П.АМГАЛАН
Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин DeMarcus Cousins болон "Сэлэнгэ Бодонс" багийн ахлагч М.Дэлгэрнямыг онцолж байна. Тэд хоёулаа 1990 онд төрсөн.
Талбайг удирдагч “Mongolian Monster”

Тэр “Bull” , “Mongolian Monster” гэх хочтойгоор фенүүдийнхээ зүрхэнд хоногшсон. Энэ хоч нь зориг, хүч, сүүлийн секунд хүртэл зогсолтгүй тэмцэх хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой юм. Энэ хүн бол Монголын сагсан бөмбөгийн домог төдийгүй, 3*3 сагсан бөмбөгийн олон улсын талбайд эх орныхоо нэрийг мандуулсан Д.Дэлгэрням. Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Д.Дэлгэрнямын тоглолт нь хурд, нарийн тактик,багийн уялдааны үр дүн байдаг. Тэр өрсөлдөгчийнхөө хамгаалтыг буулгаж, бөмбөгийг авч, оноо авахаас гадна бусад тоглогчдодоо боломж гаргах чадвар нь амжилтын гол түлхүүр нь байдаг. Түүний дамжуулалт, хамгаалалтын шахалт, шийдвэр гарах мөчид зөв байрлал эзлэх зэрэг чадварыг фэнүүд нь хүндэлдэг билээ.
Д.Дэлгэрнямын амжилтын оргил үеийн нэг бол 2023 оны "FIBA 3х3 Asia Cup" байв. Финалын тоглолтод Монголын шигшээ баг Австралийн зургаан удаагийн аваргуудтай таарсан. Энэ бол дэлхийн шилдэг багтай нэг талбайд зогссон өрсөлдөөнтэй мөч байв. Тоглолт 21:18 онооны харьцаатай хамгийн сүүлчийн оноо шийдвэрлэх мөчид Д.Дэлгэрням багтаа ялалтыг авчирч чадсан юм. Тэрээр туршлагаараа тоглолтыг хяналтдаа авч давуу байдлыг олж харж чадсан. Багийнхаа гишүүдээ тоглолтын явцад мэдэрч чадсан. Хамгийн чухал нь сэтгэл зүй нь маш тайван байсан учраас шийдвэрлэх оноог багтаа авчирсан. Энэ нь зүгээр нэг оноо биш, хамгийн үнэтэй ялалтын оноо байв. Тэр 31 оноо авч MVP буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” болсон юм. Энэ ялалт нь Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэн үлдэх бас нэг бахархлын агшин байв.
Ер нь Д.Дэлгэрнямын финалын оноо, хамгаалалтын шийдвэрүүд нь олон фанатуудын сэтгэлийг огшоож, “Монголын спортын бахархал” гэж хүндлэхэд хүргэсэн билээ. Түүний тоглолтын хэд хэдэн онцлог чанарууд байдаг. Өрсөлдөгчөө шахаж, бөмбөгийг авах, хамгаалалт хийх чадвар нь түүнийг талбай дээр “домог” болгодог. Хурд, авхаалж самбаа, стратеги. Тэр хаашаа бөмбөг дамжуулах, ямар байрлалд гарахыг зөв тооцоолж чаддаг. Мөн талбайд ганцаараа оноо авах бус багийнхаа тоглолтыг удирдан зохицуулж чаддаг нь түүний онцгой зан чанар юм. Тэрээр багийн уялдаанд суурилсан лидерийн тоглолтыг үзүүлж чаддагаараа онцлог.
Түүнчлэн тамирчин хүнд байх ёстой хамгийн чухал зүйл болох сэтгэл зүйгээ тайван байлгах тал дээр Д.Дэлгэрням бол үнэхээр супер тамирчин. Тэр шийдвэрлэх мөчид төвлөрч, тайван байж, зөв шийдвэр гаргаж чаддаг.
Довтолгоо, хамгаалалтыг хослуулагч домогт “Вооgie”

АНУ-ын сагсан бөмбөгийн ертөнцийн хүчтэй тоглогчийн нэг бол DeMarcus Cousins юм. Түүнийг фенүүд нь “Вооgie” хэмээн дууддаг бөгөөд энэ нэр нь түүний талбай дээрх эрч хүч, өвөрмөц зан чанарыг илэрхийлдэг гэж хэлж болно. Түүний сагсан бөмбөгт амьдралаа зориулсан энэ цаг хугацааг хүртэлх замнал бол зөвхөн оноо, амжилтаар хэмжигдэхгүй, харин уналт босолт, тэсвэр хатуужлын бодит жишээ юм.
1990 онд АНУ ын Алабама мужийн Мобил хотод төрсөн. Багаасаа сагсан бөмбөгийн спортод татагдаж ахлах ангийн сурагч байхаасаа түүний амжилт эхэлсэн байдаг. Кентакийн их сургуульд ганцхан улирал тоглосон ч түүний гаргасан амжилт нь NBA-д драфтаар сонгогдох суурь болжээ. Тэрээр 2010 онд “Sacramento Kings “ багт тоглож эхэлсэн юм. Энэ нь түүний хувьд мэргэжлийн спортод хөл тавьсан эхлэл байв. Энэ багтаа тоглосон цаг хугацаа бол түүний хамгийн шилдэг төвийн тоглогчдын нэг болж чадсан үе юм. Биеийн өндөр, хүч, самбараас бөмбөг авах чадвар нь түүнийг онцгой болгож байв. Тэр дөрвөн ч удаа NBA all star-ийн тоглолтод сонгогдсон нь түүний амжилтын оргил цаг хугацаа байлаа.
DeMarcus Cousins талбай дээр догшин ширүүн, заримдаа сэтгэл хөдлөл ихтэй харагддаг ч энэ нь ялалтад хүргэх гэсэн тэмүүллийн илэрхийлэл байлаа. Гэвч түүний замнал зөвхөн амжилтаар дүүрэн байсангүй. 2018 онд хөлийн шөрмөс нь тасарсан түүний карьерын хамгийн хүнд сорилт болсон. Олон ч удаа тэр бэртэлтэй нүүр тулсан ч бууж өгөөгүй. Тэр дахин талбайд эргэн ирж, өөрийгөө дахин батлахыг хичээсэн. Хэдийгээр өмнөх шигээ оргил формдоо бүрэн хүрч чадаагүй ч түүний буцаж ирэх оролдлого, хөдөлмөр нь олон хүнд урам өгсөн юм.
Түүний тоглолтын онцлог нь довтолгоо, хамгаалалтыг хослуулсан ур чадварт оршдог. Тэр самбарын дор биеэрээ шахаж тоглохын зэрэгцээ гурван онооны шугамын цаанаас ч довтолж чаддаг байсан нь нэгэн цаг үеийн төвийн довтлогчийн шинэ дүр төрхийг бүтээж чадсан юм.
2025 онд DeMarcus Cousins Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” багт элсэж, плейоффын тэмцээнд оролцсон нь Монголын спортын түүхэн дэх онцгой мөч байлаа. Тэрээр "Монголын сагсанбөмбөгийн багаас санал ирэхэд маш их сэтгэл догдолж баяртайгаар хүлээж авсан. Сагсан бөмбөг тоглох нь миний Монголд ирсэн хамгийн том зорилго. Тэр тусмаа "Сэлэнгэ Бодонс" багийг аваргын цом өргөхөд нь хамт байхыг хүсэж байна.
Мөн тоглолтынхоо хажуугаар Монгол Улстай танилцаж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Сагсанбөмбөгчийн хувьд дэлхийн олон оронд тоглох боломж надад тохиосон. Энэ удаа Монгол Улсад сагсанбөмбөгөө тоглох сайхан боломж тохиосонд баяртай байна. Тиймээс аль болох багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулахыг хичээнэ" гэдгээ хэлж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn