Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн сонирхол татсан, өөрийн салбартаа үнэ цэн бүтээж яваа эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж ярилцдаг билээ.

Энэ удаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан уул уурхайн салбарт хөдөлмөрлөж, хүний хөгжил, бизнес ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны чиглэлээр тууштай ажиллаж ирсэн О.Туяатай ярилцлаа.

Тэрээр Багануурын уурхайгаас ажлын гараагаа эхэлж, мерит зарчмаар шат ахин удирдах түвшинд хүрсэн уул уурхайн инженер юм. Өдгөө “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулж, салбарын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа “Тэргүүний уурхайчин”, “Одонтой ээж” юм.

 

ХҮНЭЭ ХҮНДЭЛСЭН УУЛ УУРХАЙ Л ЖИНХЭНЭ ХАРИУЦЛАГАТАЙ

 

-Та уул уурхайн инженер атлаа ажлын гараагаа захиргааны ажлаас эхэлжээ. Энэ таны амьдралд ямар зам нээв?

-Багануурын уурхайд анх ажилд орохдоо бичиг хэргийн эрхлэгчээр томилогдож байсан. Уул уурхайн инженерээр төгссөн хүний хувьд уулын мастер хийх хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. Гэвч тухайн үед “эмэгтэй хүнд хүнддэнэ” гэж үзээд захиргааны чиглэлд ажиллуулсан юм.

Гэхдээ эргээд харахад энэ сонголт надад маш том сургууль болсон. Би Багануурын уурхай гэдэг том айлд 18 жил ажиллахдаа үйлдвэрлэл, удирдлага, хүний нөөц, хамт олон, ажлын сахилга, байгууллагын соёл гээд олон зүйлийг суралцсан. Мерит зарчмаар шат ахиж, Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал хүртэл дэвшсэн минь ч хамт олон, удирдлагын итгэл дэмжлэгтэй холбоотой.

Тиймээс би Багануурын уурхайг зөвхөн ажлын газар гэж биш, намайг амьдралд бэлдсэн сургууль гэж боддог. Үе үеийн уурхайчиддаа үргэлж талархаж явдаг.

-Уурхайд өнгөрүүлсэн он жилүүд танд хамгийн томоор юу ойлгуулсан бэ?

-Уурхай бол маш тодорхой системтэй үйлдвэрлэл. Орц нь тодорхой, процесс нь тодорхой, гарц нь тодорхой. Ийм орчинд ажиллахад хүн аливааг сэтгэл хөдлөлөөр биш, бодит өгөгдөл, бодит нөхцөл дээр үндэслэж харах дадалтай болдог.

Миний хувьд энэ бол хамгийн том сургамж байсан. Дараа нь ямар ч ажил дээр, ямар ч асуудал дээр бодитоор харж, учир шалтгааныг нь задлан ойлгох сэтгэлгээ суусан. Энэ чадвар өнөөдөр ч их хэрэг болдог.

-Таны хувьд уул уурхайн салбарын хамгийн том баялаг юу вэ?

-Миний хувьд хамгийн том баялаг бол хүн.

Хариуцлагатай уул уурхай гэдэг нь зөвхөн олборлолт, үйлдвэрлэлийн үр ашиг биш. Байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө хэрхэн удирдаж байна вэ, хүний эрхээ хэрхэн хүндэтгэж байна вэ, ажилтнаа, хамтрагчаа, орон нутгийн иргэдээ хэрхэн харж байна вэ гэдэгтэй салшгүй холбоотой.

Байгууллага хүнээ хүндэлж, шударга, ил тод, ойлгомжтой ажиллаж чадвал тэр нь жинхэнэ хариуцлагатай уул уурхай болно. Тиймээс уурхай бол зөвхөн баялаг олборлодог талбар биш, хүний хөгжлийн том сургууль юм.

-Та “Хариуцлагатай уул уурхай хүний эрхээс эхэлдэг” гэж ярьдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал?

-Энгийнээр хэлбэл, ажилтан цалин хөлсөө шударгаар авч байна уу, аюулгүй орчинд ажиллаж байна уу, мэргэжил дээшлүүлэх боломж нь тэгш байна уу, байгууллагын дотор ойлгомжтой, шударга харилцаа байна уу гэдгээс эхэлнэ гэсэн үг. Хариуцлагатай бизнес гэдэг бол зөвхөн хуулийн заалт биелүүлэх тухай биш. Хүний эрхийг хүндэтгэсэн, итгэл төрүүлсэн, ёс зүйтэй үйл ажиллагаа явуулах тухай ойлголт. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай энэ үед салбар маань хүн төвтэй хөгжиж чадвал илүү тогтвортой, илүү итгэлтэй ирээдүйтэй байна.

 

“БОДИТ ДАТА ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ШИЙДВЭР ГАРГАВАЛ АЖИЛТНУУДЫН АМЬДРАЛ ӨӨРЧЛӨГДДӨГ”

-Багануурын уурхайд ажилласан хугацаандаа хамгийн их бахархдаг ажлаа нэрлэвэл?

-Миний хамгийн их бахархдаг ажлын нэг бол “Эрүүл уурхайчин” хөтөлбөрийг дараагийн шатанд гаргасан явдал.

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндийг системтэй судалж, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын хэв маягтай холбоотой суурь мэдээлэл цуглуулсан. Хоол шим тэжээл судлалын хүрээлэнтэй хамтран 1100 гаруй ажилтны биеийн бүтцийн судалгаа хийж, хүн бүр эрүүл мэндийнхээ талаарх бодит мэдээлэл авах боломж бүрдүүлсэн.

Үүний дараа уурхайчдын хоолны сонголтод өөрчлөлт хийж, эрүүл хооллолтын сонголтыг нэвтрүүлсэн. Энэ бүхнээс би нэг зүйлийг их тод ойлгосон. Бодит дата дээр үндэслэж шийдвэр гаргавал ажилтны амьдралд бодит өөрчлөлт авчирдаг юм байна.

Мөн төрийн өмчит компаниудаас анх удаа 2018, 2019 оны үйл ажиллагааны тайланг олон улсын жишиг загвараар боловсруулсан. Үүнийг “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” олон улсын байгууллага сайшааж байсан нь бидний хамтын ажлын үнэлгээ болсон.

-Та ажилтнуудын сэтгэлгээний өөрчлөлт дээр бас онцгой анхаарсан байдаг. Энэ талаар?

-Хүн зөвхөн биеийн хүчээр биш, хандлага, сэтгэлгээгээрээ ажилладаг. Тиймээс эрүүл мэндийн асуудалтай зэрэгцүүлээд ажилтнуудынхаа хандлага, соёлыг өөрчлөхийг чухалчилсан.

Энэ хүрээнд “1100 санаа – 1100 ажил” хөтөлбөр хэрэгжүүлж, ажилтнуудаа Япон руу суралцах аялалд хамруулж байлаа. Хоёр жилийн хугацаанд сар бүр 20 ажилтан явж, нийт 440 хүн Японы үйлдвэрүүдийн соёл, бүтээмжийн менежменттэй танилцсан.

Энэ бол аялал биш, суралцах хөтөлбөр байсан. Явсан хүн бүр хариуцлагын гэрээтэй, эргэж ирээд үзсэн харснаа ажлын байран дээрээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингээд хүмүүс эмх цэгц, цагийн менежмент, жижиг сайжруулалтын соёлыг өөрийн ажилдаа нутагшуулж эхэлсэн.

Хамгийн үнэ цэнтэй нь энэ өөрчлөлт ажилтнуудын харилцаа, хандлагад нөлөөлсөн. Ажилтнуудаас ирсэн талархал, хүндлэл миний хувьд үнэлж баршгүй сайхан дурсамж хэвээр үлдсэн.

-Өнөөдөр олон нийт уул уурхайг ихэвчлэн байгаль орчинтой холбож хардаг. Харин та хүний хөгжилтэй холбож ярьж байна.

-Тийм ээ. Байгаль орчин бол маш чухал. Гэхдээ уурхай гэдэг хүний амьдрал, хөдөлмөр, гэр бүл, эрүүл мэнд, орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой салбар. Тиймээс энэ салбарыг зөвхөн үйлдвэрлэлээр хэмжихэд хангалтгүй.

Ажил олгогчийн зүгээс аюулгүй, эрүүл орчин бүрдүүлэх үүрэгтэй. Ажилтны хувьд ч аюулгүй ажиллах дадал, хариуцлага, хамтын соёл чухал. Энэ хоёр нийлж байж жинхэнэ үр дүн гардаг. Өнөөдөр дэлхий нийтээр ярьж буй хариуцлагатай уурхай, хариуцлагатай бизнес гэдэг ойлголт ч яг үүнийг л хэлж байна.

 

“УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮД ҮРГЭЛЖ БАЙСАН. ХАРИН ТЭДНИЙ ТҮҮХ Л ХААНА БАЙНА БЭ?”

