Т.МИЧИДМАА

 

Цэцэг бүр өөр өөр өнгө, бас ертөнцтэй.  Тэр өнгө, мэдрэмжийг “8-ны цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэндээ шингээсэн залуу уран бүтээлч Б.Мартыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа.

 

“Уран бүтээлийн ертөнцийг “цэцэгс”-ээр дамжуулан илэрхийлэхийг зорьсон”

-Намайг Бямбасүрэнгийн Март гэдэг. Би СУИС-ийн Дүрслэх дизайны сургуулийг 2020 онд төгссөн. “8-ны цэцэгс” бол миний анхны бие даасан үзэсгэлэн.  Миний нэр Март учраас анх “Мартын цэцэгс” нэртэйгээр үзэсгэлэнгээ гаргах гэж байсан ч  арай өөрөөр илэрхийлэхийг хүссэн. Гуравдугаар сар, цэцэгс, баяр гээд бүгд холбоотой санагдаж “8-ны цэцэгс” хэмээх нэрийг сонгосон.

“Цэцэгс” гэдэг нь зөвхөн цэцгийг дүрслэн харуулсан бүтээлүүдийг хэлэхээс илүүтэй, миний уран бүтээлүүдийг бэлгэдсэн. Өөрөөр хэлбэл, миний бүтээл бүр өөр өөрийн өнгө, мэдрэмжтэй “цэцэгс” гэж хэлж болно. Мөн гуравдугаар сар, тэр дундаа эмэгтэйчүүдийн баяр тохиодог энэ үе  “Март” нэртэй минь холбогдож байгаа мэт санагдсан. Тиймээс өөрийн уран бүтээлийн ертөнцийг “цэцэгс”-ээр дамжуулан илэрхийлэхийг зорьсон.

Би уран бүтээлдээ голчлон цэцэгс болон шавжийг дүрслэн зурдаг. Байгаль дээрх жижиг зүйлсийн хэлбэр, өнгө, нарийн бүтцийг ажиглан түүний гоо сайхныг уран зурагт буулгахыг хичээдэг. Яагаад гэвэл, жижиг зүйлсийг анхааралтай ажиглах тусам дотор нь нуугдсан сонирхолтой хэлбэр, өнгөний зохицол илүү тодорч харагддаг.

 

Уран бүтээлийнхээ санааг байгалиас авдаг

-Хөдөө явж байхад тааралдсан цэцэгсийг анзаарч харж, зургийг нь авч хадгалдаг. Дараа нь тухайн цэцэгнүүдээс уран бүтээлийн зохиомжоо олж хардаг гэсэн үг.Заримдаа цэцгийн хэлбэрийг хэвээр нь үлдээж арын орчин, өнгөний зохицол, уур амьсгалыг өөрчлөн шинэ дүр төрх бий болгохыг хичээдэг.

Мөн цэцгийн дэлгүүрүүдээс зөвшөөрөл авч, эсвэл заримдаа цэцгийг нь худалдан авч ойроос ажиглан, өөрийнхөөрөө зохиомжлон зурдаг. Цэцэг ажиглах, түүнийг өөрийн мэдрэмж, төсөөлөлтэй хослуулах явцад нэг цэцэг олон өөр хэлбэр, ертөнцтэй бүтээл болон хувирдаг. Миний хувьд энэ үйл явц нь байгалийн гоо сайхныг өөрийн уран бүтээлийн ертөнцөөр дамжуулан дахин амилуулж байгаа мэт санагддаг.

 

“White” зураг миний дахин нэг ертөнцийг бүтээсэн

-Би аравдугаар анги хүртлээ зурагтай төдийлөн ойр байгаагүй, бараг л зурж үзээгүй гэж хэлж болно. Тэр үед өөрийгөө уран зурагтай холбож төсөөлдөггүй, ирээдүйд огт өөр мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан. Тэр үед зураг зурдаг сургалтын газрын хажуугаар өнгөрөхдөө дотор нь хүмүүс бүтээл туурвиж байгааг анзаарч, хананд өлгөөтэй зургуудыг хараад сонирхол төрсөн. Тэдгээр бүтээлийн өнгө, хэлбэр, ертөнц нь гоё санагдаж, тэгээд л бага багаар зурж эхэлсэн.

Арванхоёрдугаар ангид байхдаа СУИС-д шалгалт өгч үзэхээр шийдэж, тэнцсэн нь миний амьдралын нэгэн чухал эргэлт болсон. Тэр үеэс хойш уран зураг миний амьдралын салшгүй хэсэг болж, өмнө нь төсөөлж байгаагүй энэ зам руу намайг хөтөлж эхэлсэн.

Харин цахирмаа цэцгийн “White” хэмээх зургаа дуусгасныхаа дараа л “Ер нь үзэсгэлэн гаргаж болох юм байна” гэсэн бодол анх төрсөн. Уран зурагт харьцангуй хожуу орж ирсэн болохоор эхэндээ өөртөө итгэлтэй байгаагүй. Миний зураг үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрч чадах болов уу гэж эргэлздэг байсан. Гэвч энэ бүтээлээ дуусгасны дараа өөртөө итгэж эхэлсэн. Цэцгүүдээ өөрийн мэдрэмж, хүссэн зохиомж, өнгөөр илэрхийлэн зурсаар байвал үзэсгэлэн гаргаж чадна гэсэн итгэл төрсөн. Тиймээс “White” зураг миний хувьд өөртөө итгэх итгэлийг минь төрүүлсэн онцгой утгатай бүтээл . Тэр ч утгаараа энэ зургандаа хамгийн их хайртай байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 44 (7786)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn