НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах газар)-тай хамтран ажилладаг Зан Гил Жа тэргүүнтэй Олон улсын WeLoveU ТББ-аас  2026-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд туслах сайн дурын үйл ажиллагааг 2026.03.04-ний өдөр зохион байгууллаа. Хүйтний улиралд хүндрэлтэй нөхцөлд амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 60 өрхөд нийт 19 сая гаруй төгрөгийн үнэ бүхий зулхай дулаалга, өвлийн хөнжлөөр тусламж үзүүлэв.

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэт хүйтэрч, урт өвөл болж байна. Гэрийн дулаалга муутай зорилтот бүлгийн айл өрхүүдийн хувьд амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учирдаг. Тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор бид энэхүү ажлыг өрнүүллээ” хэмээн ‘Дэлхийд эхийн хайр түгээе!’ уриатай WeLoveU-ийн төлөөлөгч төслийнхөө зорилгыг тайлбарлалаа.

Өглөөний 11.00 цагт эхэлсэн тус арга хэмжээнд зорьж ирсэн иргэд болон WeLoveU-ийн гишүүдийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон дэд дарга н.Уянга нар халуун дотноор угтан авлаа.

“WeLoveU олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Манай байгууллагын мэдээллийн зорилтот бүлгийн иргэдийн мэдээлэл байдаг. Иргэдэд нэн хэрэгцээ шаардлагатай өрхийн хэрэгцээт материал хэрэгслээр тусламж үзүүлж байгаа нь цагаа олсон үйл ажиллагаа болж байна” хэмээн  Э. Энхтуул дарга талархал илэрхийлсэн юм.

Ус чийг, салхинаас хамгаалах материалаар хийгдсэн зулхай дулаалга, дулаан чанар буюу илчээ маш сайн хадгалж, хүний биед наалдан сууж өгдөг, угаалга даадаг сайн чанарын хүр хорхойн хөвөнгөөр хийсэн өвлийн хөнжил хүлээн авсан иргэд бүгд маш баяртай байлаа.

“Би хүр хорхойн хөнжлийг үр хүүхдэдээ нөмрүүлэх гээд яг авах гэж байсан юм. Гэтэл өнөөдөр үүнийг үнэгүй өгч тусламжийн гараа сунгасан WeLoveU байгууллагын тэргүүнд үнэхээр талархаж байна. Үр хүүхдүүдтэйгээ дулаахан сайхан амарч, энэ зулхай дулаалгыг ачаар гэртээ тохилог дулаахан хаваржина аа” хэмээн 33-р хорооны иргэн Б. Оюунгэрэл ярилаа.

“Нутаг дэвсгэрийн хувьд 100% гэр хорооллын бүс нутагтай, 8600 гаруй өрхийн 20% нь байшин, үлдсэн 70 гаруй хувь нь хашаа байшин, гэрт амьдардаг айлуудтай манай 33-р хорооны хувьд гамшигт өртөх эрсдэлүүд ихээр үүсэх нөхцөл байдалтай байдаг. Ийм эрсдэлд өртсөн, мөн амьжиргааны түвшин доогуур орлоготой айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлж байгаа та бүхэндээ талархаж байна" хэмээн өнөөдрийн үйл ажиллагааны үр өгөөжийг Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны Засаг дарга бөгөөд иргэдийн төлөөлөгч М.Тэмүгэ дүгнэсэн юм.

​Тус үйл ажиллагаанд ач холбогдол өгөн зорьж ирсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр хэлэхдээ “Манай дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд цагаа олсон тусламж үзүүлж буйд маш талархалтай байна. WeLoveU байгууллагын олон улсын хэмжээний хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаад цаашид эх байгалиа хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мод тарих, цус хандивлах, сургуулийн орчныг тохижуулах зэрэг чиглэлд хамтран ажиллаж, сайн үйлсийн аяныг шат дараатай хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан WeLoveU-ийн тэргүүн Жан Гиль Жа танд бас баярласан талархсанаа нийт Сонгинохайрханчуудынхаа өмнөөс илэрхийлье" гэв.

Сайн санаа, сайхан сэтгэлийн энэхүү үйл ажиллагаанд өнөөдөр 110 гаруй хүн оролцсон бөгөөд WeLoveU-ийн гишүүд ч бас нийгмийн сайн сайханд сайн үйлсээрээ хувь нэмэр оруулж байгаагаараа бахархаж байлаа.

​"Эхийн хайрыг дэлхий даяар түгээе уриан дор Сонгинохайрхан дүүргийн эмзэг бүлгийн иргэдэд халуун дулаан сэтгэлээр туслах энэхүү үйл ажиллагаанд бас оролцож байгаадаа маш их баяртай" хэмээн WeLoveU-ийн гишүүн Э.Энхцэцэг сэтгэгдлээ илэрхийлсэн бол WeLoveU-ийн гишүүн А.Энхбаяр, "Сэтгэлд гал байвал зууханд гал байна гэдэгчлэн маш хүйтэн, эрс тэс уур амьсгалтай манай улсад айл гэр, иргэд дулаахан байгаасай гэсэн сэтгэлээр сэтгэлийн гал нэмэхээр энэ үйл ажиллагаанд оролцож байна" гэж халуун сэтгэлийн элч илгээлээ.

Монголын хүйтэн өвөлтэй энэ жил анх удаа золгосон, Солонгос Улсаас ирсэн WeLoveU-ийн гишүүн Ян Жун Хён "Монгол улсад сайн дурын ажил хийх боломж олгосонд талархаж байна. Монголд ирэхээсээ өмнө үнэхээр хүйтэн байдаг гэж их сонсож байсан болохоор санаа зовж байсан ч бодитоор ирээд Монголын өвлийг мэдрээд үзэхэд маш их хүйтэн орон юм байна гэж бодогдлоо. Тийм ч учраас амьдралын боломж тааруу хүмүүс өвлийг хэрхэн давах бол гэж санаа зовж байлаа. Гэхдээ энэхүү боломжоор дамжуулан хүнд хэцүү байгаа иргэдэд халуун дулаан сэтгэлээр тусалж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү сайн дурын ажлын тусламжтайгаар олон хүмүүс өвлийг дулаан өнгөрүүлэх боломжтой болно гэж найдаж байна" гэсэн юм.

Иргэдэд тусламж гардуулах үйл ажиллагаа дууссаны дараа WeLoveU-ийн гишүүд гэрээ дулаалахад хүн хүч дутмаг зэрэг нөхцөл байдлаар хүндрэлтэй байгаа айл өрхүүдийг зорьж очин, гэрийг нь дулаалж өглөө.

Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, 33-р хорооны иргэн Б. Хандмаагийнд очиж гэрийг нь дулаалж өгөхөд талархлын нулимсаа барьж ядан, “Монголчууд бид тэнгэрийн хөх өнгийг сайн сайхнаар бэлгэшээдэг. Манай гэрийн дулаалга хөх өнгөтэй, бас биднийг дулаахан унтаж амраасай гэсэн сэтгэлээ шингээн өгсөн хөнжил ч бас хөх өнгөтэй байна. 0-4 насны 3 жаахан хүүхэдтэйгээ хамт орон дээрээ унтахад хангалттай хүрэлцэх том хэмжээтэй дулаахан хөнжилтэй боллоо. Гэр маань ч шинэ болсон юм шиг харагдаж байна” хэмээн догдлонгуй ярилаа.

WeLoveU (intlweloveu.org) нь НҮБ-ын DGC-тай хамтран ажилладаг дэлхийн хэмжээний сайн дурын, нийгмийн халамжийн байгууллага юм. “Дэлхий дахинд Эхийн хайр түгээе” уриан дор тэд байгаль хамгаалал, гамшгийн үеийн яаралтай тусламж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг олон чиглэлээр 10,900 гаруй удаагийн сайн дурын үйл ажиллагаа явуулжээ (2025 оны байдлаар). Мөн Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs)-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсад ч мөн нийгмийн хариуцлагын олон ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн бөгөөд Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд цусны донорын аян зохион байгуулж, цусны нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулжээ. “Ковид-19” цар тахлын үед вирусээс хамгаалах хувцас 200 ширхэг, амны хаалт 5000 ширхгийг Эрүүл мэндийн яаманд хандивлан халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн байна.

“Эхийн цэцэрлэг” төслийн хүрээнд мод тарих ажлыг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлсэд нэгдсэн бөгөөд Богдхан уул, Туул гол, Үндэсний их баяр наадмын талбай, Сархиа уул зэрэг газруудад “Цэвэр дэлхий” байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж, цэвэр, эрүүл орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө тэд боловсролын салбарт ч мөн дэмжлэг тусламж үзүүлж иржээ. WeLoveU-ийн тусламж дэмжлэгээр Улаанбаатар хотын хоёр ч улсын сургуулийн боловсролын орчин мэдэгдэхүйц сайжирсан гэжээ. Тэд номын санг засаж тохижуулан, зурагт, хэвлэгч, аудио төхөөрөмж, сурах бичиг, толь бичиг болон бусад сургалтын материал хандивласан байна.

WeLoveU нь хүйтний улиралд эмзэг бүлгийн өрхүүдийг дэмжих төслийг 2024 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм байна. Өнгөрсөн жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн долоон өрхөд монгол гэр, зуух хандивлах зэргээр дэмжлэг үзүүлж байжээ. 2024 онд хандивласан долоон гэрийн дотор шал, дулаалгыг ч мөн давхар хийн тусалсан байна. Энэхүү төсөл нь эмзэг бүлгийн өрхүүдийг өвлийн улирлыг эсэн мэнд даван туулахад нь туслах гэсэн хүчин чармайлт ажээ.

Тэдний байнгын зүтгэлийг үнэлэн Эрүүл мэндийн сайдын шагнал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын шагнал, Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын даргын өргөмжлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын өргөмжлөл гэх мэт шагналуудыг хүртээсэн байна.

Тэд тогтмол сайн үйлс явуулсны үр дүнд БНСУ-ын төрийн дээд одон, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал, Камбожийн хааны одон зэрэг 1000 гаруй шагнал, өргөмжлөл хүртжээ.