Т.МИЧИДМАА

Хаврын зөөлөн салхи үлээж, урин дулаан өдрүүд айсуйг сануулах энэ үдэш хүмүүсийн алхам театрын зүг чиглэнэ. Өвлийн хүйтэн жаврыг үдэж, шинэ улирлын өнгө аяс сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлэх энэ цагт урлагийн ертөнц ч мөн адил амилан буй мэт. Театрын үүдээр орж ирэх хүмүүсийн яриа, инээд, догдлол холилдон онцгой уур амьсгалыг бүрдүүлнэ. 
Оросын шинжлэх ухаан соёлын төвд (РЦНК) “PRO Theatre” Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын найруулагч Екатерина Шиховаг урьж зохиолч Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгээ үзэгчдэд толилуулж буй нь энэ. 

Танхимд орж ирсэн үзэгчид суудлаа эзлэн тухалж удалгүй танхимын гэрэл аажмаар бүдгэрч, яриа намжив. Энэ үед бидний мэдэх “Noubold” буюу жүжигчин Э.Оюунболд бөмбөг залан үзэгч дундуур алхсаар тайзруу гарч ирэхэд жүжиг эхэллээ. Жүжгийн үйл явдал хагацал үзсэн гэр бүлийн тухай үргэлжилнэ. Гэрийн ноён нуруу болсон аавыгаа алдсан эх, хүү хоёрын хоорондын үл ойлголцол, дотоод зөрчил жүжгийн гол зангилаа болдог. Тэд бие биенээ ойлгохыг хүсэх ч заримдаа өөрсдийн орон зайгаа хамгаалах гэсэн оролдлого нь улам холдуулах шиг.
Ээж нь хүүдээ торонд хийсэн шувуу авчирч өгнө. Магадгүй тэр шувуу хүүд нь баяр баясал авчирна, ганцаардлыг нь бага ч гэсэн мартуулна гэж бодсон байх. Гэвч хүүд тэр шувуу таалагдсангүй. Тиймээс ээж нь торонд хоригдсон бяцхан амьтныг цонх нээн, шувууг нисгэнэ. Шувууг торноос суллаж, эрх чөлөөг нь буцаан өгсөн ч ээж нь өөрөө хүүгээ үл анзаарагдам торонд хорьж, өөрийн хүссэнээр байлгахыг хичээсээр.
Өдөржин утсандаа автан өрөөндөө бүгж, энэ хорвоо дээр өөрөөс нь өөр хэн ч байхгүй мэт мэдрэмжид автах үе өсвөр насанд тохиолддог. Бусад бүх зүйл төвөгтэй, залхмаар санагдаж, хичээл сургууль хүртэл утгагүй мэт санагдах мөчүүд бий. Жүжигт гарч буй “Гэр шатаасай, сургууль дэлбэрээсэй” хэмээн уур бухимдлаа ил гаргах тэр үгс хүртэл өсвөр насны олон хүүхдийн сэтгэлд нуугдсан танил мэдрэмжийг илтгэх шиг. Яг л тэр мэдрэмж, тэр зөрчил, тэр дотоод тэмцлийг жүжгийн хүүгийн дүрээр дамжуулан үзэгчдэд мэдрүүлж чадсан нь энэ бүтээлийн хамгийн оргил хэсгүүдийн нэг байлаа.
Үзэгч О.Марал-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцахдаа “Pro театрын жүжгүүд үргэлж чанартай, сэтгэлд хүрсэн бүтээлүүд байдаг. Энэ удаагийн жүжиг ч миний хүлээлтээс давж, уйлж үзлээ. Манай нийгэмд байдаг эмзэг асуудлыг орчин үеийн хэллэг, залуу үеийн сэтгэл зүйтэй холбон ойлгомжтой илэрхийлсэн нь таалагдсан. Ялангуяа Gen Z, Alpha үеийнхнийг ойлгохыг хичээж буй эх хүний оролдлогыг мэдрэмжтэй харуулжээ. Тайзны урд амьд хөгжим эгшиглэж байсан нь жүжгийг илүү амьд болгож, театрын урлагийн жинхэнэ мэдрэмжийг өгсөн” гэлээ. 


Энэ жүжигт ээж, хүүгийн дүрийг залуу жүжигчид амилуулсан нь үзэгчдийн сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээв. Ээжийн дүрд тоглосон жүжигчин Э.Буд-Эрдэнэ найман настай хүүтэй бөгөөд дүрдээ бэлтгэхдээ өөрийн амьдралтай холбон “Хэрвээ миний хүүхэд ийм нөхцөлд орвол би яах байсан бол” гэж бодон тэр мэдрэмжээрээ дүрээ бүтээсэн учир бэлтгэл болон тоглолтын дараа дүрээсээ гарахад нэлээд хэцүү байсан тухай ярив. Мөн удахгүй хүүхэд нь өсвөр насанд хүрнэ гэж бодохоор бага зэрэг айдас төрдөг ч хүүхэдтэйгээ найз шиг нь харилцдаг болохоор ойлголцож чадна гэж найдаж байгаагаа хэлж, эцэг эх хүн хүүхдэдээ хэзээ ч муу зүйл хүсдэггүй, хайрлах арга нь өөр байж болох ч хэлж буй үг бүхэн нь хүүхдийнхээ төлөө байдаг гэдгийг хэллээ.
Харин хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Оюунболдын (Noubold) хувьд энэ нь тайзны анхны гол дүр байжээ. Тэрээр дүрээ бүтээхдээ өсвөр насанд хүн бүр алдаа гаргах үе байдаг гэдгийг бодож, өөртэйгөө их ярилцсан тухайгаа хэлж уур, шийдвэр хоёр нь өөрийгөө хянах чадвараас ихээхэн шалтгаалдаг гэж үздэгээ хуваалцав. Мөн өсвөр насныханд хандаж амиа хорлох бодол хамгийн муу сонголт бөгөөд амьдралд сонгож болох, хийж болох олон боломж байдаг учраас өөрийгөө ойлгож, өөртэйгөө сайн ярилцах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.
Жүжгийн туршид ээж, хүү хоёр нэг тайзан дээр зэрэгцэн орших ч бие бие рүүгээ нэг ч удаа эгцэлж харсангүй. Тэдний хоорондын үл ойлголцол, сэтгэлийн зайг энэ жижигхэн хэсэг үзэгчдэд илүү хүчтэй мэдрүүлж байв. Нэг гэрт амьдарч, нэг орон зайд амьсгалж байгаа хэр нь бие биеэ харахгүй, ойлгохгүй байх тэр хөндий мэдрэмж тайзнаа тодхон мэдрэгдэнэ.
Харин жүжгийн төгсгөлд тэднийг холбох гүүр нь сошиал орчин болон ээжийн хүүгээ ойлгохыг хүссэн чин сэтгэл байв. Хүүгээ ойлгохыг хичээсэн эхийн оролдлого, дотоод тэмцэл эцэстээ тэднийг нэг нэг рүүгээ харахад хүргэнэ. Удаан хугацаанд бие биеэсээ зугтаж байсан хоёр харц эцэст нь огтолцох тэр агшинд ээж, хүү хоёр “Миний буруу”, “Үгүй ээ, миний буруу” хэмээн бие биеэ буруутгах биш, харин ойлгохыг хичээсэн үгсийг хэлнэ.
Үзэгч бүр өөр өөрийн бодол, мэдрэмжийг тээж, зарим нь нулимсаа арчин, зарим нь дэргэдэх хүнтэйгээ аяархан ярилцсаар танхимаас гарч байлаа. Магадгүй энэ жүжгийг үзсэн хэн нэгэн гэртээ очоод ээжтэйгээ, аавтайгаа, эсвэл хүүхэдтэйгээ илүү нээлттэй ярилцах ч байж мэднэ.
Тиймээс өсвөр насныхан, эцэг эхчүүд, найз нөхөд, гэр бүлээрээ хамтдаа “Түүний буруу” жүжгийг үзэж, нэгэн үдшийг урлагийн амьд мэдрэмж дунд өнгөрүүлээрэй. Учир нь заримдаа тайзан дээр өгүүлэгдэх түүх бидний амьдралд дутуу үлдсэн яриаг эхлүүлэх шалтгаан болдог шүү дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 43 (7785)