“Зууны мэдээ” сонины “Монгол Улсын төлөө” булангийн энэ удаагийн зочноор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар З.Лхагвабаярыг урьж, ярилцлаа.

 

-З.Лхагвабаяр гэдэг хүний ажлын гараа хэрхэн эхэлсэн бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 2002 онд “Соёмбо” цогцолбор сургуулийг дүүргээд Улаанбаатар хотод Нийгэм, эдийн засгийн “Тэнгэр” дээд сургуулийг түүхч, архивч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2006 оны долдугаар сарын 3-нд УМБГ /Улсын мөрдөн байцаах газар/-ын даргын 71 тушаалаар тус  газарт цагдаагаар, цагдаагийн дэд ахлагч цолтой томилогдсоноор ажил, амьдралын анхны гараа эхэлж байлаа. Оюутан байхдаа их, дээд сургуулиудын дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл бичиж оролцож тэргүүн байр, дэд байр эзэлж байсан. Мөн сургуулийнхаа оюутны зөвлөл, оюутны холбоо, олон нийтийн байгууллагад идэвхтэй гишүүн, зөвлөлийн дарга гэсэн сонгуульт ажлыг хийж, гүйцэтгэж байжээ. Тухайн үед суралцах чин эрмэлзэл надад байсан.

Түүнийхээ үр дүнд оюутны дээд шагнал “Оюутны алдар”, “Манлайлагч оюутан”, “Голомт банкны 100 шилдэг оюутан”-д олгодог тэтгэлэгт хоёр жил дараалан шалгарсан. Суралцсан амжилтыг минь нийгэм, эдийн засгийн Тэнгэр дээд сургуулийн захирал, сургуулийн захиргаа өндрөөр үнэлж дөрвөн жилийн сургалтын төлбөрийг сургуулиас дааж улаан дипломоо гардан авч байлаа. Энэ бүхэн маань дурсамж болон үлджээ.

Энэ дашрамд, эхнэртээ намайг ойлгож, дэмждэгт баярлалаа гэж хэлмээр байна. Би гэр бүлийнхээ хүнтэй оюутны нэг ангид байсан. Цагдаагийн албанд орж ажилласнаас эхлээд Авлигатай тэмцэх газарт орсон  жил анх удаа хамт наадам үзлээ. Миний ингэж амжилттай яваа нь эхнэрийн минь гавьяа. Ардаа санаа зовохгүй, амар амгалан, тайван ажиллах нь ханиа зөв сонгосных. Хамгийн гол нь эргүүлээд тэр хүндээ хайр халамж, хоёргүй сэтгэлийг төрүүлж байх хэрэгтэй. Ингэснээр миний амжилт, ажил амьдрал сайн сайхан, үр хүүхэд маань эрүүл саруул, ямар ч асуудалгүй байдаг гэж боддог. Эхнэр маань “Төр хэзээ нөхрийг минь надад өгөх юм бол. Төрийн хүн ч гэлээ миний нөхөр минь байгаа биз дээ” гэж тоглоомоор хэлж байсан. Энэ амьдралын түшиг тулгуур, надад үлдэх хүн бол эхнэр маань. Аав ээж минь жам ёсоороо орхиод л явна. Үр хүүхэд маань үүрээ орхиод нисэхэд хоёулаа л үлдэнэ. Тиймээс байгаа цаг хугацаандаа хайрлаж байхгүй бол хэзээ юу ч тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Амьдрал богинохон. 

Удахгүй цэргийн баяр болох гэж байна. Нийт эрчүүддээ цэргийн баярын мэнд хүргэе.        

-Эрэгтэй хүүхэд бүрийн мөрөөдөл цэрэг, цагдаагийн хүн болох байдаг юм болов уу?

-Яг ийм мэргэжилтэй болно гэсэн хүсэл бүхэн биелэх нь бага. Би нэг зүйлд итгэж явдаг. Хүн бүрийн зурсан зураг, амьдралын төөрөг тавилан гэж бий. Хүүхэд байхын мөрдөн байцаагч болно гэсэн мөрөөдөл надад байгаагүй. Гэхдээ бага байхдаа цагдаа ах нарыг хараад нууцхан мөрөөддөг байсан. Миний ганц эмзэглэдэг зүйл нүдний шилтэй, хараа муутай хүн хэзээ ч цагдаа болохгүй гэсэн ойлголт хадгалагдсан байсан. Намайг дээд сургуулиа төгсөх жил Улсын мөрдөн байцаах газраас улсын хэмжээнд архивын чиглэлээр төгссөн оюутнуудыг сонгон шалгаруулж байгаа. Танайх сайн оюутнаа өгөөч хэмээн захиралтай уулзсан юм билээ. Тухайн үед надад ажлын байрны дөрөв, таван ч  санал ирсэн байсан. Тэгээхэд захирал маань хүний амьдрал учраас чамайг тулгамааргүй байна. Өөрөө сонголтоо хий гэснээр цагдаагийн албыг сонгосон.

-Тэгэхээр архивч мэргэжил тань мөрдөн байцаагч болох эхлэлийг тавьжээ?

-Тийм ээ. Улсын мөрдөн байцаах газарт ороход цагдаа, офицер болно гэдгийг удирдлагууд надад танилцуулсан. Хүүхэд насанд хадгалагдсан хэзээ ч биелэхгүй мөрөөдөл маань биелэж байгаа юм шиг тохиолдол гараад цагдаагийн байгууллагад орсон. Тухайн үед мөрдөн байцаагч ах нарыг хараад энэ ах нар шиг мундаг болох юмсан гэж боддог байсан. Архивын чиглэлээр ажиллаж байсан болохоор архивд олон хэрэг хадгалагддаг байлаа. Ажлын шаардлагаар хэргүүдийг он цагийн дараалал, хүнд, хөнгөнөөр нь ангилан төрөлжүүлж данс бүртгэл үйлддэг  учраас уншиж танилцах шаардлага гардаг байсан. Эндээс мөрдөн байцаагч хүн буруу, зөвийг  ялгадаг мундаг хүн юм байна гэсэн ойлголтыг авсан. Үлгэр жишээ авах ах олон байсан учраас энэ чиглэлээр цаашид мөрдөн байцаагч болно гэдэг хүсэл, зорилго байсан.

Мөрдөн байцаах газарт ажиллах хугацаандаа олон сайн удирдлагууд намайг дэмждэг байлаа. Тэдний буянаар ганцхан өөрийнхөө сайн сайхныг биш өөрийн хичээл зүтгэл, хоёргүй сэтгэлээр явсан. Өвөг дээдсийн маань хайрласан буян хишиг, заяа буяны төөргөөр дээд боловсролтой учраас Цагдаагийн академид эчнээгээр суралцсан цагдаагийн ажил-Эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Тэгээд Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байгаад 2016 оноос мөрдөн байцаагчийн анхны гараагаа эхэлсэн. Цаг хугацаа харвал залуу мөрдөн байцаагч. Гэсэн ч 10 жил өнгөрчээ. 2019 онд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, 2023 оноос ахлах мөрдөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Мөрдөн байцаагчийн гараагаа хаанаас эхэлсэн бэ. Хэрэг дээр хэрхэн ажиллаж байв?

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдож , ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Миний хувьд ямар ч ажлыг хийхдээ хэн нэгэн хүн, удирдлагуудад таалагдах гэж бус. Чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Хэдэн ч цаг сууж болно. Би юу хийх ёстой вэ гэдгээ ухамсарлан  тэрийгээ л хийх ёстой гэж боддог. Наад зах нь өглөө ажлаасаа хоцрохгүй байх. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд тухайн ажилтнаас их хамаарч, тухайн байгууллагаар нь овоглодог учраас муугаар хэлүүлэхгүйн тулд хичээж ажилладаг. 

Мөрдөн байцаагч хийх үеэс Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт захиргааны ажилтан, цагдаа, ахлах офицер, ахлах мэргэжилтэн, ахлах байцаагчаар ажиллаж байсан. Анхан шатны нэгж буюу дүүрэгт ажиллахад хүний амьдралын ялгаа зааг өөр байдгийг мэдэрсэн. Нийгэм энэ хүмүүсийг хулгайч, хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнээр хардаг. Нэг хүн буруу зүйл хийвэл тэрүүгээр нь дүгнэдэг нь нийгмийн үзэгдэл болсон. Олон залуус алдаж, оноод явахад мөрдөн байцаагч хүн сэтгэл зүйч байх ёстойг  мэдэрсэн. Хүнийг яллах, буруутгах талаас нь бус. Цаг хугацааны асуудал. Амьдрал баялаг. Бидний үр хүүхэд энэ хорвоод үргэлжлүүлээд амьдарна. Энэ үйлдлийг хийсэн нь тэр хүний буруу. Үүнийг шалгах нь мөрдөгчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хүн хэзээ нэг цагт миний буруу байжээ гэдгийг ухаардаг. Энэ бол цаг хугацааны л асуудал. Бид адилхан хүн учраас хүн ёсоор л харьцаж, хүнд итгэх итгэлийг төрүүлэх ёстой.

Олон мөрдөгч бий. Мөрдөгч нарын хэрэг шалгах арга барил, үзэл бодол, хүнтэй харилцах харьцаа, ажлаа явуулах арга нь өөр байдаг. Амьдрах хугацаанд хувь хүнээс бие хүн болж төлөвшиж нийгмийн харилцаанд орох явцдаа хүн өөрийгөө засаж залруулаад, хандах хандлагаа өөрчлөөд ертөнцийг үзэх үзэл бодлоо төлөвшүүлж, хүн ямар байвал зөв, сайхан амьдрах ёстой. Хүний амьдрал ямар цаг хугацаанд үргэлжилдэг юм бэ. Энэ хугацаанд заавал хүн гомдоох ёстой юу, үгүй юу гэдэг ойлголтыг хүн өөртөө дүгнэлт хийж наад захын амьдралын зөв хэвшлүүд эзэмшсэн байх ёстой юм болов уу. Бид нэгхэн жарны хугацаанд амьдрах үгүйгээ мэдэхгүй байж, 1000 жил амьдрах юм шиг нүгэл хураах шаардлагагүй гэж би хувьдаа боддог.

-Хүн ямар нэг хэргийг хийе гэж хийдэггүй байх?

-Тийм шүү. Би 2006-2014 он хүртэл Мөрдөн байцаах газарт ажиллаж байхад манай мөрдөн байцаагч нар “Жинхэнэ мөрдөн байцаагч болоход чи эхлээд хэргээ зүүдэлж хононо. Дараа нь чиний шалгасан хэрэгт холбогдсон хүмүүс шүүхээс оноос ял зэм эдэлж дуусаад,  буцаж чам дээр ирээд баярлалаа, мөрдөн байцаагчаа” гэж байвал гэвэл чи жинхэнэ мөрдөн байцаагч болж байна гэж өөрийгөө ойлгоорой” гэсэн үг одоо хүртэл миний ой тоонд байдаг. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч хийгээд багагүй хэрэг шийдсэн. Энэ дундаас 10-аад хүн над дээр танд баярлалаа гэж ирж байсан. Ямар ч хэрэгт холбогдсон бай хүн алдаж, онож болно энэ албан тушаал үүрдийн биш. Ямар хүнтэй хүн ёсоор , хууль ёсны шаардлагаа тавьж харьцах ёстой. Тэр хүмүүс энэ хэргийг заавал хийнэ гэж хийгээгүй. Өнөөдөр Монгол Улсад амьдралын баталгаажих түвшин, баян хоосны ялгаа, ДНБ-ий нэг хүнд ногдох ашиг, дэд бүтэц, эдийн засгийн байдал ямар байгааг хүн бүр харж байгаа. Хүн хүссэнээрээ амьдрахад хязгаарлагдмал байгаа ч заавал гэмт хэрэг хийж, хууль бусаар орлого олж амьдрах ёсгүй. Хүн бүр шударгаар амьдарч эхэлсэн цаг энэ нийгэмд тэгш шударга ёс ноёрхоно. Энэ шударга ёсыг тогтоохын тулд хууль хяналтын байгууллагууд тэр тусмаа Авлигатай тэмцэх газар Монгол Улсынхаа төлөө ажиллаж байгаа.

-Нууц биш бол буцаж ирэхэд нь танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Ажлаа хийгээд өрөөндөө сууж байхад хаалгаар шагайгаад “орох уу” гэхэд нь пал хийдэг юм билээ. Өш хонзонгийн сэдлээр эсвэл оргоод, надаа юм санаад ирэв үү гэж тавхан секундын хугацаанд зурс гээд ордог юм билээ. Юу хийж яваа юм бэ, ороорой гэхэд “Би тантай уулзах гэсэн юм” гэдэг. Мөрдөн байцаалтын тодорхойлолт гэж байдаг. Мөрдөгч тухайн хүнийг шалгагдах хугацаандаа  биеэ авч явсан байдлыг дүгнэж тодорхойлолтыг хэдхэн өгүүлбэрээр бичдэг. Энэ бүгдийг өөрт хэлж, ойлгуулаад явж байсан учраас буцаж ирээд “Хэрэв та байгаагүй бол би таван жил авах байсан байна лээ. 1.6 жил суугаад гарч ирлээ” гээд талархлаа илэрхийлж байсан тохиолдол их бий.

 Тэр үед би мөрдөн байцаагч болжээ гэж бодоогүй. Би хүнтэй  хүн ёсоор харьцаж байжээ гэж бодогдсон . Хамгийн гол нь тухайн хүн гэмт хэрэгт холбогдоод , ял оногдуулаад явж байгаа ч гэсэн цаана нь үлдэж байгаа гэр бүл, үр хүүхэд, ээж аав нь байгаа. Энэ хүмүүсийн амьдралыг бид зогсоож болохгүй. Одоо нийгэм мөрдөгч гэдэг хүнийг харахаараа мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас болж ял авлаа гэж боддог.  Гэтэл би өөрөө юу хийчих вэ. Ямар хууль, тогтоомжийг зөрчөөд гэмт хэрэг үйлдээд ийм хариуцлага хүлээв гэдгээ ухамсарладаггүй .

-Цагдаагийн байгууллагад мөрдөгчөөр ажиллах Авлигатай тэмцэх газарт мөрдөгчөөр ажиллахад ялгаа бий юу?

-Цагдаагийн байгууллага миний  ажил хөдөлмөрийн гарааг эхэлсэн сайхан буянтай газар. Ялангуяа, Улсын мөрдөн байцаах газартаа баярлаж, талархаж явдаг. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа хэрэг, авлига, албан тушаалтанд холбогдох  хэргийг шалгах нь харилцан адилгүй,  ялгаатай зүйл их бий. Цагдаагийн байгууллага ч бай АТГ ч бай Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Цагдаагийн байгууллагын шалгах хэрэг нь амар хялбар. Авлига албан тушаалын гэмт хэрэг хүнд хэцүү гэсэн ойлголт байхгүй. Харин хэргийг шалгах арга барил, нотлох баримт бэхжүүлж, цуглуулах, баримтжуулах үйл явц, хэргийн оролцогч холбогдогч нараараа  л ялгаатай байх. Авлига албан тушаалтанд холбогдох хэргийн оролцогч нарын дийлэнх нь дээд боловсролтой, мэдлэгтэй, удирдах албан тушаал хашдаг, төрийн албан хаагчид байдаг. Мөн хуулийн мэдлэг боловсролтой ,  хуульч, өмгөөлөгчид тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Энэ хүмүүсийн эрхийг зөрчихгүйн тулд би өөрөө эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, зан харьцаандаа анхаарах ёстой. Хүн өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Ганцхан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдаж болохгүй. Хүний амьдрал үргэлжлэх нь жам ёсны асуудал болохоор хэн нэгний хэлсэн үг, бичсэн өргөдөл, гомдлоор тэр хүнийг буруутгах бус. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг  нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг бэхжүүлж, цуглуулаад нотлох баримт дээр тулгуурлаж “Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийм зүйл тогтоогдсон байна. Энэ нь ийм нотлох баримтуудаар нотлогдож байна. Та энэ талаараа тайлбарлана уу“ гэж өөрийгөө өмгөөлөх эрхээр нь хангаж, салбар бүрийн хуулийг харьцуулан судалж шалгадаг онцлог, ялгаатай алба.

-Авлигатай тэмцэх газар томилогдоод хийсэн анхны ажил юу байв?

-Авлигатай тэмцэх газарт анх томилогдоод Говь-Алтай, Завхан, Ховд аймгийг хариуцсан мөрдөгчөөр ажилласан. Тэнд ганцаараа очоод албан тушаалтны хэрэг шалгахад хүнд санагдаж “Би ямар сонголт хийчих вэ гэж бодох үе байсан. Авлига гэсэн ганцхан үгнээс зөвхөн авлига авдаг асуудлыг шалгаад байна гэж ойлгодог. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт Авлига, албан тушаалын гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал бий болгох, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, хахууль өгөх, авах, дураараа аашлах гэсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Хамгийн гол нь нотлох баримтад тулгуулаж энэ гэмт хэргийг илрүүлэх нь том давуу тал. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Манай байгууллагын хувьд онцлогтой зүйл их бий. Байгууллагын нууц учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Байгууллагынхаа удирдлага, хамт олонд талархаж явдаг. Мундаг хамт олон.

-Залуу үеэ хэрхэн сургаж байна?

-Ямар ч ажлыг хариуцаж авсан бол ажилдаа эзэн байх ёстой, чин сэтгэлээсээ хандах ёстой.Би төрийн албан 20-оод жил ажиллаж байна. Залуучууддаа санаатай болон санамсаргүй байдлаар дарамт шахалт үзүүлэхийг хүсдэггүй. Үг хэлэхээсээ илүү үйлдлээрээ ойлгуулж, ухааруулахыг боддог. Үзэл бодлоо хүнд тулгана гэдэг хамгийн бүдүүлэг үйлдэл. Өөрийнхөө эрх ашгаас илүү байгууллагын нэр хүндийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс өөртөө анхаарах ёстой. Хүн бүр харж байгаа. Тэр бүгдэд таалагдах биш. Биеэ зөв авч явах ёстой. Энэ зарчмаар өглөө эрт босдог. Мөрдөгч нарын ажилд цаг нар гэж байдаггүй. Яагаад гэвэл гомдол мэдээлэл, хэрэг шалгах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг хуулийн хугацаатай байдаг болохоор цаг хугацаатай уралдаж ажилладаг.

Монгол Улсын хэмжээнд хязгаарлагдахгүйгээр дэлхийн түвшинд улс орнууд авлигатай яаж тэмцэж байна. Албан тушаалын гэмт хэргийн  кэйс, тэдгээр ямар онцлогтой байна. Одоо криптовалют, цахим хэлбэрийн түрийвч их ашиглах болсон. Бэлэн мөнгө хадгалах, бусдад өгөх нь хязгаарлагдаж байгаа. Үүнийг дагаад нууцлаг болоод буй асуудалд мөрдөгчид маань хэлний мэдлэгээ дээшлүүлээд энэ чиглэлээр олон улсын сургалтад явж хөгжих ёстой юм байна. Би өөрийгөө одоо суралцахад оройтсон гэж боддоггүй. Хэл сурах нь миний нэг зорилго ч биелүүлж чадахгүй л байна. Хэл сурч, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлж, зөв хүн байх нь хамгийн чухал боловсрол.  

-Та ажлын алжаалаа яаж тайлдаг вэ?

-Өөрийнхөө сонирхсон спортоор хичээллэдэг. Паурлифтинг буюу  хүчний гурван төрлөөр хичээллэнэ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй ч цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа байхдаа “Хүч” спорт хорооны аварга шалгаруулах тэмцээнд олон төрлөөр оролцож байсан. Мөн чөлөөт, самбо, жүдо, боксын тэмцээнд Мөрдөн байцаах газраа төлөөлөөд ордог байлаа . Хүндийн өргөлтийн багш Батчулуун багшийгаа энд дурсахгүй байхын арга байхгүй, намайг хамгийн анх  спортоор хичээллэх суурийг минь тавьж маш үнэтэй зөвлөгөө өгч байсан. 

Багш маань нэг өдөр надад “Би шавиар дутаагүй. Гудамжны архичнаас эхлээд Монгол Улсын дархан аварга хүртэл шавь нар  байна. Би чамайг надад шавь болооч гэж гуйгаагүй. Хүнд сайхан харагдах гэж бэлтгэл хийдэггүй юм. Чи өөртөө эзэн байхын тулд өөрийгөө ялан дийлэх чадварыг эзэмших ёстой. Чиний нэг зүйл надад таалагдсан. Чиний хичээл “зүтгэл” ямар ч зүйлийг даван туулна. Ийм зүтгэлтэй хүн заавал ажмилт үзүүлдэг, ийм зан чанар хүн болгонд байдаггүй  ховор. Тиймээс чи  сул дорой байвал хэчнээн ажилтай байсан ч гэсэн хүн бүр чамд дээрэлхэж хандана. Хэчнээн дарга, цэрэг чамайг загнаж байсан ч бие организм чинь цаанаасаа сэтгэл зүйн хувьд чи бэлэн, юу ч болоогүй юм шиг тэнгэр хараад зогсож байх ёстой. Ийм байхын тулд бэлтгэлээ битгий тасал, ажил үүрд биш” гэсэн нь миний ой тоонд хадгалагдаж үлдсэн.

Тиймээс өглөө бүр бэлтгэл хийдэг. Манай өрөөний залуучууд хүртэл “Лхагваа ахдаа баярлалаа. Таны үлгэр дууриаллаар бид эрүүл байх ёстой гэдгийг ойлгосон” гээд тодорхой хэмжээгээр спортоор хичээллээд эхэлсэн байгаа.

 Монгол улсын төлөө зүтгэе буланд урьж оролцуулсанд талархлаа илэрхийлж “Зууны мэдээ” сонины хамт олонд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. Төр улс минь түвшин, түмэн олон минь амар амгалан байх  болтугай. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7787)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn