Т.МИЧИДМАА
Ихэр заяанд төрнө гэдэг хүмүүн заяаны ховор хувь тавилан билээ. Харин нэг төрлийн спортоор хичээллэж, нэг замыг хамт туулна гэдэг сонголт юм. Нэг мөрөөдөл, зорилгын төлөө хамтдаа тэмүүлж яваа ихэр жүдочид болох ОУХМ Г.Содбилэг, ОУХМ Г.Одбилэгийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцлаа.

ОУХМ Г.Содбилэг: Нэгнийхээ амжилтыг өөрийнх мэт хүлээж авдаг
-Бага ангид байхдаа би жүдогоор хичээллэх , харин ихэр маань шатрын дугуйланд явах сонирхолтой байлаа. Тэр үед бага зэрэг санал зөрөлдөж байсан ч ээж, аавтайгаа зөвлөлдсөний дараа хоёулаа жүдог сонгосон. Тэгээд л бид хоёр гуравдугаар ангиасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн.
-Би Чех улсад бэлтгэл хийж байгаад ирсэн. Харин ихэр маань АНУ-д Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Бэлтгэл сургуулилтаар бие бялдар, техникийн хувьд хөгжихээс гадна, цагийн менежмент, өөрийгөө удирдах чадварыг сурдаг. Өөр тив, өөр орчинд бэлтгэл хийх, тэмцээнд оролцох нь туршлага болдог. Мөн бусад улсын тамирчидтай өөрийгөө харьцуулж илүү хичээх ёстойгоо ойлгодог. Спортдоо төвлөрөх нь амьдралын зөв хэмнэл, цаг баримтлах, сахилга бат, хариуцлагыг суулгадаг. Мөн өөрийн сонголт, зорилгодоо үнэнч байж сурсан. Цаашлаад тууштай бэлтгэл нь их амжилт гаргахын үндэс гэж боддог.
-Ихэр тамирчид болохоор бие биенийгээ сэтгэл зүйн талаас нь маш сайн дэмждэг. Ихрийгээ сэтгэлээр унахад би адилхан адилхан сэтгэлээр унадаг. Тэмцээний дараа бие биедээ зөвлөгөө өгч ярилцдаг. Аль мэх дээр алдаа гаргасан, ямар үед илүү боломж байсан, юуг өөрчилж болох байсан талаар дүгнэлт хийдэг. Заримдаа бие биенээ шүүмжлэх үе ч бий. Гэхдээ тэр нь муулах гэсэндээ биш, илүү сайжруулах, дараагийн тэмцээнд илүү хүчтэй байх боломжийг нь олж харах гэсэн чин сэтгэлийн дэмжлэг байдаг. Ингэж бие биенээ хурцалж, урам өгч, алдаа оноогоо хамтдаа засаж явдаг нь бидний хувьд маш том давуу тал гэж боддог.
-Бидний хэн нь ч медаль авсан байсан яг өөрөө авсан мэт баярлаж, чин сэтгэлээсээ бахархдаг. Учир нь, тэр амжилтын ард хамт өнгөрүүлсэн бэлтгэл, хамт туулсан хүнд үе, бие биедээ өгсөн дэмжлэг бүгд шингэсэн байдаг. Багаасаа эхлээд өнөөдрийг хүртэл бид нэг зорилгоор амьдарч, нэг дэвжээн дээр хамт хөлсөө дуслуулж ирсэн. Тиймээс ч амжилт бид хоёрын хамтын хөдөлмөрийн үр дүн гэж боддог. Нэг нь урагшилбал нөгөөдөө урам өгдөг, нэг нь алдаа гаргавал нөгөө нь засахыг хичээдэг. Бидний эцсийн зорилго ч адилхан. Бид хоёрын хэн нь ч байсан хамаагүй, олимпийн наадмын медалийн тавцанд зогсох. Монголынхоо нэрийг дуурсгах тэр мөчийг хамтдаа харна гэдэгт итгэдэг. Тэр өдрийн төлөө бид өдөр бүр бэлтгэл сургуулилтаа тууштай хийж, бие биеэ дэмжиж, илүү хүчтэй, илүү сайн тамирчин болохын төлөө хичээдэг.
ОУХМ Г.Одбилэг: Ярихгүйгээр бие биенийгээ мэдрэх үе олон бий
-Бид бие биедээ үргэлж хань түшиг болж, ямар ч үед нэгнийгээ дэмжиж ирсэн. Ихэр тамирчин байна гэдэг бусдаас содон, онцгой мэдрэмж төрүүлдэг. Учир нь нэг зорилго, нэг хүсэл мөрөөдлийн төлөө хамтдаа зүтгэж, амжилт бүтээлээ ч хамтдаа мэдэрч явна гэдэг ховор завшаан. Тэмцээнд ороод ялагдсан ч сэтгэлээр унаж суухын оронд ихрийгээ медалийн төлөө барилдахад нь дэмждэг. Барилдааны өмнө бие халаалтыг нь хамт хийж өгч, сэтгэлзүйн хувьд тайван байхад нь туслахыг боддог. Ихэр маань дэвжээн дээр гарахад би ч бас хамт барилдаж байгаа юм шиг догдолдог. Ихэр тамирчны хувьд бидний хамгийн том давуу тал нь бие биенээ ойлгож, дэмжиж чаддагт оршдог. Ямар мэдрэмж төрж байгааг, ямар үед урам хэрэгтэй байгааг бид үг хэлэхээс нь ч өмнө мэдэрчихдэг үе байдаг. Тиймээс бидний амжилтын ард хувь хүний хичээл зүтгэлээс гадна, ихрийн маань өгсөн итгэл, дэмжлэг том байр суурь эзэлдэг.
-Бид нэг жинд барилддаг болохоор зарим тэмцээнд хоорондоо таарах үе гардаг. Олон улсын тэмцээнүүд болон улсын аваргад 4-5 дэвжээнд “ихэрийн тулаан” хийж байлаа. Нэг талаас бид хоёрын хувьд энэ нь сонирхолтой ч нөгөө талаас бага зэрэг сонин мэдрэмж төрүүлдэг. Эхний хоёр удаа хоорондоо таарахад ялсан нь ч баярлаж чаддаггүй, унасан нь ч гомдоллож чаддаггүй. Дэвжээн дээр бол өрсөлдөгчид ч гэлээ, дотроо бол ах дүүс хэвээрээ. Дараагийн удаагаас нь бид энэ байдлыг энгийнээр хүлээж авч сурсан. Одоо манай “ихэрийн тулаан”-ы тооны харьцаа 2:2 болсон.
-Бид хоёрын гадаад төрх их төстэй, олон хүн андуурдаг. Ялангуяа тэмцээний үеэр хүмүүс төдийгүй шүүгчид хүртэл андуурах тохиолдол гардаг. Зарим тэмцээн дээр бие биенийхээ өмнөөс барилдаж байна гэж ойлгоод шүүгч нь ихрийг маань дуудаж шалгах үе ч байсан. Тиймэрхүү хөгжилтэй, бас бага зэрэг сандаргасан мөчүүд бидэнд нэлээд тохиолддог. Үүнээс болоод бараг тэмцээн бүрийн өмнө жижигхэн “шалгалт” шиг зүйл болдог гэж хэлж болно. Жишээлбэл, Одбилэгийн нэрийг дуудах үед Содбилэг шүүгчийн хажууд байж, яг өөрийнхөө нэр дээр барилдаж байгаа эсэхийг нь шалгадаг. Гэхдээ энэ бүх андуурал, хөгжилтэй явдлуудаар дамжуулан нэг зүйлийг хэлмээр байдаг. Бид хоёр хэзээ ч бие биенийхээ өмнөөс барилдаж байгаагүй, цаашдаа ч тийм зүйл байхгүй. Спорт бол шударга өрсөлдөөн, хариуцлага дээр тогтдог. Бид өөрсдийн нэр, хөдөлмөрөөрөө дэвжээн дээр гарч барилдахыг хамгийн чухал гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 42 (7784)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn