол мөсөнд авиралт юм. Айдсаа даван, өөрийгөө ялан дийлэх тэсвэр хатуужлыг шаарддаг энэ спортоор хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Н.Сэлэнгийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцлаа.
-Сүүлийн үеийн амжилтаас нь ярилцлагаа эхлүүлье?
-Энэ жил дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд оролцож, нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлж байна. Ямар ч спортоор хичээллэж буй тамирчин хүнд сэтгэлзүй маш чухал гэж боддог. Тиймээс сэтгэл зүйгээ байнга бэлддэг. Жишээлбэл, дөрөвдүгээр байр эзэлсэн хоёр тэмцээндээ би сэтгэл зүйн алдаа гаргасан гэж боддог. Тиймээс энэ тал дээр илүү анхаарч, өөрийгөө улам сайжруулахыг зорьж байна.
-Тэмцээний үед өөрийгөө хэрхэн зоригжуулж, анхаарлаа төвлөрүүлдэг вэ?
-Би бэлтгэл, тэмцээний үед энгийн үеийнхээсээ огт өөр болчихдог. Илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй мэдрэмж төрж, “Би чадна, заавал чадах ёстой” гэсэн сэтгэл зүйтэй болдог. Зарим хүн заавал ялах ёстой гэж өөртөө шахалт өгөх нь дарамт болдог гэж хэлдэг. Надад бол энэ нь өөрийгөө зоригжуулж, илүү төвлөрөхөд тусалдаг. Ийм бодлоор өөрийгөө хурцалж, тэмцээний үед бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.
-Мөсөнд авиралтын спортын онцлог юу вэ?
-Мөсөнд авиралтын спортын хамгийн сайхан зүйл нь айдастайгаа нүүр тулах. Хурц иртэй багаж хэрэгсэл ашиглан өндөр мөсөн хананд авирна гэдэг хэн бүхний зориглох зүйл биш. Зарим хүн өндрөөс айдаг ч тэр айдсаа даван гарч чадна гэдэг нь өөрийгөө ялан дийлж буй хэрэг гэж боддог. Тиймээс энэ спортын хамгийн үнэ цэнтэй зүйл нь өөрийгөө ялж, сэтгэл зүйгээ даван туулахад оршдог.
Тэмцээнүүд ихэвчлэн өвлийн ид хүйтэн, хасах 30–40 хэмийн хүйтэнд болдог. Ийм хүйтэнд тамирчид нимгэн хувцастайгаар 15–17 метрийн өндөр, эгц мөсөн хананд хурц иртэй багаж ашиглан аль болох хурдан авирдаг. Хурдаа алдахгүй, тэсрэлттэй хөдөлгөөнөөр дээшилнэ гэдэг маш их тэсвэр тэвчээр, зориг шаарддаг.
Мөсөнд авиралтын спортоор хичээллэснээр хүн дайчин, тэсвэр тэвчээртэй болж, аливаа бэрхшээлийг даван туулах хатуужлыг олж авдаг. Энэ чанар зөвхөн спортод бус, амьдралд ч хэрэг болдог гэж боддог.
-Аав нь мөсөн авиралтын спортын багш, дасгалжуулагч гэж сонссон?
-Миний аав мөсөнд авиралтын спортын багш, дасгалжуулагч, уулын спортын мастер Х.Нямдоо гэж хүн бий. Манай ах мөн энэ спортоор хичээллэдэг. Багаасаа аав, ах хоёрыгоо дагаж бэлтгэл, тэмцээн уралдаанд нь хамт явдаг байсан сонирхол минь нэг мэдэхэд миний мөрөөдөл болсон. Мөсөнд авиралтын спортоор хичээллээд найман жил болж байна.
-Анх тэмцээнд ямар мэдрэмж төрж байв?
-Анхны тэмцээндээ оролцохдоо би 12 настай байсан. Тэр үед маш их сандарч байснаа тод санаж байна. Харин 13 наснаас эхлээд тэмцээний уур амьсгалд бага багаар дасаж, сандрал бараг арилсан. Анхны тэмцээндээ мөсөнд авирч байгаад хөлөө хөлдөөж байсан. Тэр үе надад илүү хатуужилтай байх хэрэгтэйг ойлгуулсан гэж боддог.
-Спорт аялал жуулчлалын ангид суралцдаг гэсэн. Сонирхол нь ирээдүйн мэргэжлээ сонгоход нөлөөлжээ?
-Би багаасаа л адал явдалд дуртай хүүхэд байсан. Одоо МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангид суралцаж байгаа, ирэх жил төгсөнө. Тамирчин хүний хувьд энэ чиглэлээр суралцах нь олон давуу талтай санагддаг. Манай сургууль биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас бэлтгэл, тэмцээний тал дээр намайг бүх талаар дэмждэг. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан ч тамирчны туршлага маань давуу тал болж, спорттой холбоотой чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж бодож байна.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 47 (7789)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn