Бадамдоржийн ГАНЧИМЭГ
Миний насны зааг хязгааргүй “найз” -уудын нэг Рагчаагийн Буянжаргал гэж хүн бий. Уншдаг хүмүүс мэдэх байх. Уг нь эдийн засагч, Шинжлэх ухааны академийн ОУ-ын судлалын хүрэлэнгийн профессор хүн. Хотын номын санд л байнга сууж байдаг, хос жийнстэй голдуу алхаж явдаг, хэдэр хэгжүүн зантай, нүдээрээ инээмсэглэн тасралтгүй элдвийг судалж, мэдлэг цуглуулж явдаг, түүнийгээ бичиж түгээн харамгүй хуваалцах дуртай, жирэлзсэн хөдөлгөөнтэй хижээл эр бий. Би ажлаасаа болоод бүх насныхантай харьцаж явдаг. Тэдэн дотор егзөр эрчүүд бишгүй.
Open door сонинд маань тэдгээр олон егзөрүүд бичдэг байлаа. Бид тэдэнд индэр нь болдог байсан юм. Өдөр тутмын сонинууд бол олон материал багтааж шингээхэд хэцүү, цаг хугацаанд баригдана. Зарим редакторууд ахмад үеийнхнийг хэрэгцээгүй болсон эгнээ ч гэж үзнэ. Тийм болохоор бид шигшмэл хэдийн нийтлэл, орчуулгууд, эрдэм шинжилгээний өгүүллүүд гээд бүгдийг нь аль болох нийтлэнэ. Тэд өөрийн уншигчидтай шүү гэж манай Хайнжамцын Бүрэнтогтох айлдана. Өгүүллүүд нь ч үнэхээр мөлжүүртэй. Редакциар маань овгорууд ирнэ. Их Ч.Эрдэнэ, Б.Бааст, Ц.Балхаажав гуай гээд л бүгд манайд бичдэг байлаа.
Тэдний нэг нь манай Р.Буянжаргал гуай. Тэрбээр асар хурдтайгаас гадна, туйлын сийрэг, бүх юманд нямбай чамбай хүн. Мэдээж манай хүний үг ч хэцүү.
Дэлхийн тэр аяараа даяршиж байна. Ер нь дэлхийн даяршлын "ай асдадал тийм ч алс хол, цоо шинэ ухагдахуун биш юм. Соёл иргэншил үүссэн цагаас хойш хөгжин цэцэглэсээр л ирсэн...
Наян нас бол үл ширгэх нэн ундармал булаг юм...гэх мэт. Угаасаа өөрийг нь наятай гэж хэлэхээргүй цэмбэгэр амьтан. Түүний хувьд энэ хорвоо бол учиргүй алмайрмаар шинэ юмгүй орчлон гэмээр. Түүн шиг хүний өмнө өвдсөн тухайгаа, мартчихжээ гэх мэт үгс унагаж болохгүй. Урдаас зүгээр л ичээнэ.
Байнга тэмдэглэл хөтлөх, өдөр бүр бичиж байхын чухлыг зөвлөнө. Өөрөө яг энэ зарчмаар амьдарсан. Тэр бас “301-365 хоног” гэж ном бичсэн юм. Өдөр бүр хийдэг тэмдэглэл, олж уншсан сонин содон зүйлсээрээ хийсэн. Харахад амархан бүтэцтэй санагдавч хүнд маш их хэрэгтэй энэ дадал өөрөө юу болохыг, багтаамжийн хувьд хүмүүст юу өгч байгааг тооцвол сонирхолтой эд байлгүй яахав.
Р.Буянжаргал гуай “Олон Улсын санхүүгийн корпораци”, “ Татварын сан бүрдүүлэх, хуваарилах үндсэн зарчим”, “Монгол Улсын анхны аж үйлдвэрийн комбинат “ Адам Смитийн төгс санаанууд, Арьс ширний үйлдвэрүүдийн нягтлан бодогчдын төлөөлөл”, “ Миний удам, нутгийн буянтай буурлууд” гээд үй олон бүтээл бичсэн, “ үйлдвэржилтийн бодлого, нано технологи бол түүний үндсэн сэдвүүд байдаг. Бас танин мэдэхүйн өгүүллүүд их бичнэ. Өөрөө байнга эрэл хайгуул хийж, мэдлэгээ тэлж, түүнийгээ бичиж бусдад хүргэнэ.
Ерөөс түүний үеийн сэхээтнүүдийн ерөнхий дадал, өргөн мэдлэг, тэр дундаас унших бичих чадвар нь гайхалтай. Эдийн засагчид дотор асар их уншдаг, бас бичиж нийтлэх соёл амьдралынх нь нэг том хэсэг болчихсон улс цөөнгүй таардаг. Р.Буянжаргал гуай тэдний нэг.
Түүний өөр нэг том тал тэр бол маш том судлаач хүн. Гэхдээ нэрнийхээ урд судлаач гээд биччихдэг, жинхэнэдээ юуг ч судалдаггүй, судлана гэдэг өөрөө ямар том ойлголт болохыг ойлгоогүй түгээмлүүдээс өөр. Тэдэнтэй адилтгах боломжгүй.
Судалгааны нэг өгүүллийнх нь доорх ашигласан, судалсан материалуудынх нь жагсаалтыг хараад л тэр хүний ямар нягт нямбай, юманд гүйцэд агуулгаар ханддаг хүн болохыг нь харж болно. ШУА-ийн Судалгааны хүрээлэнгийн профессор, судлаач Р.Буянжаргал гэсэн автор таарвал заавал сонирхон уншдаг болсон маань тэрбээр манай үеийн сэтгүүл зүйн томоохон төлөөллийн нэг Бат-Амгалангийн аав болохоор ч байж магад.
Манай Амгаа өөрөө тун чиг сонирхолтой нөхөр. Нэг удаа түүнээс сэтгүүлч таны номын санд байдаг хамгийн үнэ цэнтэй ном тань ямар ном байдаг вэ гэж асуусан байсан.
Тэр асуултанд Б.Бат-Амгалан “Тавдугаар ангид байхдаа Дөчин мянгатад аавыгаа дагаж авга ахынд нь ирээд байтал “Советский Энциклопедический Словарь” гэж жигтэйхэн том, зузаан ном байв. Тэрийг эргүүлж үзээд “Нэг ийм юмтай болохсон” гэж жигтэйхэн мөрөөдлөө. Хорвоо дэлхийн бүх юм байх юм. Манай Комбинатад 7 дугаар номын дэлгүүр гэж байсан, хэдхэн сарын дараа тэрэн дотор явж байтал өнөө толь маань байж байна. 20 рубль 80 копейкийн үнэтэй, таваар үржүүлдэг байсан юм, тэгэхээр 104 төгрөг. Үнэ нь тийм байхаас ч аргагүй, 80 мянган өгүүлэлтэй, тамхины цаас шиг нимгэхэн байхад л хуудасны тоо нь 1500-гаад. Монголд хувь хүн худалдан авч болох хамгийн том нэвтэрхий толь. Эргүүлж тойруулж үзэж үзэж гэртээ хариад, аавдаа халгаж халгаж хэллээ. Тэр үед 104 төгрөгөөр ном авна гэдэг бол санаанд багташгүй юм. Аав маань намайг дагуулж гараад, шууд аваад өгчихөж билээ. Өдийг хүртэл тийм үнэтэй ном байтугай эд авч үзсэнгүй. Одоо хүнд ярихдаа “Миний амьдралд тохиолдсон хамгийн баяртай гурван үйл явдал гэвэл нэг нь энэ” гэдэг юм. Угаасаа мөн юм. Тэр толийг дэргэдээс салгалгүй мөн ч олон жил ноолсон доо. Хамгийн нандин дурсгалтай ном гэвэл энэ л байна” гэж хариулсан байсан.
Р.Буянжаргал гуай бас ийм сонирхолтой аав юм билээ. Түүний төрсөн нутаг нь Завхан. Харин өссөн нутаг нь Говь- Алтай.
Уулын эрчүүдэд түгээмэл байдаг салхитай, нэг тийм өөр зан араншин түүнд ч бас байх. Дургүй нь хүрвэл ширүүн үгээр гамгүй хэлж орхино. Гэхдээ тэр аашаа өөрийнхөө тоох хүнд л гаргана.
Залуу атлаа үжигэрсэн дотортой өөдгүй сэтгүүлч бол гялс манас мөхөж дуусна. Өтөл атлаа гэрэл гэгээтэй, хөдөлмөрч, сайн нэгэн зөвхөн үхэж л дуусна... гэж сайн муу хоёрын төгсгөлийн утга агуулгын талаар хэлж байх жишээтэй.
Р.Буянжаргал гуай бас ахуйн ч, бусад талаар ч их нарийн зөвөлгөө өгдөг. Тараг уу, тэмдэглэл хөтөл, алх гэх мэт… Өөрөө маш их алхана. Тийм болоод ч эрүүл чийрэг гялалзаж явдаг биз.
Тэрбээр МУИС-ыг 1966- онд төгсөөд л тэр үеийн Аж Үйлдвэрийн яаманд хувиарлагдаж байсан гэдэг. Шууд яаманд хуваарилдаж байхыг бодоход та шаггүй оюутан байжээ гэж өдөхөд инээвхийлэхээс өөрөөр хариулахгүй.
- Таны нэг дүү Ч.Магванжав гэж хүн Ю.Цэдэнбал даргын комессараар ажиллаж байсан гэдэг. Тэр хүний талаар ер сонсоогүй байх юм. Бал даргын тухай ховор сонин юм ярьдаг байсан байх даа... гэж шалгаахад “тийм” гэхээс өөр үг унагахгүй. Цаг үеэс үлдсэн шархнаасаа болдог биз. Эдний удамд эрдэм чадалтай том лам нар ч байсан, төрийн хар хүмүүс ч байсан. Энэ их урт амьдралд юу эсийг үзэх билээ. Удам гарвалаа зургаан үеэр судалж тогтоон ном болгож баринтагласан нь Р.Буянжаргал гуайн л хийх чамбай ажил байж таарна.
Түүний өөр нэг том чанар тэр ямар ч цаг үеийг буруутгадаггүй. Ай социализмд бид бүх юмтай байсан. Муусайн ардчиллынхан л бусниулаад хаячихсан гэх үгсийг түүний үеийнхэн амнаасаа харамгүй унагаж харагддаг. Мөн өнөөдөртөө жигтэйхэн сэтгэл дундуур авир үзүүлдэг. Харин мань хүн тэднээс тэс өөр. Тэр хүчтэй хүн болохоор цаг үед зүүгдэх биш, цаг үед зохицож, өөрийнхөөрөө эрхшээж амьдардаг. Түүнийг хүмүүс шиг гуниг харуусал дүүрэн өнгөрснийг ярьдаггүй хүн болохыг би ингэж анзаарсан. Энэ бол түүнээс олж харсан хамгийн сонирхолтой зан чанаруудын нэг байв.
Буянжаргал гуайн аав Ринчин эрэмгий хүн байж. Омголон дураараа тэр эр адууны дэлэн дээр салхитай ханьсан дэрвэж амьдарсан аж. Харин ээж нь ухаалаг, ажилсаг, жинхэнэ монгол эх хүн байжээ.
Аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэр, ХХҮЯ-ны Тайлан бүртгэлийн хэлтэст хүнсний үйлдвэр хариуцсан эдийн засагч, ХХҮЯ-ны Эрдэм Шинжилгээ, Зураг төслийн институтэд удирдлагын автоматжууллын системийн эрдэм шинжилгээний ажилтан, дарга, эрхлэгч гээд дан мэргэжлийнхээ хүрээнд ажиллаж ирсэн цэмцгэр түүх түүнийх.
Сүүлийн гучны турш тэр үйлдвэржилтийн бодлого хэрхэн алдагдсан, түүнийг яаж сэргээх талаар уйгагүй бичсэн. Энэ сэдэв бол эх орондоо хайртай, жинхэнэ эх оронч ийм хүмүүсийн мөрөөдөл.
Р.Буянжаргал гуай гэж ийм нэг сонирхолтой эрхэм байдаг юм. Ая зан таарч, авир ааш нийлж, тохироо бүрдвэл нэг сайхан ярилцахыг хүсч явдаг хүмүүсийн маань нэг дээ. Монгол үнэндээ ийм сэхээтнүүдийнхээ нуруун дээр өндийсөн юм билээ...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)