-Та уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн түүхийг судалж, ном бүтээсэн. Яагаад энэ ажлыг эхлүүлэх болов?

-Би Багануурын уурхайн дунд үеийн төлөөлөл болж ажилд орсон хүн. Намайг удирдлагын түвшинд ажиллаж байхад бидний өмнөх үеийн уурхайчид өндөр насны тэтгэвэртээ гарч эхэлж байсан. Тэр хүмүүсийг хараад “Ингээд л амьдрал нь өнгөрөх үү, тэдний түүх хаана үлдэх вэ, хэн бичих вэ” гэж бодогдсон.

Хүний түүх гэдэг байгууллагын түүх. Байгууллагын түүх нь нийгмийн түүх болдог. Ялангуяа уул уурхайг хүмүүс дан эрчүүдийн салбар мэт төсөөлдөг ч үнэндээ энд эмэгтэйчүүд үргэлж байсан. Харин тэдний хөдөлмөр, тэдний замнал төдийлөн бичигдэж үлдээгүй.

Тиймээс энэ салбарт ажиллаж байсан, ажиллаж буй эмэгтэйчүүдийн түүхийг эмхэтгэх санаа төрсөн. Зохиолч Улбарын Ч.Бат-Уянгад санал тавьж, өмнөх бүтээлүүдийнх нь арга барилд тулгуурлан хамтран ажилласан. Бид 1000 гаруй хүний мэдээлэл цуглуулж, тэндээсээ 50 эмэгтэйн түүхийг шигшин “Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” номыг бүтээсэн.

Энэ номд уурхайчин, инженер, геологич, салбарын сэтгүүлч гээд олон өөр мэргэжлийн эмэгтэйчүүдийн замнал бий. Жишээлбэл, Шарын голын тэсэлгээчин Д.Нарантуяа эгч Монгол Улсын гавьяат уурхайчин болж, уул уурхайн салбарын анхны эмэгтэй гавьяат болсон. Гэтэл энэ түүхийг олон хүн төдийлөн мэддэггүй. Тиймээс энэ ном бол зөвхөн намтар түүвэр биш. Салбарын түүхийн орхигдсон хэсгийг нөхөж бичсэн ажил болсон гэж боддог.

- “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-г байгуулсан талаар?

-Тийм ээ. Уул уурхайн салбарт эмэгтэйчүүд нэгдэж, мэдлэг туршлагаа холбосон мэргэжлийн холбоо хэрэгтэй гэсэн санаа олон жил яригдаж байсан. Харин 2020 онд бид энэ санааг бодит ажил болгож, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ыг үүсгэн байгуулсан.

Манай холбооны зорилго бол салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд мэдлэг, туршлагаа ашиглан уул уурхайн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх. Өнгөрсөн хугацаанд бид хэвшмэл ойлголтыг бага багаар эвдэж, олон улсын байгууллага, доноруудтай хамтран салбарын хүний эрх, жендэрийн асуудлыг бодит түвшинд хөндөж ирлээ. Тухайлбал, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг салбартаа хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, төрийн өмчит нэгэн компанид анх удаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажилд оролцсон. Энэ бол маш чухал эхлэл байсан.

-Таны яриаг сонсоход та зөвхөн “эмэгтэйчүүдийн эрх” гэж биш, илүү өргөн хүрээнд асуудлыг хардаг юм байна.

-Тийм. Биднийг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн тухай ярьдаг байгууллага гэж ойлгож болохгүй. Хүн өөрөө хамгийн үнэт баялаг. Тиймээс хүний эрхийг хүндэтгэнэ гэдэг бол бизнесийн бүх үйл ажиллагаанд шингэсэн байх ёстой ёс зүйн стандарт юм. Манай зөвлөхүүд зөвхөн салбарын эмэгтэйчүүдтэй биш, уул уурхайн нөлөөлөлд өртсөн малчид, орон нутгийн иргэдтэй ч ажилладаг. Тэдний ойлголт, оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх нь бас л хүний эрхийн асуудал.

Нөгөө талаас бид охид, хүүхдүүдэд уул уурхайн салбарт 50 гаруй төрлийн мэргэжил байдгийг ойлгуулах чиглэлээр НҮБХХ-тэй хамтран ажиллаж байна. Инженер, геологич, байгаль орчны мэргэжилтэн, эдийн засагч, хүний нөөц, үйлчилгээний ажилтан гээд энэ салбар маш өргөн. Өөрөөр хэлбэл, мэргэжил хүйсгүй.

 

“МАНАЙ СУРГАЛТЫН ЭХЛЭЛ НЬ ‘БИ ХЭН БЭ’ ГЭСЭН АСУУЛТ”

 

-Тантай ярилцахаас өмнө судалгаа хийхэд жендэр, хүний эрхийн чиглэлээр олон ажил хийжээ. Та олон нийтийн ажилд илүү татагддаг хүн үү?

-Миний хувьд Багануурын уурхайд ажиллаж байхдаа хүмүүсийн амьдралтай ойр ажилласан туршлага дараагийн сонголтуудад их нөлөөлсөн. Дараа нь олон улсын мэдлэг, туршлагаас суралцаад, түүнийгээ салбартаа нутагшуулахыг зорьсон.

“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-ндоо бид салбарын хүний эрх, жендэрийн сургалтын модуль боловсруулсан. Үүнийг зөвхөн хуулийн нэр томьёогоор биш, хүний зан үйл, ажлын орчин, байгууллагын соёлтой уялдуулан хийсэн. Манай багт төрийн өмчит компанийн туршлагатай хүмүүс ч бий, шинэ үеийн уурхайн бүтээн байгуулалт, олон улсын стандарт нэвтрүүлсэн туршлагатай хүмүүс ч бий. Менежмент, антропологи зэрэг олон чиглэлийн экспертүүдийн мэдлэг дээр тулгуурласан.

Иймээс манай сургалтын эхлэл нь “Би хэн бэ” гэсэн асуулт байдаг. Хүн өөрийгөө ойлгоогүй бол бусдыг ойлгох, хамтын үнэт зүйл бүтээх, шударга харилцаа төлөвшүүлэхэд амаргүй. Тиймээс өөрөөсөө эхэлсэн ойлголт л ажлын байран дахь харилцаа, улмаар байгууллагын соёлыг өөрчилдөг гэж боддог.

-Сүүлийн үед хүмүүс чуулган, хэлэлцүүлэг үр дүнгүй гэж их шүүмжилдэг. Танай холбоо энэ тал дээр ямар байр суурьтай вэ?

-Чуулган өөрөө зорилго биш, харин платформ. Өөр өөр талуудыг нэг ширээнд суулгаж, ойлголцуулах, асуудлаа нэрлэж ярилцах, гарц хайх боломж олгодог талбар юм.

Мэдээж, зөвхөн сүр дуулиан, нэр хүндийн арга хэмжээ байж болохгүй. Бид ч үүнд нээлттэй биш. “Хэн нэгний фон” болохын төлөө арга хэмжээ зохион байгуулах нь утгагүй. Хамгийн чухал нь ямар хэрэгцээнээс үүдэж байна, хэнд хэрэгтэй вэ, ямар үр дүн гаргах вэ гэдгийг нягталж байж хийх ёстой. Төрийн бус байгууллага гэдэг бол бүхнийг өөрөө шийддэг бүтэц биш, харин асуудлыг хөдөлгөж, талуудыг холбож, шийдэл рүү чиглүүлэх хөшүүрэг юм.

 

“ЭМЭГТЭЙЧҮҮД ЗӨВХӨН ОРОЛЦОГЧ БИШ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЭЗЭД БАЙЖ ЧАДНА”

 

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Бид энэ салбарын зовлон жаргал, мэдлэг туршлага дээрээ нэгдэж эхлүүлсэн ажлаа улам тэлэхийг хүсдэг. “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-гоороо дамжуулан илүү олон хүнийг холбож, илүү олон сайн туршлагыг түгээж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нь бидний зорилго.

Миний итгэдэг нэг зүйл бий. Эмэгтэйчүүд зөвхөн оролцогч биш, өөрчлөлтийн эзэд байж чадна. Уул уурхайн салбарт ч, орон нутгийн хөгжилд ч, байгууллагын соёлд ч хүнээ төвд нь тавьсан хандлага л тогтвортой ирээдүйг бүтээнэ.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөв. Ангийн дарга явсан, айлын ууган охин, өнөөдөр “Одонтой ээж” болсон О.Туяа инээмсэглэн “Тосгоны хүүхэд, хөдөөгийн хүүхэд хоёрын амьдрал асар ялгаатай шүү” хэмээн хуучилсан юм. Харин түүний ярианаас нэг зүйл тод үлдсэн нь уул уурхай гэдэг зөвхөн нүүрс, хүдэр, ашиг орлогын тухай биш, хүнээ хэрхэн бүтээж, хэрхэн хүндэлж байгааг хэмжих том шалгуур юм байна гэсэн бодол байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn