Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Тус чуулган нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй итгэлцэл, ёс зүй, хууль эрх зүйн орчин болон технолгийн хөгжилд хөл нийлүүлэн чадавхжих, бизнесийн олон талт загвартай хараат бус, бие даасан байдлаа хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдлийг санал болгох нэгдсэн талбар болохыг зорьж байгаа аж.

“Media Mongolia-2026” чуулганаар салбарын төлөөллүүд болон олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сэтгүүл зүйн гурвалсан хямралыг даван туулах шилдэг арга туршлагыг хуваалцаж буйгаараа онцлог боллоо. 

Мөн хэвлэл мэдээллийн салбарын гурвалсан хямрал хэмээн нэрлээд буй технологийн хөгжил, түүнд дасан зохицох сорилт, хууль эрх зүйн дарамт, сэтгүүл зүйн эрх чөлөө, бизнес загварын хямрал ба эдийн засгийн дарамт зэрэг сэдвүүдийг голлон хэлэлцлээ.

 

“Сэтгүүл зүй бидэнд хэрэгтэй юу” 

Б.Дуламхорлоо

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо “Сэтгүүл зүйн салбар дахь хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Тэрээр “Өнөөдөр нэг редакц 10 сая төгрөг зарцуулаад эрэн сурвалжлах мэдээлэл гаргахад үүний өгөөж нь 100 дахин өсөж нийгэмд эерэг нөлөөг үзүүлдэг байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагын асар өгөөжтэй ажиллагааг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих шаардлагатай. Мөн хэлэлцүүлгээр “Сэтгүүлзүй бидэнд хэрэгтэй юу эсвэл үгүй юу” хэмээн тэрслүү байдлаар томъёолсон сэдвээр Ерөнхий сайд Г.Занданшатартай ярилцана. Ингэхдээ төрийн байгууллагууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн мэдээллээ түгээж байгааг нийтийг мэдээллээр хангаж байна гэж үзэх үү. Нөгөө талаас олон нийтийн төлөөх үр нөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг илүү хөгжүүлж, чадавхжуулахад хараат бус байдлаар хэрхэн хамтран ажиллах хүрээнд хэлэлцлээ” гэлээ  .

 

“Цаг үеийн, иргэдийн амьдралтай ойр, энгийн ойлгомжтой мэдээлэл эрэлттэй байна”

 

Орчин үед мэдээлэл авах боломж нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөц харахад асар их мэдээллийн урсгал өдөр тутам иргэдэд хүрч байгаа. Тэдгээр нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг 2025 онд хийсэн “Хэвлэл мэдээлийн хэрэглэгчийн судалгаа”-наас дүгнэхэд, хэрэглэгчид цаг үеийн мэдээлэл, өөрийн эргэн тойронд өрнөж буй үйл явдал, шийдвэрийн талаар мэдээлэл авахыг илүүд үздэг гэжээ. Харин тухайн мэдээлэл нь энгийн ойлгомжтой, найдвартай, хэрэгцээтэй байх гэсэн гурван шалгуурыг чухалчлах ёстойг судалгааны дүн харуулж байна.

Гэвч хэрэглэгчдийн хүсээд байгаа энгийн, ойлгомжтой мэдээллийг сүүлийн үед контент бүтээгчид илүү энгийн үг хэллэг, форматаар хүргэж байна. Харин найдвартай мэдээллийн шалгуурыг сэтгүүл зүйн салбарынхан илүү хангаж байгааг мөн судалгаагаар харуулжээ.

М.Мөнхмандах

Тэгвэл мэдээллийн эрэлт ба нийлүүлэлтийн талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах “Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг найдвартай,  шууд хамааралтай байхыг чухалчилж байна. Мөн цаг үеийн болон хүмүүст ойр мэдээлэлнь илүү эрэлттэй байдаг.  Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд улс үндэстний мэдээллийг хүргэх хэрэгтэй ч газар зүйн байршлаас хамаарч иргэдийн өдөр тутмын амьдрал руу илүү ойртох шаардлагатай байна” гэсэн юм.

 

Хэвлэл мэдээллийн байгуулага өөрийн зохицуулалттай байх нь чухал

Г.Гүнжидмаа

Хэвлэлийн эрх чөлөө, хууль эрх зүйн орчны талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөний асуудал сорилт, бэрхшээл дагуулж байна. Хэвлэл мэдээллийн тухай хуулийн заалтууд нэлээд нээлттэй, байгаа ч хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтын тогтолцоогоо илүү бэхжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Мөн бид зөвхөн хуулиар бүхнийг зохицуулахыг хүлээгээд суух биш хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондоо нэгдэж, нягтарч хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй хийж байгаа гэдгээ байнга илэрхийлэх хэрэгтэй байна. Дээр нь ёс зүйн хэм хэмжээгээ чанд мөрддөг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бодлогоор дэмжих, тэр дундаа уншигч, үзэгчдийн шууд дэмжлэгийг тусгах нь зах зээлийн тогтвортой байдлаа хангахад чухал нөлөөтэй.

Үзэгчид хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүтээлийг  ёс зүйгүй хэмээн буруутгаж, дарамт учруулж байгаа нөхцөл байдлыг хэвлэл мэдээлийн салбарын өөрийн тогтолцоогоор сөрөн явж байна. Тухайлбал, манайд жилд 60-70 гомдол иргэдээс ирдэг. Эдгээр гомдлуудыг шийдвэрлэхэд өөрийн зохицуулалтын тогтолцоогүй бол хууль шүүхийн байгуулагад хандах зэрэг илүү дарамт учирна. Тиймээс байгаа тогтолцоогоо бэхжүүлэхэд хамтын ажиллагаа чухал” гэв.

Хэвлэл мэдээллийн салбарын гурвалсан хямрал хэмээн нэрлээд буйн нэг нь  технологийн хөгжил, хиймэл оюун ухааны зөв зохистой хэрэглээ болоод байна. Иймд чуулганы үеэр Монголын сэтгүүл зүй дэх хиймэл оюун ухааны хэрэглээний талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Ж.Хулан

“Хиймэл оюун ухааны хөгжил, хэрэглүүрүүд нь зөвхөн туслах хэрэгсэл төдий биш редакцын үйл ажиллагааны дэд бүтцийн томоохон суурь болох боломжтой.  Тиймээс хиймэл оюун ухааны бодлого, страттеги бодлогын түвшинд илүү чухал байна. Мөн технологийн компаниудын санал болгож байгаа зүйл бол зардлын асуудал. Бид байгууллагын зардлыг ямар хүрээнд тооцдог байснаас шалтгаалж зардлын урсгал дээр хиймэл оюун ухаан ашиглах зардал нэмэгдэх хэрэгтэй болно. Энэ нь зөвхөн байгууллагын үйл ажиллагаа гэхээс гадна сэтгүүлч тус бүр төлбөртэй AI хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй болно. Дээрээс нь нэг чухал зүйл нь хүний нөөцийн сургалт, бэлтгэл” гэдгийг The media show-ийн санаачлагч Ж.Хулан ярьлаа. 

 

“Төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн албадтай болсноор орон нутагт сэтгүүлчид энэ чиглэл рүү ажиллах нь нэмэгдэж байна”

 

Монгол Улсын нийт хүн амын 40 хувь нь орон нутагт амьдарч байна. Тэдгээр хүмүүсийн мэдэх эрхийн төлөө ажиллаж байгаа нэг хэсэг бол орон  нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага юм. Иймд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, тулгарч буй асуудлын талаар “Архангай медиа” группийн үүсгэн байгуулаагч, сэтгүүлч О.Амарзаяа “Сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүү, хүний нөөцийн асуудал гүнзгий түвшинд яригдахад хүрээд байгаа. Орон нутагт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж өрсөлдөх гэхээсээ илүү одоо үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнхээ эко системийг хэрхэн хамгаалж, олон талын оролцоотойгоор хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.

О.Амарзаяа

Мөн хүний нөөцийн асуудал ихээр тулгамдаж, сэтгүүлчид мэргэжлээрээ ажиллах гэхээс илүү төрийн байгууллагад ажиллах нь их байна. Үүнд хууль эрх зүйн орчин нөлөөлж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байх ёсгүй” гэх заалт нь шууд биш дам утгаараа зөрчигдөж төрийн байгууллага шат шатандаа хэвлэл мэдээллийн албадтай болсноор сэтгүүлчид энэ чиглэл рүү ажиллах нь нэмэгдэж байгаа. Тиймээс энэ гажуудлыг засах хэрэгцээ шаардлага байна. Манай редакцид шинээр төгссөн боловсон хүчин ирлээ гэхэд доод тал нь 3-4 сар эсвэл 3-4 жил ажиллаад л гарах тохиолдол байна” гэлээ.

 

“Бид мэдээллийг зараагүй. Харин үнэ цэнийг тогтоож эхэлсэн”

 

Дэлхий даяар хэвлэл мэдээллийн салбар нэг том өөрчлөлтийн дунд явж байна. Цаасан сониноос цахим руу шилжиж байгаа. Зарим талаар сонин одоо ч гарч байгаа юм уу гэж асуудаг асуулт ялангуяа сонины сэтгүүлчдэд их тулгардаг. Тэгвэл сонин гардаг төдийгүй сонинд мөнгө төлж мэдээ уншдаг болсон гэдгийг “Зууны мэдээ сонины тоймч Б.Нямсүрэн “Хүмүүс мэдээнд мөнгө төлдөггүй гэж үү” сэдэвт илтгэлээрээ онцолсон юм.

Б.Нямсүрэн

Тэрээр “Зууны мэдээ” сонин ч мөн адил энэ шилжилтийн цаг үед байна. Бид зөвхөн хэвлэмэл сонин биш. Дижитал платформ руу стратегийн шилжилт хийж байна. Энэ хүрээндээ нэг нийтлэлээр төлөх боломж, аль нэг өдрийн сониныг цахимаар худалдан авах боломж, сонгомол контентыг түгжих freemium систем гэсэн уян хатан шийдлийг хэрэгжүүлж байна. Энэ бол контент хаах шийдэл биш. Харин мэдээллийн үнэ цэнийг тогтоох алхам. Бид олон жил нэг ойлголттой явсан нь “Мэдээ бол үнэгүй” юм.

Гэвч бодит байдал дээр нэг нийтлэлд хэдэн цагийн судалгаа, хэчнээн эх сурвалж шалгагддаг, хэдэн шатны редакцын хяналт ордог талаар уншигчид тэр бүр мэддэггүй. Бид мэдээллийг зараагүй. Харин мэдээллийн үнэ цэнийг тогтоож эхэлсэн. Хэрэв бид чанартай, хараат бус, хариуцлагатай сэтгүүл зүйг хүсвэл түүнд хөрөнгө оруулах ёстой” гэлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 42 (7784)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn